Монголд Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар үүсч хөгжсөн түүхээс

Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар нь түүхэн хөгжлийнхөө явцад янз бүрийн нэртэй яаманд харъяалагдаж зорилго, чиг үүрэг нь өөрчлөгдөж ирсэн.

1921 оны 7 дугаар сарын 10-ны өдөр болсон Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хорооны хурлын шийдвэрээр "Хүрээний хуучин засгын газрыг таван буулгаж" Ардын түр засгын газрыг өргөтгөн Ардын засгийн газрыг таван яамтайгаар байгуулж Сангийн хамаг хэргийг захирах яаманд Монгол улсын бүх аж ахуйн хэргийг 1924 оныг хүртэл харъяалуулжээ.

Ардын Засгийн тогтоолоор 1923 онд Сангийн яамны харъяанд 2 салбартай Мал эмнэлгийн хэлтэсийг байгуулаад мөн ондоо Мал эмнэлгийн хэрэг эрхлэх газар болгон өргөтгөн халдварт өвчнөөр тайван бус газруудад мал эмнэлгийн 4 тасаг нээж ажиллуулжээ. Энэ үед манай орон даяар үхрийн мялзан, шүлхий, цээж, ямааны годрон, боом зэрэг аюултай халдварт өвчин тус улсын нутгийн гуравны хоёрыг хамарч олон зуун мал хорогдож байснаас Ардын засгийн газрын 1923 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр Сонгинын булан дахь мялзан эсэргүүцэх хувийн станцыг улсын болгож тарилга үйлдвэрлэх арга хэмжээ авч тарилгын хэмжээг 2 дахин өсгөж 12 тонн эм тарилга үйлдвэрлэсэн байна. Мөн онд Хараагийн сангийн газар нэртэй байгууллага үүсэж газар тариалан эрхлэх болов. 1924 онд нийслэл хотын ойролцоох Сонгинын буланд мал эмнэлгийн сургууль байгуулагджээ.

1924 оны 10 дугаар сарын 13-нд хуралдсан Засгийн газрын 17 дугаар хурлаар Мал аж ахуй, газар тариалан, улсын худалдаа, үйлдвэр, барилгын ажлыг эрхлэх 6 хэлтэс, 120 орон тоотой "Аж ахуйн яам"-ыг байгуулжээ. Энэ үеэс эхлэн Хөдөө аж ахуйн яамны эх үүсвэр тавигдсан. Тус яам нь мал аж ахуй, газар тариалан, ой агнуур, цахилгаан гэрэл, уул уурхай, ашигт малтмал, /нүүрс голчилж байв/, зам харилцаа, жин хэмжүүр, худалдаа, барилга, архины газар зэрэг эдийн засаг, аж ахуйн олон салбарыг эрхэлж байв.

Улсын бага хурлын 1929 оны 9 дүгээр сарын 10-наас 26-ны адрийн хуралдаанаар Тус яамны бүхий л эрхлэх аж ахуйн хэргийг хэрхэн дөхөмтэй болгох бодлого төлөвлөгөөг даруйхан гаргаж явуулбал зохино гэж заасны дагуу Засгийн газрын 1929 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 38, 12 дугаар сарын 6-ны өдрийн 39 дүгээр тогтоолуудаар "Аж ахуйн яам"-ны эрх үүргийг 2 хувааж зохион байгуулалтын өөрчлөлт хийж Мал, газар тариалангийн яамыг байгуулсан юм. Мал газар тариалангийн яам нь манай улсын эдийн засгийн гол салбар болох мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуйн бусад ажлыг төлөвлөн хэргжүүлэх, шинжлэх ухаан техник ололтыг нэвтрүүлэх, хөдөөгийн ард түмний аж амьдралын байдлыг сайжруулах дэс дараатай арга хэмжээг авч байв. Үржил ашиг шимтэй малыг гадаад улсаас авах, үржүүлэх, мал эмнэлгийн төрөл бүрийн арга хэмжээг авч малыг эрүүлжүүлэх ажлыг хийж байлаа. Сонгины булан дахь эм найруулах хороог Мал эмнэлгийн бактер шинжилгээ үйлдвэрлэлийн лаборатори болгон өргөтгөж үйлдвэрлэх тарилгын төрөл, тоог улам нэмэгдүүлсэн байна. Мал газар тариалнгийн яамны анхны сайдаар Бизъяагийн Дамдинсүрэн гэдэг хүн томилогдож байжээ.

1943 он 12 дугаар сарын 28-ны өдөр БНМАУ-ын 27 дугаар бага хурлаар мал аж ахуйг хөгжүүлэх талаар авч хэлэлцээд мал бол манай эдийн засгийн гол үндэс, ардын аж ахуйтан нэг бүрийн аж амьдралын үндэс бөгөөд газар тариалан бол туслах чанартай болох явлыг харгалзан Мал, тариалангийн яамыг өөрчилж Мал аж ахуйн яам гэж нэрлэхээр тогтоожээ.

АИХ-ын 1957 оны 94 дүгээр зарлиг, МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн тус оны 7дугаар сарын 5-ны өдрийн 303/223 дугаар тогтоолоор Мал аж ахуйн яам, Сайд нарын зөвлөлийн дэргэдэх сангийн аж ахуйнуудыг удирдах ерөнхий газрыг нэгтгэж БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яам болгож тус яам нь мал аж ахуй, усжуулалт, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх улсын хэмжээний бодлогыг хэрэгжүүлэн, түүнийг удирдан чиглүүлэх үүрэг, зорилготойгоор байгуулжээ. Мөн Хөдөө аж ахуйн яаманд: Хөдөө аж ахуйн дээд сургууль, Хөдөө аж ахуйн техникум, Архустын сургууль комбинат, Хөдөө аж ахуйн курс, Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний институт, Ус цаг уурын хороо, Усны аж ахуйн барилгын газар, Био үйлдвэрүүд, авто баазуудыг харъяалуулжээ.

БНМАУ-ын Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны хүнсний үйлдвэрийн салбарыг Хөдөө аж ахуйн яаманд хариуцуулах болсонтой холбогдуулан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1987 оны 12 дугаар сарын 19-ны 349 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яам болгож мал аж ахуй, газар тариалан, усжуулалт, хүнсний үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх улсын хэмжээны бодлогыг хэрэгжүүлэн, түүнийг удирдан чиглүүлэх үүрэг зорилготойгоор байгуулав.

1990 онд Хөдөө аж ахуй, хөнгөн, хүнсний үйлдвэрийн яам нь мал аж ахуй, газар тариалан, усжуулалт, хөнгөнүйлдвэр, хүнсний үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх улсын хэмжээний бодлогыг хэргжүүлэх зорилготойгоор байгуулагдсанаа мөн ондоо Хөнгөн, хүнсний салбарыг нэгдлүүдэд хариуцуулсан Хөдөө аж ахуйн яамыг байгуулав.

1994 онд Хүнс, Хөдөө аж ахуйн яам;

1996 онд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам болон зохион байгуулагдаж ажиллаж байжээ.

Улсын их хурлын 2000 оны 32 дгаар тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны бодлогын тогтолцоо бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" тогтоол, Засгийн газрын 2000 оны 131 дүгээр тогтоолоор батлагдсан "Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай", Засгын газрын 2001 оны 6 дугаар тогтоолоор батлагдсан "ХХААЯ-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх тухай" тогтоолоор одоогийн Хүнс, Хөдөө аж ахуйн яам зохион байгуулагджээ.