​“Бөөр шилжүүлэн суулгалт” номын нээлт болно

Зохиолч Лхамсүрэнгийн Жамбалжав мэргэжлийн мэс заслын эмч. Монгол улсад анх удаа 1996 онд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн. Мөн 2006 онд Хятадын эмч нартай хамтарч ихэрийн бөөрийг амжилттай шилжүүлж суулгасан. Тэд одоо ч энх тунх амьдарч байна. Одоо Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг бүрэлдэж Улсын 1-р төв эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах хагалгааг тогтмол хийж байна. Саяхан тэд 88 дахь хагалгаагаа амжилттай хийгээд байна.

Профессор Л.Жамбалжав Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгах хагалгааг анх түрүүн нэвтрүүлж үндэслэгчийн хувьд нарийн ажлын туршлага судалгааны материалдаа суурилан энэхүү номыг бүтээжээ. Уг номд бөөр шилжүүлэн суулгалтын дэлхий дахины болон Монголын түүхийг бичиж, бөөр суулгах өвчтөний бэлтгэл, сонголт, мэдээгүйжүүлэлт хагалгааны техник арга барилыг олон орны судлаачдын бүтээл мэдээ тайланд үндэслэн тодорхой бичсэн байна. Мөн Монгол Улсад нэвтрүүлсэн бөөр шилжүүлэн суулгах хагалгааны үр дүнг багийнхаа хамтын бүтээлээр оруулжээ. Бөөр шилжүүлэн суулгалт гэдэг ном Монгол Улсад эд эрхтэн шилжүүлэн суулгах цоо шинэ салбарын анхны бүтээл юм. Уг ном мэргэжлийн эмч, оюутан мөн эд эрхтэн шилжүүлэн суулгах анагаах ухааныг сонирхогч хэн бүхэнд хэрэгтэй ном болжээ.
 Энэхүү номын нээлт маргааш буюу энэ сарын дөрвөний өдрийн 12 цагт Интерномын төв салбарт болох юм байна.