Монголд ном, хэвлэл хөгжсөн нь

Эртний түүхийн судар бичгээс үзвэл XIII-XIV зууны үед модон барын аргаар төрөл бүрийн ном зохиолыг дэвтэрлэж байсан түүхтэй аж. Харин үүнээс өмнө хад, чулуун дээр бичсэн дурсгалын бичээс олон бий. Гадны судар бичгийг орчуулах хэдэн зуун хүний бүрэлдэхүүнтэй хэлтэсийг ч ажиллуулж байсан түүхтэй. Гэвч эдгээрээс манай цаг үед өвлөгдөж ирсэн нь цөөн билээ. Үүнд олон үеийн дайн дажин, харин түрэмгийлэл нөлөөлсөн байж болох. Манжийн дарлалаас гарч, тусгаар тогтнолоо сэргээсэн тэр цаг үед ном барлах, хэвлэх ажиллагаа дахин сэргэжээ.

Богд хаант Монгол Улсын Олноо өргөгдсөний анхдугаар он буюу 1911 оны аравдугаар сард үндэснийхээ хэлээр ном бичиг барлаж байх шийдвэр гаргасан байна. Мөн оны арванхоёрдугаар сарын 31-нд Гадаад яамны харьяа хорголжин барын үйлдвэр нээгджээ. Гадаад яам санаачилж, Сангийн яам, Дотоод яам, Цэргийн яам, Шүүн таслах яам хэлэлцэн санал нийлснээр хэвлэлийн машин, уйгаржин монгол бичгийн төмөр хэвийн үсгийг Орос улсад захиалан ирүүлж, улсын чанартай хэвлэх үйлдвэр байгуулсан нь шинэ цагийн ном хэвлэлийн эх үндэс тавигдсан гэхэд болно.

Тухайн үед гар ажиллагаатай нэг машин, 4-5 ажилчинтай жижиг үйлдвэр байсан хэдий ч “Оюунтүлхүүр”, “Орчлон ертөнцийн байдал” зэрэг жижиг ном товхимол, “Нийслэл хүрээний сонин бичиг, “Шинэ толь хэмээх бичиг” нэртэй сонин, сэтгүүл, Монгол үсгийн цагаан толгой зэргийг хэвлэж байсан аж. Энэхүү хэвлэх үйлдвэрийг байгуулахаас өмнө XX зууны эхэн үеэр хаант Орос улсаас Нийслэл Хүрээнд нүүдлийн жижиг хэвлэлийн газрыг анх байгуулсан бөгөөд гар хэвлэлийн хэд хэдэн машин, орос-монгол нийлсэн 20 шахам ажилчинтай байсан гэдэг.

Үүнийг түүхэнд “Орос Монгол хэвлэлийн хороо” хэмээн тэмдэглэсэн байдаг билээ. Мөн Богд хаан гар хэвлэлийн жижиг машин, чулуун бар бүхий бас нэг жижиг хэвлэлийн газрыг Эрдэнэ Шанзодбын яамны дэргэд байгуулж байсан мэдээ бий. Хувьсгал ялж ардын нам байгуулагдаж, төрийн хэргийг мэдэх болсон тэр цаг үеэс өөрсдийн үзэл сурталаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор Богд хаант монгол улсын үед Гадаад яамны дэргэд ажиллаж байсан хорголжин барын хэвлэх үйлдвэр, Эрдэнэ Шанзодбын яамын мэдэлд байсан жижиг хэвлэх үйлдвэрийг төрийн мэдэлд авч Эрхүүгээс авчирсан нүүдлийн хэвлэлийн газартай нэгтгэн Монгол хэвлэлийн хороог байгуулсан байна. Энэ газар нь тухайн үед Намын төв хорооны шууд мэдэлийн дор үйл ажиллагаагаа явуулж байсан гэдэг. Тус үйлдвэр Монголчуудын хувьд анх удаа өөрийн мэдлээр сонин хийсэн бөгөөд сонины нэрийг “Уриа” гэдэг байв.

Хэвлэлийн газрыг 1922 онд “Улсын сургуулийн хэлтэс” гэгчийг байгуулж, энэ байгууллагын мэдэлд шилжүүлэв. Харин 1924 онд Ардыг гэгээрүүлэх яам байгуулж, хэвлэлийн хороог энэ яаманд харьяалуулжээ. Мөн тоног төхөөрөмж, орон тоог нь ч өргөтгөн, 300 мянган төгрөгийг улсаас цохож өгсөн байдаг. 1926 онд үйлдвэрийн барилга бариулахаар төлөвлөж тухайн үед Монголд байсан гадаад худалдаачин Дебельтэй 50 мянган төгрөгөөр гэрээ үйлдэж, шинээр тавих машиныг Монголд үйл ажиллагаагаа явуулж байсан Германы “Воствич” пүүсээр дамжуулан Шанхай хотоос авахаар тохиролцож байв. Герман улсын Лейпциг хотод гурван хүнийг сургасан байна.

1932 онд Улсын хэвлэлийн газрыг муу ажиллаж байна хэмээн үзэн татан буулгаад дөрвөн жилийн дараа буюу 1936 оны тавдугаар сард МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн 9 дүгээр хурлын тогтоолоор Хэвлэлийн хороог Хэвлэлийн газар болгож улсын хэмжээний хэвлэх үйлдвэрийг дахин сэргээсэн юм. 1936-1937 онд ЗХУ-д хэвлэлийн төрөл бүрийн машин захиалж, эдгээр Монголын хэвлэлийн үйлдвэрт хувьсал хийсэн билээ. 1941 оноос орон нутагт анхны хэвлэлийн үйлдвэр байгуулагдсан нь Баян-Өлгий аймгийн “Өркендэү” сонины хэвлэх үйлдвэр байсан юм. 1955 онд Бүгд найрамдах ардчилсан Герман улсын Сайд нарын зөвлөлийн дарга Отто Гротевил манай улсад айлчлахдаа хэвлэх үйлдвэрт зочилж, Монгол Улсад өөрсдийн хөрөнгө оруулалтаар хэвлэх үйлдвэр байгуулж өгөхөөр гарын үсэг зурсан байна. 1960 онд БНАГУ-ын хөрөнгөөр босгосон, сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий хэвлэлийн газар ашиглалтад орж хэвлэлийн түүхэнд эргэлт гаргажээ. 1948 онд тус үйлдвэрийг Сүхбаатарын нэрэмжит болгосон бөгөөд хэвлэлийн үйл ажиллагаанд нь ЗХУ-ын буцалтгүй тусламжаар ирүүлсэн олон машин, механизмыг нийлүүлсэн юм.