Муамар Каддафийн адармаат төгсгөл

 

Муамар Каддафи түүний бүтэн нэр нь Муамар бен Мухаммед Абу Меньяр Абдель Салям бен Хамид аль-Каддафи 1942 оны зургадугаар сарын 7-нд бедуны нүүдэлчин омгийн нэгэн гэр бүлд төржээ.

 

Арабын нэгдсэн улсаас Сири тасарсныг эсэргүүцсэн 1961 оны оюутны  эсэргүүцлийн ажиллагааны үеэр тэр тэргүүлэгч нарын эгнээнд гарч ирсэн байв. Каддафи 1963 онд Мисрат хотын лицей сургуулийг дүүргээд Бенгазийн цэргийн сургуульд суралцан дэслэгч цолтойгоор 1965 онд төгсчээ. Цэргийн карьер нь эрчимтэй өсч “Чөлөөт офицерүүд” гэх байгууллагын лидер бөгөөд үзэл сурталч нь байв.

 

1969 онд Муаммар Каддафи төрийн эрхийг гартаа авахдаа хурандаа цол авсан бөгөөд энэ цолтойгоо 42 жил тасралтгүй Ливийг удирдсан. Түүний албан ёсны нэршил нь “Хувьсгалын удирдагч” байлаа.

 

Каддафи Египет, Судан, Сири, Тунистай нэгдэн нэгдсэн Африкийн улс байгуулахыг хүсч “Ислам”-ын шашинтнуудын өнөөг хүртэл хадгалагдан ирсэн овог аймгийн бүтцийг ашиглахыг чармайж улс орны тэргүүн нартай гэрээ хэлэлцээр хийхээс илүү овгийн толгойлогч удирдагч нартай ойр нөхөрлөж байжээ. Энэхүү чармайлт түүнийг өрнөдийнхөний өмнө хүчин мөхөдүүлсэн юм. Гэсэн ч ойрхи дорнод, африкийн омгийн ахлагчид хожим боловсон дээрэмчдийн эсрэг нэгдсэн зохион байгуулалтанд орох суурийг тавьсан байхыг үгүйсгэхгүй.

 

1978 онд Ливид уригдсан Ливаны шиитийн номлогч Муса аль-Садрийг хөнөөн Ливаны иргэний дайныг гаргасан гэж буруутгадаг.

 

Мөн 1988 онд Америкийн “Боинга-747” онгоцыг Шотландын Локерби хотын дээр дэлбэлсэн зэрэг хэрэгт Каддафийг шууд буруутгадаг.

 

Каддафийг 1990 он гэхэд олон улсын хоригт бүрэн орсон үе байв. Тэрээр хоригийг зөөлрүүлэхийн тулд Локербийн ослыг хэсэгчлэн хүлээж, 10 сая ам.долларын нөхвөрийг хохирогч нарын ар гэрт төлсөн бөгөөд 2003 он гэхэд хориг бүрэн тавигдсан юм. Хориг тавигдаж эхлэнгүүт 2000 оны эхнээс  Англи, Франц, Италитай харилцаагаа сэргээн тэдэнтэй байгалийн хий ба нефтийн наймаагаар холбогдон олон улсын тавцанд Ливийг гаргасан.

 

Каддафийг эрх барьж байх үед тус улсад үйлдвэрлэсэн нефтийн дийлэнх хэсгийг АНУ болон Европт гаргадаг байв. Түүний эсрэг цэргийн ажиллагаа эхлэхэд  Италид нефтийн 38 хувь, Францад 15, АНУ-д гурван хувийг экспортолсон байна.

 

2011 он хүртэл Ливийн Жамахири буюу Арабын Социалист Ливийн Жамахири Ард Улс нэртэй байсан. Одоогийн нэршил нь Ливи улс Нийслэл нь Триполи хот. 2012 оны байдлаар тус улс 5.6 сая хүн амтай. Хүн амын 97 орчим хувь нь суннит шашинтан.

 

1911-1942 оны хооронд Италийн колони улс байв. 1943 оноос Англи, Франц улсууд Ливийг эзэлж авсан байдаг. 1951 онд тусгаар тогтносон улс гэдгээ зарлан тунхаглаж I-р Идрис хаантай Ливийн нэгдсэн вант улс болов. Гэвч 1969 I-р Идрис хааныг Туркт эмчлүүлж байх хооронд нь  онд ахмад Муаммар Каддафи тэргүүтэй цэргийн офицерууд төрийн эргэлт хийж Арабын Ливи Ард Улсыг байгуулжээ. Хожмоо 1977 онд нэрээ өөрчилж Арабын Социалист Ливийн Жамахири Ард Улс болсон түүхтэй.

