Зэрэгцээ ертөнц гэж бий юу?

Шөнө дунд гэрт чинь утас дуу­гарах чимээ гарна. Үглэн байж та харилцуурыг автал сонин янзын дуу авиа, шаахитнаан, ойлгомжгүй чимээ гарахыг сонсоно. Ийм байдалд та орж байсан уу? Утсаар тоглогчид гэж битгий бодоорой. Магадгүй, тань руу нөгөө ер­төнцөөс залгасан байж мэдэх юм.

• Зөвхөн баримтууд •

Ажлаа яг таг хийдэг Айрис

1965 оны зун Америкийн нэгэн эмнэлэгт Айрис Брэйс гэдэг эмэгтэй таалал төгсчээ. Түүний үхэл эмч нарын хувьд гайхал төрүүлсэн зүйл болов. Учир нь, Айрисын хийлгэсэн мэс ажилбар ямар ч аюул авчрахааргүй, харин ашиг тусаа өгөхгүйц ажиллагаа байсан юм. Түүний үхэл эмч нарыг, талийгаачийн гэр бүлийг, түүнч­лэн түүний даргын сэтгэлийг гонсойлгосон аж. Айрис эдийн засгийн ухааны профессорын нарийн бичгээр ажилладаг байжээ.

Оршуулгын өдөр профессор өвгөн гэнэт нэг зүйлийг санасан гэнэ. Хэд хоногийн өмнө тэрбээр Айрисыг нэг хүнтэй холбогдоод, түүнийг цуврал лекцэнд оролцох боломжтой эсэхийг олж мэдээрэй гэж гуйсан байв. Мэдээж хэрэг, нарийн бичиг нь эмнэлгээс гарсан даруйдаа түүний өгсөн даалгаврыг биелүүлэх ёстой байлаа.

Гэвч нөхцөл байдал таагүй явдлаар өндөрлөсөн тул профессор эр өөрөө залгаж ярихаар шийджээ. Үнэнч ажилтан Айрис тэнгэрт хальсныг мэдээгүй нөгөө хүн профессор эрийн хоолойг сонсоод “Түр хүлээгээрэй, над руу өөр утсаар залгаж байна” гэж хэлжээ. Хэсэг хугацааны дараа тэрбээр профессорт хандан “Дөнгөж сая над руу таны нарийн бичиг хатагтай Брэйс залгаад надаас лекцэнд суух боломжтой эсэхийг асуулаа” гэв.

Брэндигүй ч гэсэн сайхан байна

1971 оны тавдугаар сард Аризона мужийн оршин суугчид болох Макконелл гэр бүлийн хоёр үдэш орой гэртээ сууж байтал гэнэт тэдний танил Инесс Жонсоны дуудлага нам гүмийг эвджээ. Хатагтай Жонсон саяхан бие нь тавгүйрхсэн тул эмнэлэгт хэвтсэн бөгөөд уйдсан тул найз эмэгтэйтэйгээ утсаар чалчихыг хүссэн нь тэр байв. Хоёр эмэгтэй хагас цаг орчим ярилцсаны эцэст хатагтай Макконелл эмнэлэгт хэвтэж буй найзыгаа Инессын дуртай ундаа болох бөөрөлзгөний нэг лонх брэндитэй очиж эргэх бодолтой байгаагаа хэлжээ.

Гэтэл хатагтай Жонсон эргэлт авахаас эрс татгалзсан бөгөөд гунигтай хоолойгоор “Брэнди надад одоо хэрэг болох­гүй” гэсэн аж. Удалгүй тэрбээр сэд­вээ өөрчлөн, биеийн байдал нь маш сайн байгаа бөгөөд өмнө нь хэзээ ч ийм аз жаргалтай байгаагүй гэдгээ өгүүлэв. Аз жаргалтай байгаа бол сайн хэрэг гэж бодоод хатагтай Макконелл тайвширчээ. Таван хоногийн дараа тэрбээр эмнэлэг рүү утасдаад өөрийн найз Инесс Жонсоныг нарт хорвоогоос хэдэн долоон хоногийн өмнө халин одсоныг мэдээд ихэд гайхсан гэдэг. Тэгвэл хэн түүнтэй утсаар ярьж, сэтгэл санаа өөдрөг байгаа хэмээн брэнди дарснаас татгалзсан байж болох вэ?

