Монголд цахилгаан станц үүссэн түүхэн замнал

Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн, гадаад хэргийн тэргүүн сайд Чин ван Ханддорж нар 1912-1914 оны үед Орос улстай найрсаг харьцаа тогтоож таван сая гаруй рублийн өртөгтэй жижиг цахилгаан станцыг зээлээр авсан гэдэг. Тэрхүү станц нь Богдын өргөө болон Засгийн газрын алба, орон сууцны гэр, байшинг цахилгаан гэрлээр хангадаг болсноор Монголд анх удаа цахилгаан эрчим хүч нэвтэрчээ.
Улмаар 1924 онд Ардын засгийн газраас “Цахилгаан гэрэл хэрэглэгчдийн дүрэм”-ийг баталж, хоёр жилийн дараа хоёр дахь станцаа шинээр барин, хэрэглэгчдийн гол шугамуудыг тусгай салгууртай болгох, цахилгааны хэрэглээг тоолуураар тооцох ажлыг шат дараалан хийж эхэлсэн боловч станцууд тус тусдаа ажиллаж байсан тул хараахан сүлжээ үүсгэх боломжгүй л байв.
Харин 1930 онд Дундголын эрэг дээр 500 килоВольтын чадалтай цахилгаан станцыг герман инженерүүдээр удирдуулан барьж, цахилгаан гаргагч машин хоёр ширхэгийг угсран тавьснаар 1932 оны хоёрдугаар сард Дундголын чийдэнгийн хороо нэртэй, 40 километрийн урттай цахилгаан дамжуулах агаарын шугам бүхий цахилгаан шугам сүлжээний эхлэл тавигдсан юм.

Түүхэн замнал:

1912– 1914. Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан О.Намнансүрэн, гадаад хэргийн тэргүүн сайд Чин ван Ханддорж нар тэр үеийн хаант Орос улстай найрсаг харилцаа тогтоож, улмаар тусламж гуйн 5 сая гаруй рублийн зээл авахдаа уул хөрөнгөнд багтааж жижиг цахилгаан станцыг авчээ.

1914. Богд хааны өргөө болон Засгийн газрын алба, орон сууцны гэр байшинд цахилгаан гэрлийг хэрэглэх болов.

1924. Дөрөвдүгээр сард Ардын засгийн газраас “Цахилгаан гэрэл хэрэглэгчдийн дүрэм”-ийг баталлаа.

1926. Хоёр дахь станцаа шинээр барив.

1927. Гудамжинд цахилгаан гэрэл тавих, станцаас хэрэглэгчдийн гол шугамуудыг тусгай салгууртай болгох, цахилгааны хэрэглээг тоолуураар тооцох зэрэг ажлууд хийгдэж эхлэв. Энэ үед “Цахилгаан гэрлийн хороо”-г тусгайлан байгуулсан боловч жижиг станцууд нь тус тусдаа ажиллаж байсан тул сүлжээ үүсч хараахан чадаагүй байлаа.

1930. Арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын Дундголын эрэг дээр 500 кВт-ын чадалтай гурав дахь цахилгаан станцыг Геринг, Мюллер, Абвер нарын герман инженерүүдээр удирдуулан барьж эхэлжээ.

1931. Германд үйлдвэрлэсэн дөрвөн зуухтай, Англид үйлдвэрлэсэн 60 Гц-ийн үелзэлтэй, чадлын коэффициент нь 0.8, тус бүр 250 кВт-ын чадалтай, гурван фазын 525 В-ын хүчдэлтэй техникийн үзүүлэлт бүхий 2 ширхэг цахилгаан гаргагч машин /генератор/ зэргийг угсран тавьж, ажиллууллаа.

1932. Хоёрдугаар сарын 27-ны өдөр “Дундголын чийдэнгийн хороо” гэсэн нэртэйгээр 40 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамаар “Улаанбаатарын цахилгаан шугам сүлжээ”-ний эхлэл тавигдсан гэж үздэг.

1939. Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Ардын сайд нарын зөвлөлийн хурлаар Аж үйлдвэр, барилгын яамны шууд удирдлаган дор “Тусгай аж ахуйн тооцоо бүхий газар” нэртэйгээр өргөжив.

1965. Тавдугаар сарын 12-ны өдөр Сайд нарын зөвлөлийн 154 дүгээр тогтоолоор Төвийн эрчим хүчний системийн харъяа “Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газар” хэмээн нэрлэгдэв.