“Дэлгэцийн ар талд” номын баярын өдөрлөг боллоо

МУГЖ Н.Ариунболдын аав Т.Намсрайжав гуайг бид олонд танигдсан олон сайхан дүрүүдээр нь мэддэг. Тэрээр “Дэлгэцийн ар тал” хэмээх нэгэн сайхан ном бичсэнээ олон түмэндээ дэлгэн үзүүллээ.

 

Энэхүү номыг бичигч нь 1939 онд Дорнот аймгийн Матад сумын Өлзийт хэмээх нутагт ард Түмэнгийн хоёрдугаар хүү болон төрж, 1965 онд ЗХУ-д соёл урлагийн дээд сургуулийн найруулагчийн анги төгсч, Сүхбаатар, Дорнод аймгуудын хөгжимт драмын театрт болон Монгол кино студид одоо хүртэл найруулагчаар ажиллаж байна.

Энэ хугацаанд «Хил дээр» уран сайхны кинонд БНМАУ-ын баатар Гиваан, «Моторын дуу» киноны нэгдлийн дарга, «Тэнгэрийн муухай арилдаг» кинонд гараашийн диспетчерт, «Би чамд хайртай» кинонд хороон дарга, «Тэмцлийн оч» уран сайхны кинонд Даалуучин Дорж, «Сахиул уу сахиус уу» кинонд согтуу жолооч, «Ацаг шүдний зөрөө» кинонд банкны Балдан, «Хөх өвсний нуур хөлгүй» кинонд тогооч Тулга, «Тоншуул» кинонд тэмээчин Барамсайд гээд 20 гаруй кинонд гол ба туслах дүрүүдэд тоглож үзэгч олны хэзээний танил болсон.

Тэрбээр Шинэ хотын гэрэл, Дэгдээхэй нас, Давааны цаана даваа, Тэнгэрийн муухай арилдаг, Бушхүүгийн үлгэр, Говийн зэрэглээ, Саруул талын ерөөл, Жаргал даахгүйн зовлон, Ацаг шүдний зөрөө, Намар нахиалсан мод, Тэмцлийн оч, Тань руу нүүж явна, Би чамд хайртай, Ховор хүмүүс, Хүний хүн, Эргүүлэг зэрэг 30 гаруй уран сайхны кинонд ассистент найруулагчаар ажиллаж явахдаа манай урлагийн ахмад туршлагатай найруулагч нарын тухай дурсамж яриа бүхий, энэхүү бяцхан товхимолыг уншигч танд толилуулахаар туурвижээ.

"Дэлгэцийн ар тал" номын нээлтийн үеэр түүний хүү МУГЖ жүжигчин Намсрайжавын Ариунболд  "Өнөөдөр миний аав Монгол кино нэгтгэлд, Монголын урлагт 50 гаруй жил ажиллаж байна. Аав маань Монгол кино нэгтгэлд ажиллаж байх хугацаандаа хийсэн уран бүтээлийнх нь жагсаалтыг харахад 400-аад бүтээл дээрээ ажилласан байна. Энэхүү 400 уран бүтээлд нь жүжиг, кино, уран бүтээлчдийнхээ тухай судалгаа, шүүмжлэл зэрэг ажлуудыг хийжээ.

Хүн мод тарих, худаг ухах, ном бүтээх нь их том буян  гэсэн. Аав минь өнөөдөр 70 гарч 80 дөхөж яваа насандаа энэ сайхан номыг бичиж, бүтээлээ” хэмээсэн байна.