Польшийн санвартан, одон орон судлач Николай Коперник

Николай Коперник

Польшийн санвартан, одон орон судлач Николай Коперник 1473 онд Висла мөрний эрэгт орших Тоурнь хотноо мэндэлжээ. Тэрээр баян айлд төрсөн бөгөөд идэр залуудаа Краков хотын сургуульд сурч байжээ. Дараа нь Италийн болоньягийн их сургуульд сурч докторын зэрэг хамгаалжээ. Коперник мэргэжлийн одон оронч байгаагүй юм. Одон орон түүний хувьд сонирхол байжээ. Гэвч тэрээр хүнтөрөлхтний түүхэнд мөнхөрсөн аугаа нээлтийг хийсэн билээ.
Коперник Италид сурч байхдаа дэлхий нарыг тойрч эргэдэг гэсэн эртний Грекийн гүн ухаантан Аристрах Самосскийгийн үзэл санаатай танилцаж түүнийг үнэн болоход итгэжээ. Коперник олон жилийн турш ажиглалт, судалгаа явуулж, бодитой нотолгоо дэвшүүлэн тавьсан “Тэнгэрийн эрхэсийн эргэлт” хэмээх номоо бичжээ.

Коперник 1533 онд буюу 60 настайдаа Италийн Ром хотноо лекц уншихдаа хамба ламын дургүйг хүргэхгүйгээр өөрийн онолын санааг дэвшүүлж байжээ. Гэсэн ч тэрээр 1543 онд буюу 70 насандаа л “Тэнгэрийн эрхэсийн эргэлт” номоо хэвлүүлжээ. Энэхүү номондоо тэрээр дэлхий тэнхлэгээ тойрон эргэдэг, сар дэлхийг тойрч эргэдэг, харин дэлхий нь бусад гаригуудын хамтаар нарыг тойрч эргэдэг гэж бичжээ. Гэвч Коперник нарны тогтолцооны далайцыг дутуу үнэлсэн юм. Тийм ч учраас түүний дэвшүүлсэн онол математик загварын хувьд буруу байсан юм.
Коперникийн ном хэвлэгдэж гармагцаа л бусдын анхаарлыг татав. Мартин Лютер тэргүүтэй хамба лам нар шууд л эсэргүүцэж байжээ. Түүний нөлөөгөөр Данийн одон оронч Тихо Браге, Германы одон оронч Иоханн Кеплер нар Коперникийн онолыг боловсронгуй болгож нээлтүүдийг хийсэн юм.

Аристрах Самосский Коперникээс 17 зууны өмнө нар төвтэй гариг эрхэсийн тухай таамаг дэвшүүлсэн боловч баталж чадаагүй юм. Чухамхүү Коперник түүнийг нь баталж хүнтөрөлхтний нүдийг нээсэн болээ. Мөн дараа дарагийн судлаачдад замыг нь засч өгсөн юм.

Коперникийн бичсэн “Тэнгэрийн эрхэсийн эргэлт” ном нь Галилей, Ньютон, Кеплер, Браге зэрэг дараа дараагийн эрдэмтэд нээлт, судалгаа хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ утгаар авч үзвэл Коперникийн нээлт орчин үеийн одон орон судлалын үсрэнгүй хөгжлийн гарааны эхлэл болсон гэж үзэх үндэстэй.

Коперник шашны мөрдлөгө хавчлагаас айж байсан учрас нас барахынхаа өмнө л номоо хэвлүүлжээ. Түүний дэвшүүлсэн онол нь шашныхны дургүйг ихэд хүргэжээ. Тухайн үед дэлхий төвтэй онол шашныхны дунд байсан бөгөөд өөр тайлбарыг хүлээж авахгүй байв. Николай Коперник бол дэлхийн соёл иргэншлийн сэргэн мандалтын гол төлөөлөгчдийн нэг юм. Католик шашны сүм хийд Коперникийн номыг 1835 он хүртэл хэвлэлхийг хориглож байсан гэх боловч Коперникийн үзэл санаа нэгэнт олон хүнд нөлөөгөө үзүүлж, нүдийг нь нээсэн юм. Одон орон судлалд хувьсгал хийсэн аугаа их гавьяа Польшийн Торунь хотын даруухан санваартан Николай Коперникт оногдох нь зүйн хэрэг юм.


Б. Батмөнх.