Сансар огторгуйтай холбогдогч “Дэлхийн хүйс”

Асар том, бага зэрэг товгордуу, яг л буруу эргэсэн хүй шиг, эсвэл мянга мянган жилийн тэртээх эртний хүмүүсийн галын тойрог шиг сонирхолтой газар ОХУ-ын Волгоград мужийн Иловлин районд байдаг бөгөөд сансраас маш тод харагддаг байна.  Энэ нь үнэн хэрэгтээ Дэлхийн хүй юм. Энд нэгэн цагт аж төрөн сууж, галын бурхан Агниг тахин шүтдэг байсан зоро-астрийцууд үүнийг “Дэлхийн хүй” хэмээн итгэж, шүтдэг байсан аж. Харин нутгийн оршин суугчид үүнийг “нисдэг таваг” буюу харь гарагийн хөлөг буудаг газар эсвэл ид шидтэнгүүдийн аймшигт хараалаар хамгаалагдсан эртний овог аймгуудын хүчирхэг удирдагчийн нууцлаг булш хэмээн үздэг гэнэ.

Пирамидаас хөгшин

Алдарт Египетийн пирамидаас ч өндөр настай энэ газар одоо харь гараг, сансрын эрчим хүч, түүхч, археологчид болон зүгээр л сонирхогчдын зүглэх дуртай газар болсон. Тэд үүнийг манай дэлхий дээрх хамгийн эртний буюу хүрэл зэвсгийн үед хамаарагдах гал шүтэгчдийн тойрог хэмээн үзсэн байна. Эрдэмтэд үүнийг зоро-астрийцуудын бурхандаа тахил өргөдөг газрыг таван мянган жилээс илүү настай хэмээн нэгэн дуугаар баталж буй. Арай даруухан дуугарвал ердөө 2,5 мянган жил гэнэ. Галын энэхүү сүмийн баригдсан хугацааг тодорхойлоход хүндрэлтэй байгаагийн шалтгаан нь өнөөг хүртэл эндээс шаазангийн нэг ч хэлтэрхий, ширхэг ч яс олоогүй. Эдгээр зүйлс нь эртний байгууламжийн насыг тодорхойлох хамгийн энгийн олдворууд байдаг аж.

Тиймээс археологчид эндээс олдсон эртний нүүрсэнд радио нүүрстөрөгчийн шинжилгээ хийлгэхээр ОХУ, Герман, АНУ-ын лаборатори руу явуулжээ.

Гэвч шинжилгээ сөрөг гарсан. Одоо энэ газраас гарсан улаан шавран чулуу болон шатсан нүүрсийг хүмүүс гэр рүүгээ дурсгал болгон зөөсөөр байна. Учир нь энэ объект задгай талбайд оршихоос гадна ямар ч хамгаалалтгүй.

XIX зууны эцсээр Пётр Авдеев гэгч баян эр энд алт эрэхээр шийдэж, зөндөө ухаж төнхсөн ч хэдэн чиргүүл модны нүүрснээс өөр юу ч олоогүй гэдэг.

1920-иод оны үед Зөвлөлтийн эрх баригчид Москвагаас ийш нь археологчидыг илгээжээ. Гэвч нутгийн оршин суугчид ариун хэмээн үздэг энэ газраа ухаж төнхүүлэхийг хүссэнгүй, археологчдод саад хийжээ.

Түүнчлэн хар хүчний нөлөө ч орсон байх магадлалтай. Учир нь өдөр нь археологчдын ухсан нүх тодорхойгүй шалтгаанаар шөнөдөө шороогоор дүүрчээд байсан гэнэ.

Ухсан шороогоо зайлуулдаг байсан морьд нь хязгааргүй уудам тал руу зугтаж, үзэгдэх бараагүй алга болсон байна. Ёстой л ямар чөтгөр нь болоод байна аа гэмээр. Тиймээс археологчдод юм хумаа боож баглаж аваад буцахаас өөр аргагүй болжээ. Энэ явдлаас хойш 10 гаруй жилийн дараа л профессор Анатолий Скрипкинаар ахлуулсан Волгоградын Хүмүүнлэгийн сургуулийн судалгааны баг эртний булшийн нууцыг тайлж чадсан юм.

Зөнч мэргэд гал шүтдэг байв

Дэлхий дээрх эртний шашнуудын нэгийг Манай Эриний өмнөх 1,2 мянган жилийн тэртээ төлөгч Зараустра түгээн дэлгэрүүлжээ. Зөнчид түүдэг асаан зан үйлээ гүйцэтгэдэг байжээ. Задгай газар бадамлан асч байгаа гал хүмүүст муу хүчтэй тэмцэх хүч чадал өгдөг байжээ. Галын дөлд зөвхөн цагаан халаат, цагаан малгай өмсч, цагаан баг зүүсэн хүмүүс л хүрч болдог байж. Түүнчлэн галтай яг л амьд зүйл мэт харьцаж, цэвэрлэж, сэргээж байсан байна. Ариун галыг айлын гал голомтоос авч ирсэнээс авахуулаад 16 өөр төрлийн галаас бүрдүүлдэг байж. Хамгийн үнэ цэнэтэйд аянганд ниргүүлсэн модноос авсан гал ордог байсан бөгөөд ийм галыг олж авахын тулд удаан хүлээж, бас нямбайлан сахиж хадгалдаг байв. Харин төлөгч Зараустра Бактрийн нүүдэлчдэд алагдсан гэдэг боловч өнөө цагийн гал тахин шүтэгчид түүнийг өмнөд Волгоградаас хэдхэн км зайд орших Гэгээн Ярд оршуулсан хэмээн баталдаг. Тиймдээ ч тэд одоо болтол тэнд өөрсдийн нууц зан үйлээ үйлддэг гэнэ.