 

Муаммар Каддафи, Кубын удирдагч Фидель Кастрогийн хамт.

 

Муаммар Каддафи, ЗХУ-ын удирдагч Леонид Брежневийн хамт.

 

Муаммар Каддафи, Нельсон Манделагийн хамт.

Ливид 1955 онд газрын тосны нөөц илэрсэн.  Газрын тосны батлагдсан нөөцөөрөө Африк тивд 1-рт  дэлхийд 9-рт бичигддэг.
Нийт 41.5 тэрбум баррель нефтийн нөөцтэй тэд өдөрт 1.8 сая баррелийг олборлодог байна. Ливи нь газрын тосны олборлолтын хувьд хамгийн таатай бүсэд оршдог. Учир нь Европын зах зээлд газар зүйн байршил ойр байдаг нь олборлолтын зардал бага ойролцоогоор нэг баррель нефть олборлоход ганцхан ам.доллар зарцуулдаг гэх. Түүнчлэн байгалийн хийгээр баялаг зэрэг нь тус орныг эдийн засаг бүс нутагтаа дээгүүрт ороход нөлөөлдөг.

 

Муаммар Каддафи, ОХУ-ын ерөнхийлөгч Путины хамт.


Каддафи улс орноо 42 жилийн турш удирдахдаа Ливи улсыг танигдахгүй болтол нь өөрчлөн хөгжүүлж, Африк тив дэх хамгийн амьжиргаа сайтай орнуудын нэг болгосон. Муаммар Каддафи засгийн эрхийг авах үед ливичүүдийн 90 хувь нь бичиг үсэг мэдэхгүй, нэг хүнд ногдох ДНБ 490-хэн доллар байжээ. 1950-аад оны дундуур дээд боловсрол эзэмшсэн хүний тоо 16-хан байв. Хаант засаглалтай Ливи улс Мали, Афганистан, Непал, Гаити зэрэг орнуудын хамт дэлхийд хамгийн ядууд тооцогдож байлаа.

 

/Ливийн удирдагч Муммар Кадаффи, Суданы ерөнхийлөгч Гаафир Аль Намит, Сирийн удирдагч Хазеф Асад, Египетийн удирдагч Анвар Садат тэд Израйлийн эсрэг дайнд хамтдаа оролцож байлаа/

Дэлхийн нэгдүгээр дайны дараа Лиги Наци буюу өнөөгийн НҮБ Палестиний нутгийг Британид хариуцуулж (ингэснээр еврейчүүдэд нутаг өгөх зорилготойгоор) мандат олгожээ. 1947 онд НҮБ Палестиний нутгийг хоёр хувааж нэг хэсгийг нь арабуудад, нөгөө хэсгийг нь еврейчүүдэд өгч хоёр улс бий болгов. Тун удалгүй 1948 оны 5-р сарын 14-нд Израйл улс тусгаар тогтнолоо зарласнаар НҮБ-ийн төлөвлөгөөг эсэргүүцэж байсан Араб улсуудтай дайн хийхэд хүргэжээ. Үргэлжилсэн хэд хэдэн дайнд Израйл улс ялалт байгуулж НҮБ-ийн заасан заагаас хэтэрч улсынхаа нутгийн хэмжээг дайны өмнөхөөс илүү тэлж чадсан. Дээрх дайнуудад Ливи улс, израйлийн эсрэг дайтсан юм.

 

Израйл-Арабын дайнууд:
1948 оны дайн
1967 оны дайн - 6 өдрийн дайн
1973 оны дайн - Ёом киппүрийн дайн

 

Каддафи цэргийн эргэлт хийхээс өмнө сайн чанарын нефтийг голчлон барууны компаниуд түүнийг нь олборлож, орлогын дөнгөж 2% нь тус улсад ногддог байв. Ливичүүдэд оногдох багахан орлогыг хааны ойрын хүрээллийн хүмүүс хүртэж харин жирийн иргэд юу ч хүртдэггүй байв.

