Хайлавч хатуужсан хатан ухаан

Монголын ХХ зууны төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч С.Удвал «Их хувь заяа» роман, «Ховор хүн», «Одгэрэл» тууж, «Хатанбаатар», «Үер», «Хүргэн хүү», «Балга ус» кино, «Цэрэн хаачив», «»Бумбат эрдэнэ» жүжиг, «Баглаа цэцэг», «Эрдэнэ мину зэ», «Таны үг» шүлэг яруу найргаар нь Монголын ард түмэн энэ хүнийг андахгүй сайн мэднэ. Түүний төр нийгмийн зүтгэлтэн явсныг нь сүүлийн үеийн хүүхэд залуус мэдэхгүй байж магад. Тэрбээр БНМАУ-ын АИХ-ыг сонгох их хурлын 10 удаагийн сонгуулиар АИХ-ын депутатаар 10 удаа, АИХ-ын тэргүүлэгч гишүүнээр 9 удаа сонгогдсон бөгөөд МАХН-ын 7 их хуралд төлөөлөгчөөр, эдгээр их хурлуудаас МАХН-ын Төв хорооны орлогч болон жинхэнэ гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Монголын Зохиолчдын эвлэлийн хорооны даргаар 13 жил, Эмэгтэйчүүдийн холбооны даргын албыг 24 жил хашиж байжээ.
БСШУЯ, Монголын Зохиолчдын эвлэл, Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, «Удвал сан» хамтран гаргаж буй үзэсгэлэнд түүний эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, зохиол бүтээл, уран бүтээлчдээс түүнд зориулж туурвисан уран зураг, хатгамал, хивсэнцэр хөрөг, түүхийн агшныг өгүүлсэн ховор гэрэл зургуудыг дэлгэн үзүүлсэн нь олны сонирхлыг ихэд татсан юм. Тэр их хүнтэй нэгэн он цаг дор ажиллаж амьдарч байсан зохиолчид, эмэгтэйчүүдийн байгууллагын ажилтнууд, үр хүүхдүүдтэй нь уулзаж дурсамжийг нь сонслоо.

Одооны охид, бүсгүйчүүд үлгэр дууриал авахаар хүн


МЗЭ-ийн дарга Х.Чилаажав:

-С.Удвал гуай бол МЗЭ-ийн хороог 13 жил удирдсан. 10 жилийн өмнө олон нийтэд нэг их түгээ­гүй зохиол бүтээлийг нь эм­хэтгэн хэвлүүлсэн. Өөрийн зохиол бүтээлийн эх хувиа маш сайн хадгалсан байдаг. Хүү Өнөбаа­тарт бий. Дутуу орхисон зохиол бүтээлийг нь үр хүүхдүүд нь эмхэлж цэгцлээд хэвлэж гаргана гэдэгт найдаж байгаа. 
Урьд нь «Их хувь заяа» роман, шүлгүүд нь хэвлэгдэж олны хүртээл болж байсан шүү дээ. Удвал гуай бол уран зохиолын бүх төрөл жанраар бичсэн байгаа юм. Яруу найраг, өгүүллэг, тууж, роман, хүүхдийн зохиол ч бий. Эмэгтэй хүнд ахадхаар энэ олон удирдах ажлын хажуугаар зохиол бүтээлээ туурвина. Дөрвөн хүүхдийн ээж, гэрийн эзэгтэйнхээ үүргийг биелүүлнэ гээд завсар чөлөөгүй хөдөлмөрлөж байжээ. 
МЗЭ-ийн хорооны дарга байх­даа хэдэн зохиолчдоо муу юмнаас маш их хамгаалдаг. Баргийн хэрэг тарилаа гэхэд тухайн цаг үе хатуу, уран бүтээлчдийг хэлмэгдүүлэх боломж их байсан. Ямар нэг арга саам хэрэглэж байгаад л хэдэн зохиолчоо авч үлдэж чаддаг байж. Алдар цолтой, алдаж онож явсан зохиолчид бүгд л энэ хүнийг хайрладаг. 
Энэ бүхнээс харж байхад олон тү­мэнд хүлээн зөвшөөрөгдөж чад­сан удирдагч байсан нь харагддаг юм. Он цаг урсан өнгөрөх тусам энэ хүний зохиол бүтээл, хэлж ярьж байсан бүхэн улам л үнэд орно доо. Одоогийн охид бүсгүйчүүд үлгэр дууриал авахаар хүн шүү дээ. Манай Удвал гуайг Дагестаны их яруу найрагч Расул Гамзатов «Миний Азийн цагаан дагина» хэмээдэг байсан гэдэг. 
Зөвлөлтийн нэртэй том зохиол­чид хүндлэн биширч зохиол бү­тээ­лийг нь орос хэлээр хэвлэж, манайхны хамгийн сайн мэдэж, олон зохиол бүтээлийг нь эх хэл дээрээ уншиж бишир­сэн Киргизийн Чингиз Айт­матов гуай Удвал гуайг хараад царай нь гэрэлтэж дайлж цайлах гэж өөрийн эрхгүй сандардаг байсан гэж хууччуул дурсан ярьдаг юм.

