Монголд хоршоолол /артель/ үүсч хөгжсөн түүхээс

 Дэлхийн улс орнуудад хоршоо анх 1850-иад оны үеэс үүсэн хөгжиж ирсэн түүхтэй бөгөөд Монгол орны хувьд хоршоолол хөгжсөн 100 жилийн түүхтэй орон юм. Хоршооны тухай мэдээлэл Үндэсний эрх чөлөөний хувьсгалтай зэрэгцэн дэлгэрч ард иргэд хорших үйл явц  өрнөсөөр 1921 онд анхны хоршоо “Ардын харилцан туслалцах хоршоо” нэртэйгээр албан ёсоор бүртгэгдсэн байдаг.   Хоршооллын хөгжил бол социализм байгуулах үйл явц, тэр үеийн төрийн эрх барьж байсан МАХН-ын улс орноо хөгжүүлэх бодлого үйл ажиллагаатай салшгүй холбоотой юм. 1920 онд намын нэрийн өмнөөс Зөвлөлт Орос Улсаас тусламж гуйсан бичигт Гадаад Монгол ардын харилцан туслалцах хоршоо байгуулна гэж заасан байдаг бөгөөд үүний шууд илрэл нь дээр дурдсан Эд хэрэглэгчдийн анхны хоршоо байгуулагдсан явдал юм.
            Монгол орны Хоршооллын байгууллагын талаар ярихын тулд ХАА-н нэгдлийн талаар ярихгүй байж боломгүй юм. Учир нь  хөдөө аж ахуйн нэгдэл нь 1920-иод онд Монголд үүссэн хоршооллын хөдөлгөөний биелэл бөгөөд шинэ маягийн хоршооны үндэс суурь нь байсан юм.
 Ардын хувьсгал ялсны дараа 1930-иад онд ядуу лам нарыг нэгтгэж байгуулсан артель бол агуулгаараа үйлдвэрлэлийн хоршооны анхны эхлэл байсан бөгөөд улмаар 1930-иад оны дунд үеэр Ардын үйлдвэрлэлийн нэгдэл  байгуулагдаж эхэлснээр хоршоолох хөдөлгөөн үргэлжилж 30 шахам жилийн дотор хувийн аж ахуйтнуудыг бүхэлд нь хамарсан байна. Тухайн үеийн нам засгаас хоршоолох үйл явцыг санхүү эдийн засаг, техник техонологи, бараа материалын бүхий л хэлбэрээр дэмжин туслах арга хэмжээг авч, ухуулга сурталчилгааны ажлыг эрчимтэй явуулж, жижиг нэгдлийг томруулах, өөр хооронд нь нэгтгэж зохион байгуулах замаар орон нутгийн засаг захиргааны үндсэн нэгж болох сум бүрт нэг нэгдэлтэй байх бодлогыг явуулсан нь амжилттай хэрэгжсэн юм.
Монголын хөдөөг нэгдэлжүүлэн хоршоолох хөдөлгөөнийг тухайн үеийн улс төрийн эрх баригч хүчин болох МАХН, түүний ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал хошуучлан удирдаж хэрэгжүүлсэн бөгөөд тэрээр хожим бичихдээ “Монгол оронд нэгдэлжих хөдөлгөөн ялсан нь 1921 оны ардын хувьсгалтай эн тэнцэхүйц үйл явдал болсон” хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг.
Хөдөө аж ахуйн нэгдлийг аж ахуйн зохион байгуулалтын талаар бэхжүүлж чадварлаг боловсон хүчнээр хангахад тухайн үеийн нам, төрийн байгууллагууд ихээхэн анхаарал тавьж олон чухал шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлэх үйл явцад нь ихээхэн анхааралтай хандаж байжээ. Ийнхүү хоршооллыг хөгжүүлэх бодлого эрчимтэй явуулснаар эд хэрэглээний, үйлдвэрлэлийн, хөдөө аж ахуйн гэсэн хоршооллын нэгдсэн систем бий болж тогтсон юм. Эдгээр гурван төрлийн хоршооллын байгууллагаас хамрах хүрээ, улс орны нийгэм, эдийн засагт эзлэх байр суурь илүүтэй нь Хөдөө аж ахуйн хоршоолол /нэгдэл/ байсан гэдгийг хүн бүр мэдэх билээ.
Ингээд Хөдөө аж ахуйн нэгдлийн манай улс орны нийгэм эдийн засагт гүйцэтгэсэн үүргийн талаар дүгнэж үзвэл:
1.     Монгол орны хөдөө нутгийн нүүр царайг бүхэлд нь өөрчлөн их бүтээн байгуулалтыг өрнүүлэн соёл, боловсрол, эрүүл мэнд анагаах ухааны салбар хөгжих үндсэн нөхцлийг бүрдүүлж, хүн амаа эрүүлжүүлэх, бүх нийтийн боловсрол олгох ажлыг бүрэн шийдвэрлэсэн. Нэгдэл дээр тулгуурлан Монголын хөдөө нутаг шинэчлэгдэн хүн ардын амьдралд өөрчлөлт дэвшилт гарсан юм.
