20-р зууны Монголын хөгжлийн гайхамшиг

Монголын ард түмэн социализмын үеийг ор тас мартах учиргүй. Бид тэр үеийн бүтээн байгуулалт, ажил хөдөлмөр, өөрсдийн хийж бүтээсэн тэр бүхнээ дурсан санаж мэдэж байх ёстой. Мухар сүсэг, хоцрогдол, замбараагүйтлээр дүүрсэн Монголыг мэдлэг боловсрол, ёс суртахуун, эмх цэгцтэй болгосон нийгэм бол яах аргагүй соц-нийгэм. Түвдээс өөр гадаад хөршгүй орныг НҮБ-д элсүүлсэн, нэрээ ч бичиж чадахгүй байсан Монголчууд бид социализмийн үед 100% бичиг үсэг тайлагдсан, элдэв өвчинд дарлуулсан ард түмнийг эмнэлэгтэй эрүүл биетэй болгосон, хүмүүжил ухамсарын доройтлыг ёс суртахууны, сахилга батын хүмүүжилтэй болсон юм.

Монголчууд өнөөдөр дээд боловсролтой худалдагч, дипломтой цагаач, бэлчээргүй малчин, бэртэгчин улс төрчдөөр  дүүрчээ. Гудамжныхан, орон гэргүйчүүд, траншейныхан, өвгөнтийн хөндийнхэн, гооночид, ядуучууд, гэр хорооллынхон гэх мэт нэр томъёо сүүлийн 20 жилийн хугацаанд үүсжээ. Социализмийн үед бий болоод байсан сэхээтний, хөдөлмөрчний, ажилчны давхарга тэр чигээрээ байхгүй болжээ. Холыг харсан хот төлөвлөлт, цэвэр агаартай нийслэл хот, цэнгэг устай хүрээлэн буй орчин өнөөдөр юу болсныг та мэдэж байгаа.

Тун ойрын түүх болох социализмийн бүтээн байгуулалттай танилцъя. Монгол оронд 70 жилийн турш өрнөсөн бүтээн байгуулалтын баримт: 

1. Улаанбаатар хот-1934 онд ЗХУ-ын тусламжтайгаар Улаанбаатар хотод аж үйлдвэрийн комбинатыг барьж ашиглалтанд оруулсан. Цахилгаан станцууд, цэмбэний фабрик, Авто засварын газар, оёдлын үйлдвэр, дулааны цахилгаан станц, 1930 аад оны үед шохой, тоосго, мод боловсруулах заводууд, 1936 онд эсгий, эсгий гутлын фабрик, 1925 онд Монгол улсын тээврийн анхны байгууллага “Монгол тээх”, Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар транс”, Махкомбинат, Ноос угаах үйлдвэр, Улаанбаатар төмөр зам , Улаанбаатарын өндөр хүчдэлийн шугам, сүүний завод, Улаанбаатарын гурилын комбинат, телевизийн төв, авто засварын завод, архи пивоны үйлдвэр, шувууны фабрик, ноосон нэхмэлийн үйлдвэр, хүнсний үйлдвэрүүд, зэрэг олон арван барилга байгууламжийг байгуулж мөн ЕБ-ын сургуулиуд, хүүхдийн цэцэрлэг ясли, драмын театр, соёлын ордон, авто засвар, төмөр бетон, байшин үйлдвэрлэх, ноосон нэхмэл, савхин эдлэл, хивс мах гурилын үйлдвэрүүд, дуурийн театр, модны үйлдвэр, нэгдсэн эмнэлэг, больницууд, мебелийн үйлдвэр, олон арван үйлчилгээний газрууд бий болжээ.

2. Эрдэнэт хот-Эрдэнэт хот бол жинхэнэ аж үйлдвэрийн хот бөгөөд түүний бүрэлдэхүүнд: Эрдэнэтийн уулын баяжуулах комбинат нь зэс молибдений хүдрийн ил уурхай, баяжуулах фабрик, ус татуургын хүчирхэг систем, эргэлтийн усны аж ахуй, дулааны станц, технологийн ба аж ахуйн тээврийн авто аж ахуй, Салхит-Эрдэнэтийн төмөр зам, Дархан-Эрдэнэтийн автомашины засмал зам, улсын хилээс Эрдэнэт хүртэл тавьсан цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам, Сэлэнгэ мөрнөөс Эрдэнэт тийш татсан ус дамжуулах хоолой, 24 томоохон объектоос бүрдсэн барилгын үйлдвэрлэлийн бааз, дулааны төв станц, металл хайлуулах цутгуурын цех бүхий засвар механикийн завод, материал-техникийн хангамжийн газар, орчин үеийн орон сууцны шинэ шинэ хорооллууд, соёл-үйлчилгээний болон туслах чанарын бусад барилга байгууламжууд, мод боловсруулах үйлдвэр, сүү, ногооны сангийн аж ахуй, автобааз, үйлчилгээний төв, барилгын үйлдвэр конторууд, бэлтгэлийн трест, сургалтын төвүүд, ЕБ-ын арваад сургууль, хүүхдийн цэцэрлэгүүд, ясли, соёлын ордон, барилгачид болон уурхайчдын 10 гаруй клубууд бий болсон юм.

