Шилдэг борлуулалттай 10 ном

Интерном их дэлгүүрийн өнгөрсөн долоо хоногийн  /2014.11.10-11.17/ шилдэг борлуулалттай 10 номын жагсаалтыг, танилцуулгын хамт хүргэж байна. 

Уран зохиолын төрлийн шилдэг борлуулалттай 5 ном 

1. “Зөгийн үүр бусниулсан охин”-Стиг Ларсон
Лизбет Саландер амь насыг нь хөнөөх гэсэн балмад эр болон амьдралыг нь нураан сүйдэлсэн төрийн институцээс өс хонзонгоо авна. Шударга бус тогтолцооноос болж айхтар хохирсон тэрээр хэнд ч итгэж болохгүйг яс махандаа шингэтэл ухаарсан боловч энэ удаад ганцаараа тэмцэж хүчрэхгүй байв. Энэ удаад адал явдалт, гэмт хэргийн сэдэвтэй зохиолоороо дэлхийд алдаршсан Шведийн зохиолч Стиг Ларсоны дээрх зохиол бестселлерийг тэргүүлжээ.

2 "1Q84" 1-р боть- Мүраками Харүки 

Зохиолч уг бүтээлийнхээ санааг 1995 онд Токио хотын метронд хорт хий тавьж олон хүний амь насыг сүйтгэсэн “Ум шинри кёо” шашны байгууллагын өдүүлсэн гэмт хэргийн бодит түүхээс авсан бөгөөд өөрт нь маш ихээр нөлөөлсөн кино, хөгжим, утга зохиолоос иш татаж, зохиолдоо шигтгэж өгснөөр уншихад энгийн ойлгомжтой хэрнээ аялгуу хэмнэл сайтай, нарийн мэдрэмж, төсөөлөхүй дагуулсан онцлог бүтээл болж чаджээ.

3.“Сорхугтани” –Б.Сарантуяа
Энэ роман их эзэн Чингис хааны үеэс Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жилийн хугацаа, Монголын нууц товчоо бичигдэж дууссан цагаас хойших түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган, эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулжээ. Зохиолч Б.Сарантуяагийн бичсэн энэхүү роман нь хэдэн сарын турш бестселлерийн тавцангаас буухгүй байгаа нь Монголчуудын унших дуртай ном гэдгийг батална.

4. “Луун шивээст охин”- Стиг Ларсон 
Хүн амины учир битүүлэг хэрэг, гэр бүлийн сүйрэл, хайрын түүх, санхүүгийн нарийн асуудлуудыг нэг дор, цогцоор нь үнэмшилтэй харуулж чадсан гайхамшигтай бүтээл бол “Луун шивээст охин” юм.  Хээл хахуулийн сүлжээ, хуулийн цоорхой, гэр бүлийн тэмцлийг нэгтгэн харуулсан энэхүү ном шилдэг борлуулалттай байгаа бөгөөд мөн л Стиг Ларсон бичсэн юм.

5.“Ногоон нүдэн лам”- Ц.Оюунгэрэл
Уг номыг Монголд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж байсан хохирогчид, тэдгээрийн ар гэр, үр хүүхдэд зориулан бичжээ. Зохиолд хөдөөгийн залуу сайхан бүсгүй Сэндмаа, хийдийн идэр лам Баасан нарын ээдрээтэй хайр дурлалын түүхээр ороо бусгаа нийгэм, аймшигт аллага, яргалал, гэмгүй олон мянган лам, хар хүмүүсийг хэрхэн хоморголон хороосон, тэр цаг үед яг юу болсон, үйл явдлын золиос нь хэн байсан, тэр бүгдээс хэн хожиж, хэн хохирсон талаар өгүүлнэ. Мөн л удаан хугацааны туршид шилдэг борлуулалттай номын тавцангаас буугаагүй нь зохиогч түүхийн тэрхэн цаг үеийг хэрхэн чадварлагаар өөрийн бүтээлдээ тусгасныг илтгэх биз.

Уран зохиолын бус төрлийн шилдэг борлуулалттай 5 ном

1. “Монгол хэлний сурагчийн тайлбар толь”
Монгол хэлний арвин сангаас орчин цагийн монгол хэлэнд өргөн хэрэглэгддэг "уугуул" үгийг түлхүү оруулж, мөн түүхэн болон харь үг, нэр томъёо, хэлц үгийг багтаасан 27,000 гаруй үг, хэллэгтэй "Сурагчийн тайлбар толь"-ийг ахлах, дунд ангийн сурагчдад зориулан гаргасан бөгөөд энэхүү ном шилдэг борлуулалттай байна. 

2. “Өөдөө тэмүүл” – Шерил Сандберг

Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал, Тайм сэтгүүлээс 2013 онд гаргасан “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн” жагсаалтанд багтсан Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” хэмээх энэ номажлын байранд болон ар гэртээ эмэгтэйчүүдийг хэрхэн дэмжиж болохыг, энэ нь эргээд ямар ач холбогдолтойг эрчүүдэд тод томруунаар үзүүлжээ.

3. “Оксфорд-Мон судар” толь бичиг
90000 гаруй үг хэллэг, 135 мянга гаруй орчуулга багтсан энэ толь дотроо англи хэлний хэлц, ярианы болон бичгийн хэллэгийг давхар хамарсан болно. Мөн албаны хэллэгээс эхлээд хар ярианы үгийн сан, зөв бичлэг, дуудлага, түүнчлэн англи хэлний дүрмийн бус үйл үгийг багтааснаас гадна 70 гаруй захидлын загварыг оруулсан тус ном шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлжээ.

4. “Дори идэр дүүдээ” -Б.Батбаяр
Нэрт нийтлэлч Б.Баабар 1992 онд өсвөр насны охид, хөвгүүдийн оюуны боловсролд зориулж “Дори Идэр дүүдээ хандах нь” хэмээх энэ номоо бичсэн. Энэхүү ном нь суут хүмүүсийн хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, шинжлэх ухааны дэвшилтэт ололт, соёл, утга зохиол, урлаг, уран зургийн гайхамшгуудын тухай багцлан эмхэтгэсэн танин мэдэхүйн онц сонирхолтой ном юм.

5. "Оксфорд Монсудар Англи-Монгол, Монгол-Англи өврийн шинэ толь"

Оюутан залуус, аянчин жуулчин, ажил хэрэгч хүмүүст зориулан гаргасан байна. Уг толь бичигт мэргэжлийн өндөр түвшинд хийсэн орчуулгаас гадна өдөр тутмын ярианы хэллэг, жин хэмжүүр, тэмдэглэлт өдрүүд, газар орны нэр зэрэг нэмэлт мэдээллүүд багтжээ. Тус толь бичгийн англи орчуулгад толгой үгсийн үндсэн утга хийгээд шилжсэн утга, салаа утга, хийсвэр утга, давхар утгын нарийн ялгамжуудыг тусгасан ажээ.

Эх сурвалж: internom