Мөнгө байгаа газраа хэлэв

Нэг өдөр Английн жүжигчин Ида Люпиногийн гэрт утас нь хангинав. Түүн рүү залгасан хүн бол гурван сарын өмнө өөд болсон түүний аав Стэнли байсан юм. Магадгүй, Ида ааваасаа ямар нэг мэдээ ирэхийг хүлээж байсан болов уу. Талийгаачийн хийсэн дуудлага охиныг нь огт айлгасангүй. Эсвэл магадгүй, биеэ сайн барьж чаддаг англи бүсгүй орь дуу тавиагүй болов уу.

Стэнли охин руугаа маш тодорхой зорилготойгоор залгажээ. Нас барахаасаа өмнөхөн тэрбээр гэрээслэлээ бичсэн ч түүнийгээ хаана хийснээ охиндоо дуулгаж чадаагүй гэнэ. Хөөрхий Ида тэрхүү баримт бичгийг хайгаад ололгүй цөхөрсөн тул Стэнлигийн дуудлага түүнд их нэмэр болжээ. Аав нь өөрийнхөө сүүлчийн хүслийг хаана нууснаа хэлж өгсөн гэдэг.


“Чи над руу зөвхөн утасдаарай”

Дээр өгүүлсэн тохиолдлууд бол нөгөө ертөнцөөс хийгдсэн дуудлагуудын ердөө өчүүхэн хэсэг нь юм. Өнгөрсөн зууны 90-ээд онуудын эцсээр энэ үзэгдэл дэндүү олширсон тул үүнийг Манчестерийн их сургуулийн учир нь тайлагдашгүй үзэгдлүүдийг судлах эрдэмтэд сонирхон суд­лах болжээ. Дөрвөн жилийн дотор тэд нас барсан хүмүүсийн хийсэн 1000 гаруй дуудлагыг бүртгэж авсан бөгөөд судалгааны ажлын дүнгээсээ хуваалцахад бэлэн болсон гэнэ.

Бүртгэгдсэн тохиолдлуудын тэн хагаст нь өөд болооч болон түүнтэй ярилц­сан хүмүүс үг сольсон бол 25 хувьд нь дуудлага хийсэн хүн ярьжээ. Бусад тохиолдолд нөгөө ертөнцөөс ярьсан хүний дуу хоолой ойлгомжгүй, шуугиан ихтэй байсан аж. Хамгийн сонирхолтой нь, утсан холбооны операторууд нэг ч тохиолдолд дуудлагыг бүртгэж авч чадаа­гүй юм. Өөрөөр хэлбэл, мэдрэгч төхөөрөмжүүд дохиог барьж авч чадаагүй гэнэ.

Талийгаач юу гэж хэлсэн вэ?

Эрдэмтдийн тайвшруулж байгаагаар нөгөө ертөнцөөс ирж байгаа дуудлагаас айх хэрэггүй юм. Нас барагсадтай утсаар ярьсан хүмүүс талийгаачтай ярилцсан нь сөрөг эмоци төрүүлээгүй, харин ч тайвшрал, баяр баяслыг авчирсан хэмээн нэгэн дуугаар ярьжээ. Хорвоог орхигсод зөвхөн гэр бүл, ойр дотны хүмүүсээ “сандаргадаг” бөгөөд огт хэрэггүй зүйлийг сануул­даггүй аж. Харин тэд удахгүй болох чухал үйл явдал, гай зовлонг анхааруулж, өөрийн сайн сайхан байгааг мэдээлэх гэж залгадаг байна. Ганцхан тохиолдол л эмгэнэлт төгсгөлтэй байсан юм. Гэхдээ түүнийг талийгаачийн буруутай үйлдэл гэж үзэж болохгүй болов уу. АНУ-ын Орегон мужид амьдардаг 73 настай бэлэвсэн эмэгтэй рүү талийгаач нөхөр нь утасджээ. Тэр эмэгтэй хэдэн минутын туршид нөхөртөө найз нөхөд болон гэр бүлийнхнийхээ талаар ярьж, түүний хайр дурлалаа хэрхэн илэрхийлж буйг сонссон ч гэрийн эзэн ямаршуухан байдалтай, хаана байгаа талаар бага зүйлийг олж мэджээ. Бага зүйл ч биш харин юу ч олж мэдээгүй юм. Яагаад гэвэл залгасан хүн энэ талаар ямар нэг зүйл ярихаас эрс татгалзжээ. Энэ ярианы дараа бэлэвсэн эмэгтэй сэтгэл нь түгшиж, ихэд шаналсан тул зүрхний шигдээсээр өөд болсон гэдэг.