3. Дархан хот-Дарханы сангийн аж ахуй, Угсармал төмөр бетон, асфальт бетон, модон бүтээц, зүсмэл модон метал, хүчилтөрөгч, ацетон гаргах, түүнчлэн үйлдвэрийн уураар хангах зэрэг барилгын гол бүтээгдэхүүн нийлүүлэх бүрэн механикжсан 10 гаруй үйлдвэр тасагтай аж үйлдвэрийн томоохон комбинат ашиглалтанд орсон. Жилдээ 1 сая гаруй тн нүүрс гаргах Шарын голын нүүрсний уурхай, 100 мянга гаруй кВт чадалтай дулааны цахилгаан станц, жилд 200 мянган тн цемент боловсруулах чадалтай чулуу бутлах, шатаах,  тээрэмдэх зэрэг 30 гаруй дамжлагатай цементийн завод, тоосго шохойн үйлдвэр, нэг ээлжиндээ 50 тн мах боловсруулах 10 гаруй цех тасагтай махкомбинат, жилд 700 мянган хонины арьс боловсруулж нэхий эдлэл хийх хүчин чадалтай нэхий эдлэлийн үйлдвэр, хоногт 19 тн гурилан бүтээгдэхүүн, 20 тн сүү, сүүн бүтээгдэхүүн хийх, талх сүүний завод, улсын хэмжээгэр бүх чихрийн 90%-ийг үйлдвэрлэх чихрийн үйлдвэр, авто болон нефть баазууд, Дархан Сэлэнгэ аймгийг хангах материал техникийн хангамжийн удирдах газар, цахилгаан шугам сүлжээний газар, геологи хайгуулийн экспидец, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, эмнэлэг, урлаг соёлын олон арван газрууд бүтээн байгуулалтаар бий болсон

4. Багануур-Жилдээ 6 сая тн нүүрс олборлох Багануурын нүүрсний уурхай, аж ахуй үйлчилгээний комбинат, тээврийн тоног төхөөрөмжийн засварын иж бүрэн блок цех, дулаалгатай автомашины битүү ба задгай зогсоол, хотыг дулаанаар хангах дулааны цахилгаан станц, орон сууцны хороолол, мод бэлтгэх аж ахуй, авто тээврийн бааз, арван жилийн сургуулиуд, ясли цэцэрлэгийн комбинат,хүүхдийн зуны лагерь, нэгдсэн больниц, соёлын ордон бий болсон.

5. Бор-Өндөр- Бөр-Өндөрийн хайгуул-ашиглалтын үйлдвэрийн цогцолбор, хайлуур жоншны хайгуулын далд уурхай, газар дээрх уурхайн барилга байгууламж, дизелийн цахилгаан станц, орчин үеийн орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг ясли, соёл ахуйн зориулалттай бүтээн байгуулалтууд бий болжээ.

6. Шарын гол- Жилдээ 1-1.2 сая тн нүүрс олборлох хүчин чадалтай шарын голын нүүрсний уурхай, мод бэлтгэлийн аж ахуй засварын газар, ахуйн үйлчилгээний комбинат, кино театр, соёлын ордон, эмнэлэг мөн үйлчилгээний олон газрууд сүндэрлэн босжээ.         

7. Налайх-Налайхын нүүрсний уурхай, шохойн завод, шилний үйлдвэр, эрчим хүчний салбар, ахуйн үйлчилгээний комбинат, барилгын трест, оёдлын үйлдвэр, авто тээврийн бааз, телевизийн дамжуулах станц, ЕБ-ын бага дунд таван сургууль, хүүхдийн арваад ясли цэцэрлэг, геологи уул уурхайн ТМС болон уурхайчдын амралт сувиллын газар, соёлын ордон, ардын театр, кино театр, номын сан, нэгдсэн больниц бий болжээ.

