Ухаалаг утаснууд уян болох уу?

Өнөөгийн техник технологи өндөр хөгжсөн эрин зуунд уян дэлгэц шиг хүний сэтгэлийг хөдөлгөж чадах гайхамшиг гэж юу байх билээ. Энэ нь яг л зөгнөлт кино  болон төсөөлөхөд ч бэрхтэй тийм бодит бус зүйл байсан. Гэтэл одоо. Үйлдвэрлэгчид олон жилийн турш ярьж, туршиж байгаа уян дэлгэцээрээ бидний тэсвэр тэвчээрийг шалгаж байгаа. Өнөөдөр дэлхий дээр болж байгаа нэг ч үзэсгэлэн маш нимгэн пластикын үзүүлэнгийн хэсэггүйгээр зохион байгуулагдах нь нүдний гэм болж. Үүнийг хэдэн тийш нь нугалж, хуйлж болно гээд төсөөл дөө.

Түүнчлэн үйлдвэрлэгчид эдгээр дэлгэцийн араас бугуйндаа зүүдгээс авахуулаад автомашины төхөөрөмж хүртэлх ухаалаг төхөөрөмжүүдтэй болно хэмээн бидний тархийг угааж байгаа. Мэдээж өндөр технологийн болон ирээдүйн эдтэй байна гэдэг догь байх нь ойлгомжтой. Ийм дэлгэцтэй төхөөрөмжийг бугуйндаа зүүгээд явахаас татгалзах хэн байх билээ. Үзэсгэлэн дээр уян дэлгэц бүү хэл уян зай хүртэл танилцуулж байна. Энэ ч утга учиртай, учир нь уян дэлгэцийг ямар нэгэн зүйлээр “тэжээх” хэрэгтэй биз дээ. Магадгүй та эдгээр уян дэлгэц, зай, схемийн тусламжтайгаар нугалаад эсвэл хуйлаад халаасандаа хийчихдэг уян ухаалаг утас, планшет хийж болно гэж бодож байна уу?. Гэхдээ одоохондоо бүтэхгүй. Учир нь уян чипийг одоогоор бүтээгээгүй байна. Тэгэхээр уян ухаалаг гар утсаар ярих нь дахиад л хойш тавигдах хэрэг болж байна.

Уян дэлгэц хэврэг биш

Бүх төрлийн шил, бүр “Gorilla Glass” ч маш эмзэг материалтай. Хэрэв та итгэхгүй байгаа бол алх бариад ухаалаг гар утсаа тоншоод үзээрэй. Шил нь цуурах болно. Харин пластик хальс яах бол? Яах ч үгүй, учир нь тэр маш бөх. Тэгэхээр дэлгэцийг хийхдээ шинэ, уян технологи ашиглах нь биднийг эвдэрсэн дэлгэцийн талаар үүрд мартахад хүргэх болно.

Уян дэлгэц маш нимгэн

Дэлхий дээр өндөр техник, технологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа бүхий л бизнесмэн төхөөрөмжийнхөө өргөнөөс аль болох багасгахыг хичээдэг. Бид шилийг маш нимгэн хийж сурсан ч тэр нь ижил төрлийн уян бүтээгдэхүүнээс зузаан л байх болно. Тиймээс миллиметр бүр чухал. Уян төхөөрөмжүүдийн хамгийн гол зүйл бол хэрэглэгч түүнийг эвхэх, нугалахдаа биш харин илүү нимгэн, илүү хурдан, илүү ахисан төвшний төхөөрөмжийг үйлдвэрлэж, бүхий л орон зайд дээд хэмжээгээр нь ашиглах юм. Ойрын ирээдүйн зорилго үүнд л чиглэгдэж байгаа. Харин уян бичил схемийн цуврал бүтээгдэхүүний үйлдвэрлэл хүртэл дор хаяж 5-10 жил байна хэмээн эрдэмтэд үзэж байгаа.

 

Өнгөрсөн оны эхээр “Самсунг” корпораци “CES-2013” үзэсгэлэнгээр зочлогсдыг шинэ бүтээлүүдээрээ алмайруулсан. Хэрэглэгчид “Exynos 5 Octa” найман цөмтэй аварга процессортой танилцаж амжаагүй байхад тус компани дараагийн үе болох “OLED” уян дэлгэцийг танилцуулсан юм. Түүгээр ч зогсохгүй ийм дэлгэцтэй ухаалаг гар утасны туршилтын загварыг ч үзүүлсэн.