2.    Нэгдэлжих хөдөлгөөн ялснаар малчдын амьдралд цоо шинэ хувьсгал гарч малчид анх удаа нийгмийн даатгал, нийгмийн халамжид хамрагдаж, амралт, сувилал, эрүүл мэндийн үйлчилгээг төр засгаасаа үнэ төлбөргүй авдаг шинэ систем бий болсон.
3.    Монголын малчин түмний аж байдлыг дундад зууны туйлдсан төрх байдлаас нь шинэ зууны хүн төрөлхтөний өнгө төрхөнд шилжүүлж, нүүдлийн мал аж ахуйг харьцангүй эрчимжсэн хагас суурин байдалтай бэлчээрийн мал аж ахуй болох суурийг тавьж, мал аж ахуйн салбарт урьд өмнө байгаагүй техник техонологийг нэвтрүүлэн, байгаль цаг уурын хүндрэл бэрхшээлийг эрсдэл багатай даван туулах нөхцлийг бүрдүүлсэн
4.    Малыг эрүүлжүүлэх, үүлдэр угсааг сайжруулах, өндөр үр ашигт мал өсгөн үржүүлэхэд ШУ-ны ололтыг нэвтрүүлж эхэлсэн.
5.    МАА-н гаралтай бараа, түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоог бий болгосон гээд дурьдаад байвал Хөдөө аж ахуйн нэгдлийн улс орныхоо хөгжилд оруулсан үүрэг оролцоог үнэлж баршгүй билээ.
Хэдийгээр хөдөө аж ахуйн нэгдлийн улс орны хөгжилд оруулсан үүрэг оролцоо их боловч зарим талаар учир дутагдалтай зүйл байсан юм. Тухайлбал гишүүдийнхээ нийгэмчилсэн хөрөнгийг нэр дээр нь бүртгэж ашиг хүртээж байгаагүй. Нэгдлийн гишүүн нэгдлээс гарахад хувь хөрөнгийг нь өгдөггүй, өв залгамжлуулдаггүй зэрэг гажуудлаас гадна сумын захиргаа, нам, эвлэл, эмэгтэйчүүдийн байгууллагуудын бүх зардлыг нэгдэл хариуцдаг байлаа. Мөн нэгдлийн өмч хөрөнгө хоршооллосон ард иргэдийн дундын өмч бус нийтийн өмч болон хувирч байсан нь жинхэнэ хоршооллын мөн чанарыг алдагдуулж байсан юм.
Хэдий ийм дутагдал байсан боловч 1990-ээд оны эхээр нэгдлийг ямарч бодлогогүйгээр тарааж устгасан нь Монголын түүхэнд тэмдэглэгдэх хар толбо гэж болно. Нэгдэл бол үе үеийн олон зуун мянган гишүүдийн хөлс хүч, хөдөлмөрөөр бүтээн байгуулсан бүхэл бүтэн  цогцолбор байсан. Хөдөөгийн сум бүрт байсан олон арван жижиг дунд үйлдвэрүүдийг устгаж, дадлага туршлагатай олон мянган хүнийг ажилгүй болгосон нь өнөөгийн хөдөөгийн ажилгүйдэл, ядуурлын үндэсийг тавьж, бидний толгойны өвчин болоод байгаа хотын их төвлөрөл утаа униарын асуудлыг үүсгэсэн гэхэд үнэнд нийцэх болов уу. Нэгдэл тарсанаар малчид өөрийн мал сүрэгтэй болсон хэдий ч нийгмийн хамгаалал, даатгал, тэтгэмжийн тогтолцооны гадна хаягдан хоцорсон юм. Нэгдлийг тараах бус шинэчлэн аж ахуй зохион байгуулалтын хувьд өөрчлөн хүчирхэгжүүлэх, зах зээлд өрсөлдөгч болгон хөгжүүлэх учиртай байв.
Нэгдэлжих гэдэг нь олон улсын хэллэгээр хоршоолох үйл явц мөн байсан гэдэгтэй та бүхэн санал нэг байгаа байх аа. Монголын хөдөө аж ахуйн хоршоолол анх малчид иргэдийн сайн дурын үүсгэл санаачлагаар бүрэлдэн буй болж, түүхийн ээдрээ нугачааг даван туулж, төлөвшин хөгжиж хөдөөгийн нийгэм эдийн засгийг улмаар улс орны тогтвортой хөгжлийг хангахад асар их үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой байна.