Цэцэн мэргэний ертөнцөд аялахуй –Номын ертөнц дэх давалгаа

Залуус, хүүхдүүдийн шинэ содон бүрт тэмүүлж буй тэмүүллийг улам бүр утга учиртай болгох номын ертөнцөд нэгэн хуудас нэмэгдсэн нь Норвегийн зохиолч Жостеин Гаардерийн бичсэн “Софийн ертөнц” ном юм. Энэхүү номын хавтсанд нэрд гарсан сонин сэтгүүлийн “Өрнийн философийн 3000 жилийн түүхийг бүхэлд нь энгийн үг гайхамшигтай хүүрнэлд багтаан бичжээ”, “Өрнийн философийн түүхийг 14 настай Норвеги охинд бүрэн илэрхийлж өгчээ”, “Сониуч таамаглал гаргаж түүнийгээ ойлгомжтойгоор тайлбарладгаараа энэ бүтээл гайхалтай юм” зэрэг эшлэлүүд дурдагджээ.

Цэцэн мэргэн байхыг бүгд хүсдэг ч жинхэнэ тэрхүү ухаан гэж юу болохыг мэдэхэд, түүнд суралцахад гайхах, бас ухаан зарах хэрэгтэй аж. Үүнд энэ ном маш сайн эхлэн суралцах бичиг болох бөгөөд мэдлэгт тэмүүлэгч хэн бүхний хэрэгцээнд нийцэх юм.

Философийн хичээлийг ер бусын байдлаар өгүүлж, философи сонирхож, адал явдал эрэлхийлэгч хэн ч атугай уншиж болох энэ номонд бидний хэдийнэ танил Алладин, Гайхамшгийн орон дахь Алиса, Адам Ева хоёр, Тедди бамбарууш, Улаан малгайт, Тор зэрэг баатрууд байх бөгөөд тэднээр болон бусад гайхамшигтай санаагаар дамжуулан бидэнд яагаад цэцэн мэргэн ухаан хэрэгтэй тухай өгүүлсэн байдаг.

Дэлхийн олон оронд түргэн гүйлгээтэй номын жагсаалтад орсон энэ ном мөн монгол хэлнээ хөрвүүлэгдэн уншигчдын ширээнд очиж эхэлжээ.

Тус номын зохиогч Жостейн Гаардер Норвегид богино өгүүллэгүүдийн цоморлиг, залууст зориулсан романуудаараа алдаршжээ. Тэрээр дунд сургуульд философи заадаг байсан бөгөөд өдгөө зохиол бүтээлээ туурвин суудаг юм байна. Түүний бичсэн Софийн ертөнц хэмээх энэ ном англи хэлээр хэвлэгдэж, Норвеги төдийгүй олон улсын шилдэг номын жагсаалтад орсон юм.