Түүнчлэн Өмнөд Солонгосын энэ салбарын бас нэг компани болох “LG Display” анхны уян “OLED” дэлгэц дээр ажиллаж бараг дууссан гээд ийм төрлийн дэлгэцтэй төхөөрөмжүүдийг бөөнөөр нь үйлдвэрлэхэд бэлэн болсон хэмээн мэдэгдсэн юм. “LG” корпорацийн гар утасны салбарын дэд Ерөнхийлөгч Бу Хюаны хэлснээр уян дэлгэцтэй эхний загвар энэ оны дөрөвдүгээр улиралд худалдаанд гарах гэнэ. Нэ талаар тус корпорацийн топ менежер “The Wall Street Journal” сэтгүүлийн сурвалжлагчид хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна. Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын “Korea Times” сонин “LG” корпораци уян “OLED” дэлгэцийг 2013 оны хоёрдугаар улиралд олноор үйлдвэрлэн гаргах гэж байгаа хэмээн мэдээлж байсан юм. Мөн оны эхэнд “CES 2013” үзэсгэлэн дээр “LG” компани “OLED” дэлгэцтэй зурагтын загварыг танилцуулсан. Гэхдээ уг зурагны өөрийн өртөг маш өндөр тул бөөнөөр үйлдвэрлэн гаргах боломжгүй байгаа аж.

Финляндын гар утас үйлдвэрлэгч “Nokia” компани уян дэлгэцтэй төхөөрөмж үйлдвэрлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Түүгээр ч барахгүй өөрсдийн гар утас дээрээ уян дэлгэцийн туршиж байгаа бөгөөд туршилт ч амжилттай болж байгаа талаар зарласан. “Бид уян, зөөлөн, тунгалаг дэлгэц болон гадаргуун дээр ажиллаж байна. Эдгээр нь ирээдүйд уян утас, планшет, зурагт, нарны зайн нэг хэсэг болох болно шүү дээ” хэмээн “Nokia” компанитай хамтран ажиллаж байгаа профессор Феррари ярьж байна.

Австралиас ийм мэдээ дуулна гэж бодоогүй л биздээ

Австралийн “Australia Queen University”-ийн судлаачид “Morephone” хэмээх зарим нэг хэмжээгээр хэлбэрээ өөрчлөх чадвартай төхөөрөмж буюу ухаалаг гар утсыг гаргажээ. Уг гар утасны хэрэглэгчдийг татах гол онцлог бол орж ирж байгаа дуудлага, текстэн мэдээлэл болон электрон шуудан хүлээж авахад гарсан өөрчлөлт юм.

“Ихэнхи хүмүүс гар утасныхаа дуудлагын хонх эсвэл чимээгүй чичиргээгээр утсандаа ямар нэгэн мэдээлэл ирж байгааг сайн мэддэг. Гэтэл “чимээгүй” дээрээ тавьчихсан тохиолдолд нэг дутагдал бий. Тухайн хүн утасныхаа дэлгэц рүү хараад сууж байгаагүй тохиолдолд мэдээллийг цаг алдан хүлээж авдаг. Харин “Morephone” –тай  байсан тохиолдолд хэрэглэгч утасныхаа хөдөлгөөн, хэлбэрийн өөрчлөлтөөр хэн нэгэн түүнтэй холбогдохыг хичээж байгааг мэдэх боломжтой” хэмээн энэ төсөл дээр ажиллагч судлаач Роель Вертегаал ярьж байна. Харамсалтай нь “Morephone” одоогоор бүрэн бүтэн ухаалаг гар утас ч биш, мөн гар утас ч биш ажээ.

Зарим нэг ирээдүйг харсан эрдэмтдийн таамаглалаар уян, нимгэн ухаалаг утаснууд ирээдүйн гар утасны холбоо болон бусад харилцааны хэрэгсэл болох аж. Харин “Morephone” ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн хувьд ийм бодит төхөөрөмж иргэдийн гар дээр очиход наанадаж 5-10 жил шаардагдах гэнэ.

Өөр нэг сонирхолтой зүйлийг дурдвал:

“Erogear” компани “Kickstarter” төслийн хүрээнд уян портатив диод гэрэлтэй дэлгэцийг танилцуулсан. Энэ төхөөрөмж планшет болон ухаалаг гар утаснаас Bluetooth-ээр удирдагддаг бөгөөд 32 грамм жинтэй, 32 бит бичил процессор, флэш санах ой, тэжээлийн блоктой. Өргөн нь ердөө хоёр миллиметр, 11 х 3 ба 11 х 5 дюйм гэсэн хоёр хэмжээтэйгээс сонгож болно. Зах зээл дээр 2014 оны эхээр гарч эхлэх гэнэ.