8. Чойбалсан хот- 1941 онд Чойбалсан хот хэмээх нэрийг авчээ. Чойбалсан хотын бүтээн байгуулалт: Адуунчулууны нүүрсний уурхай, дулааны цахилгаан станц, барилга үйлдвэрийн бааз, ноос угаах үйлдвэр болон орон сууц, соёл ахуй, эмнэлэг үйлчилгээний олон барилга байгууламж, царууцтоосгоны завод, авто засвар үйлчилгээний станц, хивсний үйлдвэр, нэхмэлийн фабрик, соёл-ахуйн үйлилгээний газар, сургууль, хүүхдийн цэцэрлэг, ясли, орон сууцны хороололууд бий болжээ.

9. Мөн бусад аймгийн төвүүд дээр бий болсон энэ мэт асар их бүтээн байгуулалт бий. 30 мянган худаг барьж, тариалангийн нийт эргэлтийн талбай 1 сая га-д хүрч жилд дунджаар 23 сая пүү тариа, 51 мянган тн төмс, 23 мянган тн хүнсний ногоо хурааж, 23 мянган трактор, 2.5 мянган комбайн, 50-иад сангийн аж ахуй \одоогийнхоор бол сангийн аж ахуй нь бараг нэг сумтай тэнцэнэ\ байсан. Сангийн аж ахуйг дагаж сургууль, цэцэрлэг, ясли, эмнэлэг, дэлгүүр, клуб, гуанз, зочид буудал, номын сан, халуун ус, ахуйн үйлчилгээ, холбооны салбар, зэрэг соёл ахуйн бусад газруудтай иж бүрэн суурингууд бий болжээ.

Энд дурдагдаагүй зөндөө их бүтээн байгуулалт байгаа харин энэ хүрээд өндөрлье. Өнөөдөр бид түүхий нүүрсээ урд хөршдөө бэлэглэдэг, арьс шир боловсруулах үйлдвэрээ устгачихсан учраас ямар ч технологи шингээлгүйгээр урд хөршрүү шууд л гаргана, чихрийн үйлдвэр байхгүй учраас гаднаас импортлоно, соёлын төвүүдээ нураагаад, сангийн аж ахуйгаа сүйтгэчихсэн учраас хөдөөгийн сум суурингууд эзгүйтэж хөлтэй болгон л Улаанбаатарыг зорих болсон, цагтаа дотоодын хэрэглээгээ хангаад илүү гарсаныг нь экспортолдог байсан тариа будаа өнөөдөр дотоодын хэрэгцээгээ ч хангаж чадахгүй байна. Тэр үеийн хүмүүсийн ёс суртахуун, урлаг гоо зүйн боловсрол маш өндөр түвшинд байсан гэвч өнөөдөр Монголчуудын ёс суртахуун дэндүү доройтож,  хошин шогоос өөр урлагийг ойлгохоо больж. Эх нутгаа лиценз нэрээр зарсаар байгаад Монгол хүн суурьших газаргүй болох дээрээ тулаад байна. Одоогийн Израйль улс Палестен улсын газар нутгийг лиценз нэрийн дор худалдаж авсаар байгаад сүүлдээ Палестинчуудыг эх нутгаас нь хөөсөн гашуун сургамж дэлхийн түүхэнд байдгийг санах хэрэгтэй.  

Шашинд идэгдсэн, мухар сүсэгт автсан орон яаж бүтээн байгуулалтаар орчин үеийн улс орон болдогийг бид харуулсан. 1949 онд БНХАУ байгуулагдаж аж үйлдвэржүүлэх аян өрнөж эхлэх үед тухайн үеийн БНМАУ-д аж үйлдвэржүүлэх аян өрнөөд даруй 20 жил болж байсан. Монголчууд бид урд хөршөөсөө 20 жилээр түрүүлж аж үйлдвэржиж чадсан ч бүтээсэн байгуулсан бүхнээ устгаад дуусчээ. 

Соёлын хувьсгалын үеийн 10 жилийн мэдлэгийн хоцрогдлоо арилгах гэж Хятадын төр засаг 30 жилийг зарцуулж, эцэст нь гадаадад боловсрол эзэмшсэн шинэ үеийнхэн үсрэнгүй хөгжилтэй Хятадыг босгожээ. Харин Монголд мэдлэгийн хоцрогдлыг хэдэн жилийн дотор яаж арилгах вэ?