 

Каддафи цэргийн эргэлт хийснээр гадаадын цэргийн баазуудыг эх орноосоо хөөн гаргаж, нефть олборлох үйлдвэрүүдийг улсын мэдэлд авсан аж. Ингээд Жамахири гэдэг шинэ нийгмийг цогцлоон бүтээх их ажил өрнөж Каддафийг амьсгал хураахад Ливи Улсын ДНБ-ний нэг хүнд ногдох хэмжээ 14 200 долларт хүрч бүс нутагтаа хамгийн баян чинээлэг орнуудын тоонд орох болсон билээ.

 

Муаммар Каддафи амь үрэгдэхэд Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарак ихэд уйлсан гэдэг.

 

Сирийн удирдагч Хазеф Асад, Угандагийн удирдагч Иди Амин, Египетийн удирдагч Анвар Садат, Ливийн удирдагч Муммар Кадаффи нар

Каддафи АНУ болон Английн тагнуулын албадтай нягт харилцан ажиллаж байсан талаар “Human Rights Watch”-ийн судлаачдын илрүүлсэн нууц баримтууд нотолдог. Английн ерөнхий сайд асан Тони Блэйр 2004 онд Ливид албан ёсоор айлчилж байсан 2010 онд Английн “Daily Mail” сонинд Тони Блэйрын бичсэн захидлыг нийтэлж байв. Уг захидалд түүний хүү Сейф аль-Исламд хандан Лондонгийн эдийн засгийн сургуульд докторын зэрэг хамгаалахад нь тусламж үзүүлэхэд бэлэн байгаа тухайгаа бичсэн байв. Хожим Каддафийг алагдсаны дараа хүүгийнх нь зэрэг хамгаалсан бүтээлийг хуурамч гэж зарласан юм.

 


Тэрээр өрнөдийн нөлөө бүхий улс төрчидтэй гэр бүлийн найзууд шахуу ойр нөхөрлөсөн. Араб хүний унаган зан чанарт хүнд итгэмтгий байдал ажиглагддаг. Дээрх зан Кадаффид байсан төдийгүй Францийн ерөнхийлөгч асан Саркози нарын харилцаанд илэрч тэрээр түүний сонгуулийн компанит ажлыг ивээн тэтгэсэн гэдэг.

 


2007 онд Парист хийсэн Каддафийн айлчлал нь францийн иргэдийг алмайруулсан байдаг. Өрнөдийн орнуудад аль хэдийн дарангуйлагч гэгдэх нөхрийг хааны ёсоор хүндэтгэн хүлээж хамгаалалтад нь гэхэд л цагдаагийн 300 ажилтан гарч байснаар барахгүй Каддафийг Сена мөрнөөр зугаалах хүсэлтээ тавихад нь бүх гүүр, тэр хавийн гудамжны хөдөлгөөнийг бүрэн хаагдсан байдаг. Тэрхүү айлчлалаар 3-10 тэрбум евро бүхий зэвсгийн томоохон наймааны хэлэлцээр хийгдсэн ч амьдралд хэрэгжиж амжаагүй. Саркози Каддафийг “удирдагч ах” хэмээх албан ёсны гуншингаар авгайлж француудын ундууцлыг хөдөлгөж орхисон.

 


Америк тэргүүтэй өрнөдийнхөн Кадаффийн эсрэг эргэхэд Саркози гэнэт Ливийн эсрэг том том мэдэгдлүүд хийж эхэлснийг францчуудын зарим нь эхэндээ гайхширч байв. Гэхдээ олонх нь Саркозиг улсынхаа нэр хүндийг аврах зорилгоор ийн загнаж байна гэж ойлгосон.
Төдөлгүй Каддафийг огцруулах гэсэн Саркозигийн оломгүй хүсэл түүнийг хүлээн авсан дээд хэмжээний уулзалт хоёр хоорондоо нэг л авцалдахгүй байгааг судлаачид ажигласан байдаг.

 


Ливид дайн эхлэсэнээр НАТО-г оролцуулах санаачилгыг Саркози хамгийн ихээр дэмжсэн АНУ болон  Европын холбоо тэргүүтэй НАТО-ийн сөнөөгч, бөмбөгдөгч онгоцууд Ливийн цэргийн зориулалттай объектуудад агаараас хүчтэй цохилт өгч босогчдыг нь хөлсний цэргүүдийн хамтаар хүчтэй дэмжлэг үзүүлсэн. Афганистан болон Ирак улсуудад цэргээ бүрэн оруулж хохирол хүлээсэн алдаагаа давтахыг хүсээгүй гэдгийг ОУ-ын цэргийн шинжээчид дуу нэгтэй батлацгаав.