Бидний яриад байгаа жендерийн тэгш байдлыг олон жилийн өмнөөс харсан хүн

Эмэгтэйчүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан Н.Гэрэлсүрэн:

-Удвал гуайг бидний үеийнхэн хүүхэд ахуй цагаасаа мэддэг. Яагаад гэвэл «Ховор хүн» зохиолоор нь би анх танил болжээ. Монголын эмэгтэйчүүдийн холбооны дар­гаар хамгийн олон жил ажилла­сан хүн бол Удвал дарга. Түүний эмэгтэйчүүдийн төлөө хийсэн ажил хэзээ ч арилж үгүй болохгүй. Харин хойч үедээ уламжлал болж үлджээ. Хүүхдийн хүмүүжлийн талаар бүх нийтийн анхаарлыг хүү­хэд руу хандуулж гаргах Намын төв хорооны тогтоолыг санаачилж гаргуулж байлаа. 
Эмэгтэйчүүдийг удирдах албан тушаалд дэвшүү­лэх тогтоолыг Удвал даргын санаачилгаар гаргасан гэдэг. Үүний үр дүнд олон эмэгтэйчүүд ЭМЯ, Соёлын яам гэх мэт яамдын 1 дүгээр орлогч сайд, орлогч сайд, Олон нийтийн байгууллагын аль нэг даргаар эмэгтэйчүүд дэвшиж гарч ирсэн. 
Өнөөдрийн яриад байгаа жен­дерийн тэгш байдал гэдгийг олон жилийн урьдаас олж харсан алсын хараа­тай удирдагч байсан нь үүгээр батлагдана. 
Үүнээс гадна Монголын ард түмнийг гэгээрүүлсэн, соёлжуул­сан хүн. Удвал даргын үед соё­лын довтолгоо гэж соёлжилтын үз­лэгийг Эмэгтэйчүүдийн хороо зо­хион байгуулж байлаа. Хүн ар­даа орчин цагийн суурин соёл ир­гэншилд шилжихэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм шүү. Тийм ч учраас Удвал даргын эхлүүлсэн энэ ажлыг Монголын эмэгтэйчүүдийн холбоо өнөөдөр ч уламжлан авч явж байгаа.

Олон түмэнд хүндлэгдсэн сайхан ээж минь

Хүү У.Өнөтэгш:

-Миний ээжийн 90 насны ойг тохиолдуулж энэ олон байгуул­лагууд санан дурсаж ийм арга хэмжээ зохион байгуулж байгаад баярлалаа. Би айлын 3 дахь хүү, хуульч мэргэжилтэй. Ээжтэйгээ байх үеийн олон сайхан дурсамж бий. 
Бага залуу байхдаа ээжийнхээ агуу сайхан зан чанарыг ойлгож мэддэггүй байж дээ. Бага насны минь ой тойнд үлдсэн хамгийн том дурсамж бол ээжийг олон түмэн их хүндэлдэг байсныг мэдэрдэг байлаа. Ээжийгээ дагаад хөдөө, гадаа их явна, ажил дээр нь ч их очдог. Хүн бүр л хүндэтгэлтэй сайхан ханддаг. Ээжийнхээ уурлаж, зандчиж байхыг хэзээ ч харж байгаагүй. Их зөөлөн хүн шүү дээ. 
Хөдөө явахад нэг их чихэр, боов авдагсан. Бид нараас харамлаад бараг өгөхгүй хэрнээ хөдөөний орсон, гарсан айлын хүүхэд бүхэнд атгаад өгдөг. «Томчуул нь яах вэ, хүүхдийн нүд бүлтийж хараад хөөрхөн байдаг юм» гэнэ. Ээж минь 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Том эгч маань өвчнөөр өөд болсон, багш хүн байлаа. Гурван хүү нь амар мэнд ажиллаж хөдөлмөрлөж явна. Манай ач, гуч нараас л эмээгийнхээ авьяас билэгийг өвлөсөн хүн гарах болов уу хэмээн найддаг.