Эндээс нэг асуулт урган гарах нь дамжиггүй юм. Манай монголчууд өөд болсныхоо дараа гэр бүл, ойр дотны хүмүүс рүүгээ яагаад утасддаггүй вэ? Яагаад энэ үзэгдлийн тухай мэ­дээл­лийг зөвхөн Америкийн болон Баруун Европын эрдэмтэд сонирхож байна вэ? Нөгөө ертөнцөөс ийм дуудлага хүлээж авсан хүмүүс мэр сэр байдаг ч тэр болгонд үүнийгээ ил бол­гохоос эмээсэн байдаг болов уу. Тэгвэл нарлаг Бразил Улсад талий­гаач болсон дотны хүнтэйгээ утсаар ярих нь нэг төрлийн бизнес болж дэлгэрчээ. Бразилийн нэгэн эгэл жирийн эмэгтэй Соня Ринальди гэртээ нөгөө ертөнцтэй найдвартай холбогдох ярилцах төвийг бай­гуулсан гэнэ. Талийгаачтай ямар нэг зүйлийн талаар ярилцахыг хүссэн хэн боловч хатагтай Ринальди дээр очоод хэдхэн реал төлөхөд л нөгөө ертөнцтэй холбогдох боломжтой аж. Тухайн хүн өөрийн сонирхсон асуултуудыг тавихад утасны цаанаас хамаатан нь хариулдаг байна. Гэхдээ тэр хүний дуу хоолой талийгаачийнхтай “үнэхээр” адилхан байдаг гэнэ шүү. Ямар ч байсан нөгөө ертөнцөөс ярьж байгаа хүний хамгийн түгээмэл асуудаг асуулт бол “Сайн уу? Чи мөн үү?” гэнэ.

Холбогдох боломжгүй

Үүний эсрэг зүйл буюу өөд болоочид руу утасдаж, тэдэнтэй ярилцаж чадсан ховор хүмүүс бас бий. Гэхдээ тэдгээр хүмүүс цаад ярьж байгаа хүнийгээ амьд сэрүүн байхгүй болсон гэдгийг мэдээгүй юм. Нэгэн удаа Лос-Анжелес хотын оршин суугч Николь Фридман тэр үед өөр хотод ажлаар явж байсан нөхөр Бобы­гоо зүүдэлжээ. Шууд хэлэхэд, тэр зүүд тун таагүй байсан аж.

Николь зүүдэн­дээ цохондоо буудуулж, цусан дотор хутгал­дан хэвтээ нөхрийгөө хар­сан байна. Хар хөлсөн нь цутгасан Николь давхийн цочиж сэрээд шууд л нөхөр рүүгээ утасд­сан аж. Боб юу ч болоогүй юм шиг утсаа авсан бөгөөд бага зэрэг гунигтай хоолойгоор одоо тэд нэг нэгнээсээ их хол байгаа гэдгийг өгүүлжээ. Тэр үеэр Бобын цогцос тус хотын шарил хадгалах байранд хүргэг­дээд хэдэн цаг болсон байсан нь хожим тогтоогдсон гэнэ. Түүнийг дээрмийн халд­лагын үеэр буудан хороожээ.