 


Ливийн дотоод байдал дайн өдөөхөд хүргэсэн үү гэвэл бас л эргэлзээтэй. Ойрхи Дорнод дахь улсуудад түгээмэл байдаг овог, аймгаа дээдэлдэг уламжлал Ливид мөн байдаг. Шашны хувьд хүн амын 90% нь суннит урсгал шүтдэг. 97% нь араб үндэстэн, үлдсэн цөөнх нь берберүүд эзэлдэг. Үндэстэн хоорондын мөргөлдөөн гарах боломж бага.

 


Каддафийг эрх мэдлээ алдахад түүнээс хамгийн ойрын хүрээний хамтрагчид нүүр буруулсан байдаг. Өөрийнх нь үеэл дүү хүртэл түүнээс нүүр буруулж Каддафийн талаар Катарын “Аль Жазера”-д ээлжлэн Ливийн талаарх сөрөг ярилцлагад орох нөхдийн тоонд орж байв.

 


Каддафи эцсээ хүртэл эх орондоо байсан. Тэрээр ганцаардсан ч бууж өгөөгүй. Тунисын ерөнхийлөгч Арабын хувьсгал эхлэнгүүт Саудын Араб руу зугтан гарч тэнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байдаг. Саудын Араб нь “Арабын хувьсгал”-ыг санхүүжүүлэгч гол орны нэг билээ. Тиймээс Тунисын улс дайны хөлд удаан нэрвэгдээгүй юм. Харин үүнийг өрнөдийнхөн Ойрхи Дорнодын орнуудыг бодвол харьцангүй европжсон гэж дүгнэдэг.

 


Ливийн талд зогссон улсын нэг Никарагуа улс байлаа. Тус улсын Ерөнхийлөгч Даниэль Ортега “Барууныхан Ливийг хайр найргүй довтолж байна. Энгийн номхон хүн амыг бөмбөгдлөө гэж бичиж байгаа нь шал худал, тийм юм огтхон ч болоогүй. Барууныхан Ливийн эсрэг өдүүлж байгаа компанит ажиллагааны цаад зорилго нь ердөө энэ орны нефть ордыг хэдхэн орон авахаар зэхэж байгаа явдал мөн. Ливийн байдал үнэхээр хөндүүр байна. Түүхээсээ үзсэн ч энэ бүс нутагт сая, сая хүн АНУ, европын орнуудын хяналтад байхын эсрэг босч тэмцэж ирсэн билээ” хэмээн тухайн үед ярьж байжээ.

 

Никарагуа улсын ерөнхийлөгч Даниэль Ортега

 


Каддафийн төрсөн охин Аиша Каддафи нь НҮБ-ын “Сайн санааны элч” статустай байсан бөгөөд 2004 оны 7 сараас ДОХ, халдварт өвчин, тахал, эмэгтэйчүүдийн хүчирхийлэлийн эсрэг тэмцлийг хариуцан олон оронд ажиллаж байсан төдийгүй Саддам Хуссейныг өмгөөлсөн ОУ-ын хэсэг өмгөөлөгчдийн нэг нэр хүндтэй эмэгтэй юм. Харин эцгийнх нь дэглэмтэй дайн задарсанаар НҮБ-с Аиша Каддафийн “Сайн санааны элч” статусыг хураан авсан байдаг.

 


Каддафийг амьсгал хураахад Ливи Улсын ДНБ-ний нэг хүнд ногдох хэмжээ 14 200 долларт хүрч бүс нутагтаа хамгийн баян чинээлэг орнуудын тоонд орж байсан билээ.

 

 

Кадаффи эцсээ хүртэл эх орон, өөртөө үнэнч байж эх нутагтаа ясаа тавина гэдгээ мэдэгдэж эмгэнэлтэйгээр амьсгал хураасан. Ливийн ард иргэд баяр хөөрт умбаж байлаа хэмээн өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байв. Эх орон, ард түмнийхээ төлөө түүний хийсэн бүхэн он цаг улирах тусам улам бүр тодрох нь зайлшгүй. Түүх давтагдсаар түүнийг ажиж харах мэлмий үгүйлэгдсээр ...