Монголын худалдааны салбар үүсч хөгжсөн түүхээс

1.    Худалдааны салбарын суурь тавигдсан үе (1921-1935 он)

Монгол оронд  1921 онд Ардын хувьсгал ялсаны дараагаар Монголын худалдааны анхны байгууллага болох Монгол ардын харилцан туслалцах хоршооны хэлтэсийг Сангийн яамны харьяанд байгуулсанаар үндэсний худалдааны салбар үүссэн гэж үздэг.

Монгол – Зөвлөлтийн Засгийн газруудын хооронд Худалдааны анхны хэлэлцээрийг 1923 онд байгуулагдаж, хоёр орны барааны эргэлтийг нэмэгдүүлэх, барааг гаалийн хориггүй  оруулж, гаргах, худалдааны төлөөлөгчдийг харилцан суулгах зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн байна. Энэ үед гадаадын худалдаачдыг шахан зайлуулах бодлогыг шат дараатай хэрэгжүүлж, хамтын хоршооллын худалдааг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлснээр улсын  хэмжээнд нэгдсэн хоршооллын худалдааны сүлжээ бий болсон бөгөөд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн Монгол улсын зах зээлд нэвтэрч эхэлсэн.

Засгийн газар 1930 оны 12 сард тогтоол гарган үндэсний худалдаа, үйлдвэрийг төлөвлөгөөтэй хөгжүүлэх, гадаад худалдааны онц эрхийг тогтоон явуулах асуудлыг Худалдаа, Аж үйлдвэрийн Яаманд хариуцуулжээ.

Засгийн газраас хүн амын барааны хангамжийг сайжруулах, экспорт, импортын үйл ажиллагаа, хилийн болон комиссын худалдаа, бараа солилцоог шуурхай зохион байгуулах зорилгоор 1934 онд Худалдаа, аж үйдвэрийн яамны харъяанд Улсын худалдааны газрыг байгуулав.

2.    Хоршооллын худалдааны хөгжлийн үе  (1935-1959 он)

Улсын худалдааны газар байгууллагдсанаар хоршооллын худалдааны зэрэгцээ улсын худалдааны байгууллагууд байгуулагдаж, дотоодын бараа, түүхий эдийг ЗХУ руу экспортлох, мөн хүнсний болон өргөн хэрэглээний барааг импортлох үйл ажиллагааг идэвхитэй явуулж эхэлсэн.  Монголын орны өргөн уудам нутаг дэвсгэр дээр хоршооллын болон улсын худалдаа давамгайлах болсон тул 1940 онд БНМАУ-ын Худалдааны яам байгуулагдав.

1950 оноос БНХАУ, 1956 оноос Европын социалист болон Вьетнам, Куба, БНАСАУ зэрэг улсуудтай гадаад худалдааны хамтын ажиллагааг эхлүүлж, өргөжүүлсэн байна.

3.    Социалист худалдаа (1960-1972 он)

Монгол Улсад эдийн засаг, нийгэм соёлын үндсэн өөрчлөлтүүд гарч улс ардын аж ахуйн бүх салбар, түүний дотор гадаад, дотоод худалдаа, нийтийн хоолны салбарт хөгжил, дэвшил, шинэчлэл өрнөсөн 1960, 70- аад онд олон тооны аж үйлдвэрийн газрууд шинээр ашиглалтанд орж, жижиглэн худалдаалах барааг гүйлгээнд эх орны үйлдвэрийн бараа 1960 онд 38.3 хувь байсан бол 1965 онд 51.6 хувийг эзэлсэн байна.

Энэ хугацаанд худалдаа, үйлчилгээний салбарын тоо үлэмж нэмэгдсэний дотор Улсын Их Дэлгүүрийг шинээр ашиглалтанд оруулж, томоохон хүчин чадалтай олон хүнсний үйлдвэр, хүнд үйлдвэр ашиглалтанд орж мөн атар газар эзэмшсэнээр Монгол улс гурилын дотоодынхоо хэрэгцээг өөрөө хангаж байв. Гадаад худалдааны хувьд 1960 оноос Швейцарь, Австри, Белги, Голланд, Англи, Швед, Япон, Финлянд, Америк зэрэг улс оронтой худалдаа хийж, харилцан ашигтай ажиллаж иржээ.

4.    Социалист төвлөрсөн худалдаа (1972-1990 он)

Ардын Их хурлын 3-р чуулганаар “Худалдаа, нийтийн хоолны үйлчилгээг сайжруулах тухай” асуудлыг хэлэлцэж, худалдааны материал, техникийн баазыг хөгжүүлэх талаар чухал шийдвэрийг гаргасан явдал юм. Энэхүү чуулганы шийдвэрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж, 1971-1980 оны хооронд хот, аймгийн төвд нийт 14 мянган ам дөрвөлжин метр талбай бүхий барааны агуулах, 15 аймаг тус бүр 300 тн мах хадгалах хөргөлттэй зоориуд, 10 гаруй мянган тонн хүнсний ногоо хадгалах зоориудыг байгуулж, нийтийн хоолны тоног төхөөрөмж болон бусад зориулалтын тоног төхөөрөмжүүдийг худалдан авах арга хэмжээг зохион байгуулсан байна.

Үндэсний хэмжээний хөнгөн, хүнсний болон уул уурхайн, эрчим хүчний томоохон үйлдвэрийн газрууд гадаадын зээл тусламжаар олоноор байгуулагдаж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж, экспорт, импортонд эзлэх барааны бүтцэд өөрчлөлт гарсан он жилүүд байлаа. Монголын гадаад, дотоод худалдаа 1980-аад онд эх оронд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлтийн дагуу бүх л салбар чиглэлээрээ хөгжин дэвжиж, улсын төсвийн орлогын 40 гаруй хувийг тухайн үед бүрдүүлж байв.

Улсын хэмжээнд 1980 он гэхэд дотоодод нийт 100 шахам мянган ам дөрвөлжин метр талбай бүхий 1800 гаруй дэлгүүр, мухлаг ажиллаж, орон нутагт 1800 гаруй агент, 300 гаруй авто-мухлаг үйл ажиллагаа явуулж байсан бол 1990 он гэхэд гадаадын 27 оронтой худалдаа хийдэг болсон байв.