Ямаан усны хавцал

Ховд аймгийн Үенч, Алтайн сумын заагт байх  Ямаан усны хавцал аймгийн есөн гайхамшигийн нэг төдий бус монголын археологийн үнэт олдворыг агуулж буй газар.
 Анх 1973 онд  Ховд,  Говь-Алтай аймагт ажилласан бичиг үсэг, хадны зураг судлах анги Ямаан-Усны хавцал дахь Ханан хаднаас түрэг бичээс илрүүлжээ. Монголын нутагт 22  газарт түрэг бичээс байгаагын нэг нь энд байх.
Энэхүү хавцал нь хоёр талаасаа эгц хадан ханаар хашигдсан. Дундуур нь горхи урсдаг. Харин уг горхиноос янгир, ямаа ундаалдаг учраас Ямаан ус гэж нэрлэх болжээ. 10 орчим метрийн өндөр ханан хаданд түүхийн өөр өөр үед холбогдох зургуудыг нэлээд гүн хонхойлон сийлсэн нь 100 гаруй метрийн холоос маш тод харагдана. Ямаан-Усны хадны зургийг нийтдээ 4 хэсэг талбайд зуржээ.
Ямаан-Усны хадны зураг нь зохиомж, харьцаа, хэллэг  гүйцэтгэлээрээ Монголын хүрлийн үед холбогдох хадны  зургуудын дотор чухал байр эзэлнэ.

 Хавцлын хананд янгир, буга, зээр, бөхөн, чоно зэрэг амьтад, найман хигээс бүхий дугуйтай морин тэргэнд суусан хүн, нум сум агссан анчид, нум сум харваж байгаа хүний араас сүх далайн цохих гэж буй дайн тулааны шинжтэй дүрслэл зургууд байдаг байна. Энэхүү зурагнаас Монгол нутагт язгууртнууд морин тэрэг хэрэглэж байсан гэдгийг нотлох боломж гарчээ. Мөн тэрэгний урд замчилж хөтөлсөн зэвсэгтэй хүн, ард нь морьтой дагасан хүний дүрслэл байгаа тул эрт үеийн язгууртнуудын эрх ямбыг илэрхийлсэн хэмээн үздэг.