Дон, Повольже, Хар далайн чанадад зороастризм татар монголчуудын довтолгоон хүртэл оршин тогтнож байсан аж. Өөрөөр хэлбэл Донын өргөн уудам тал дээгүүр бараг 1000 жилийн турш тэнгэрт өтгөн хар утаа суунагладаг байж. Үүний дараа зороастризмыг лалын шашин орлон гарч ирсэн байна. Хүрэл зэвсгийн үед Донын өргөн уудам талд амьдран суудаг байсан овог аймгуудын гал шүтэгчдийн байгууламж хоёр метрийн гүн, өргөөшөө 24-32 метр, 200 хүртэл метрийн диамертэй байжээ. Харин төв хэсэг нь газрын гадаргаас хоёр метр өндөрт өргөгдсөн байжээ. Үүн дээр нь маш ухаалаг аргаар бодож олсон том зуух олдосон гэнэ. Ёроол болон хананд нь галд тэсвэртэй цагаан чулуугаар доторложээ. Чулуун зуухыг дүүртэл нь мод дүүргээд дээгүүр нь шохойн чулуугаар бүрхээд дараа нь шатаадаг байсан бололтой. Шохойн чулуун давхрага нь зан үйл гүйцэтгэж байгаа гал шүтэгчдийг түлчихэлгүй, зөвхөн өтгөн хар утаа суунаглуулдаг байж. Энэ суунаглаж байгаа утаа хэдэн км-ын алсаас харагддаг байсан нь мэдээж. Бараг л утаат дохио өгч байгаа мэт. Гэхдээ хэнд вэ? Шүтээн байрлуулсан толгодын хэлбэрийг ажиглавал дэлхийн төвийг санагдуулам. Харин галын сүм сансрын гурван хаанчлал руу орох үүд аж. Тэнгэр, газар, гал. Сүмийн гол хаалга нь амар амгалан, амьдрал, эрч хүчийг дэмждэг Дэлхийн хүйс хэмээн тооцогддог байж. Үүнийг галын бурхан Агни сахин хамгаалдаг хэмээн гал шүтэгчид итгэдэг байжээ. Зуухан дахь халуун 1000 хэм хүрдэг байсан бололтой. Учир нь ариун газрын эргэн тойрноос олдсон чулуунуул яг л солир шиг хайлуулсан бүрхүүлтэй болсон байжээ. Тэгэхээр хэдэн зууны турш галыг унтраалгүй сахин хамгаалж яаж чадав? Археологчдын саяхан олдсон олдвор дээрээ тулгуурлан гаргасан дүгнэлтээр бол байнга утаа гаргаж, түлээ бэлдэж аварга зууханд хийхээр итгэмжлэгдсэн хүмүүсийг томилдог байсан бололтой.

Тэдний сууцыг сүмээс холгүйхэн Хлебная, Качалинская орчмоос илрүүлжээ. Магадгүй галыг унтраахгүйн тулд сахин хамгаалж, байнга манаж байх хүндтэй энэ ажил үе уламжлан хийгддэг байсан байх.

Гар утасны сүлжээ унадаг газар

Булшны ойролцоо онцгой энергитэй ажээ. Чухам энэд ирээд л гар утасны сүлжээ алга болоод байв. Тимйээс сансарын эрчим хүч судлаачид галын сүмийг тусгай хүч энергитэй газар баригдсан хэмээн үзэж байгаа. Ямар ч сайн сүлжээ барьдаг утас ариун газрын ойролцоо шууд л алга болж байв. Гэхдээ хүний бие организмын хүч чадал гэнэт нэмэгдэж, сэтгэл санаа сэргээд, цовоо сэргэлэн болох нь гайхалтай аж. Харин ойролцоо орших Румын уулан дахь байгууламжинд гадаад, дотоодын сонирхогчид олноор ирдэг. Гэхлээ тэнд 20 минутаас илүү байж болохгүй хэмээн зөвлөдөг. Учир нь тэнд толгой маш хүчтэй хатгаж өвддөг байна. Гэхдээ л энэ бүхэн сониуч хүмүүсийг зогсоох зүйл биш аж. Заримдаа Румын уулын орой дээр нүцгэн хүмүүсийн гар гараа барин тойрог бүжиг хийж байгааг олж харах болно. Тэнд энергийн хоёр урсгал явагддаг гэж тэд итгэдэг. Нэг нь тэнгэрээс газар руу, нөгөө нь газраас сансар руу. Гэхдээ сансартай онцгой холбоо тогтоож чадсан нь нэгээхэн ч үгүй. Үүний тулд өөрөө онцгой байх хэрэгтэй байх л даа.