Үүнтэй төстэй зүйл Америкийн иргэн Смиттэй тохиолдсон юм. Тэр эмэг­тэйд долоон жилийн туршид огтхон ч ха­рил­цаатай байгаагүй найз эмэгтэй нь яагаад ч юм гэнэт зүүдлэгджээ. Энэ удаа түүний зүүд мөн л аймшгийн байсан аж. Найз эмэгтэй нь шалан дээр цусан дунд хутгалдан хэвтэж байв. Айж сэрсэн Смит бүсгүй зүүдэнд нь ирсэн найз эмэгтэй рүүгээ утасдтал цаадахь нь үнэхээр л өвдсөн бөгөөд одоо бие нь илааршсан хэмээн өөдрөг гэгч нь хариулжээ. Үгэнд нь итгэж чадаагүй Смит найз дээрээ очно гэдгээ хэлтэл нөгөөх нь гэнэт сандраад, түүн рүү эргэж утасдана гээд утсаа тасла­сан аж.
Мэдээж, дахиж тэрбээр залгасангүй. Хатагтай Смит сэтгэл нь амраагүй тул найз эмэгтэйнхээ ойр дотныхон руу утас­­даад юу болсныг асуужээ. Тэгтэл тэд түүнд өөртэй нь ярьсан эмэгтэй нас бараад хагас жил болж байгааг хэлсэн байна.

Эдисоны хийж дуусгаагүй зүйл...

Аль XIX зуунд гэрлийн чийдэн болон кино проекторыг зохион бүтээсэн суут эрдэмтэн Эдисон цахилгаан дохио биднийг нөгөө ертөнцтэй холбох боломжтой хэмээн өгүүлж байсан билээ. Өөд болсон дотны хүмүүс рүүгээ утсаар залгах нь хэн нэгний уран сэтгэмж бус харин боломжтой бодит зүйл гэдгийг тэр ярьж байв. Америкийн эрдэмтэн энэ хүн өөрийнхөө энэ бодлыг хэрэгжүүлж, нотлохоор тусгай төхөөрөмж хүртэл зохион бүтээжээ.
Гэвч Эдисон энэ ажлаа дуусгаж амжилгүй өөд болсон юм. Түүний туслагч бие даан энэ ажлыг дуусгаж чадаагүй билээ.

Өөрийгөө өмөөрөх мэт тэр хүн “Бид хоёр мундаг нээлт хийхэд тун ойрхон байлаа. Уучлаарай, харамсалтай нь тэр өөд болчихлоо” гэж хэлжээ. Ямар ч байсан их эрдэмтэн Эдисон түүн рүү залгаагүй аж. Орчин үеийн эрдэмтэд энэ тал дээр эрс өөр байр суурьтай байгаа юм. Тэд үхэгсдийн ертөнцтэй ямар нэгэн утсан холбоо байхгүй, байх ч ёсгүй гэж мэдэгддэг. Харин тэр нууцлаг дууд­лагууд бол хүний сэтгэцэд гардаг нэгэн тодорхойгүй үзэгдэл гэж онцлов. Ийм тохиолдол гарах бүрт тухайн хүн өөд болоочтой утсаар ярилцах бус харин талийгаачийн сүнстэй холбогддог гэнэ. Нас барсан хүний дуу хоолойг соронзон бичлэг хийгч төхөөрөмж “бүртгэж авч” чаддаггүй бөгөөд тэр дуу хоолойг зөвхөн тодорхой хүн л сонсдог байна. Харин тухайн үед хэдхэн сантиметрийн зайд байсан гэрчүүд ямар нэг зүйл сонсдоггүй аж.

Судлаачдын ажигласнаар бол нас барагсад өөд болсныхоо дараа эхний 24 цагийн дотор залгах “дуршилтай” байдаг гэнэ. Мөн тэнгэрт хальснаас хойш долоо дахь өдөр дээрээ залгах нь бий. Харин уйгагүй, шургуу хүмүүст гурван сар тутамд амар заяа үзүүлдэггүй байна. Өөрөөр хэлбэл, хүн өөрийг нь орхиж явсан хэн нэгнийг санаж, уйтгарлавал өөд болоочийг өөрийн мэдэлгүй “халз ярилцлага”-д дууддаг аж. Харин уй гашуу намжсаны дараа тэр дуудлага үгүй болдог гэнэ. Ийм байж болно. Тэгвэл өөрийн даргадаа тийм айхтар сайн байгаагүй, хамтрагчид нь бүр ч сайн байгаагүй нарийн бичиг хүүхэн Айрис Брэйсийг яах болж байна вэ? Тийм учраас гүн шөнийн нойрон дунд чинь утас дуугарвал айх хэрэггүй. Дуудлага хийгээд олигтой юм ярилгүй шуухитнаж байвал зүгээр л дүрсгүй хүмүүс наадаж байж мэдэх юм шүү. Айх хэрэггүй.