Зохиолдчыг егөө үгээр л хүмүүжүүлдэг байсан

 

Төрийн шагналт зохиолч Д.Нямаа:

-Намайг зохиолчдын хүрээнд орж ирсэн жил Удвал гуай Зохиолч­дын хорооны даргаар томилогдож ирсэн. Би утгазохиолын сургуульд орох санаатай өргөдөл бичээд нэг муу банди хөдөөнөөс ирэхэд урдаас шинэ дарга хүлээж авч билээ. Удвал гуайн гар дээрээс Горькийн сургуульд явсан залуус Гармаа, Галбадрах бид гурав л даа. Өөрөөр хэлбэл Монголын утга зохиолын шатаар авирах ажлын минь туузыг хайчилсан хүн бол Удвал дарга минь. Энэ хүнийг Зохиолчдын хорооны даргаар томилдог явдал бол МАХН-ын зөв оновчтой томилгоо гэж би одоо ч боддог. Яагаад гэвэл зохиолчид барагтай хүнд захирагдахгүй. Би ч өөрөө сүүлд даргынх нь ажлыг хийж явлаа. Удвал гуай эмэгтэй хүн, туршлагатай удирдагч тулдаа зохиолчдын арга учрыг олж чаддаг байсан. Биднийг загнаад аашлаад бай­даггүй. Егөө үгээр унагадаг. Зохиол­чид үгийн урчууд учраас егөө үгэнд сөгдөж унадаг байсан юм шүү. Бээжинд би Удвал гуайтай таардаг юм байна. 
Хойд Солонгос орох гэж явсан. Удвал гуай Монгол буцах гэж яваад таарсан. Галт тэрэгний буудал дээр гаргаж өглөө. Тэгсэн надад 2 доллар өгч билээ. Би чинь тэр үед бараг доллар барьж үзээгүй амьтан. Хоёр доллар гэдэг том мөнгө байсан шүү. Тэр мөнгө өөрийнх нь бичсэн «Ээжийн өгсөн 10 төгрөг» гэж шүлэг бий шүү дээ. /Сансарт Гүррагчааг» нисэхэд бичиж байсан/. Түүн шиг сэтгэгдэл надад одоо ч төрдөг юм. Зохиолчдыг өөрийн гэсэн байшин барилгатай болгохын тулд зөвшөөрүүлэхээр хөөцөлдөхдөө Б.Ринчен гуайг дагуулан СНЗ-ийн орлогч даргад танилцуулахад тэр дарга «Тэгээд тэр байшинг чинь юу гэж нэрлэх юм бэ, зохиолчид архиддаг газар гэх юмуу гэхэд нь Б.Ринчен гуай «За байз. Та бүхний очдог, нөгөө уулын аманд байдаг газрыг юу гэдэг билээ гэж «Харш гэдэг юм гэхээр нь «Тэгвэл Харш л гэнэ дээ» гэсэн гэдэг.


Уулын орой холдох тусмаа өндөрсдөг юм байна


Монголын эмэгтэйчүүдийн холбооны ахмад ажилтан Г.Улаан:

-Удвал дарга маань ер нь эмэг­тэйчүүдийн байгууллагад анхан шатнаас нь эхэлсэн хүн. 1938 онд 17 настай байхдаа Аюулаас хам­гаалахын эмэгтэйчүүдийн зөв­лөлийн дарга байсан. Сургууль соёлд явж өсч хөгжсөөр Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын идэвхтэй удирдагч болсон. 1949 онд Монголын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга болсон юм. Тэгээд дунд нь сургууль соёлд яваад эргээд 1960 онд Янжмаа гуайгаас Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргын ажлыг хүлээн авсан. Дунд нь Коммунист намын дээд сургуульд явсан байдаг. Тэгээд эмэгтэйчүүдийн хороо болж өргөжөөд хороон даргаар томилогдсон. Би 1973 оноос 1990 он хүртэл хамт ажиллаж, амьдар­­сан даа. Шадар туслагч нь гэж ойлгож болно. 80 насных нь ойгоор дурсамжийн номыг нь гар­га­сан. Энэ үгийг үргэлж хэлэх дуртай. «Уулын орой холдох тусмаа өндөрсдөг юм байна» гэж. Нийгэм өөр болох тусмаа хүчтэй удирдагч үгүйлэгддэг. Тэр агуу хүний арга барил ямар байсныг хүмүүст ярих их сонирхолтой. Санаа аваасай гэсэндээ тэр. Удвал гуайн зэргийн нэр хүн­дийг авсан, олон түмэнд хүлээн зөв­шөөрөгдсөн эмэгтэй удирдагч өнөөдөр үгүйлэгдээд байгаа юм. Одоо эмэгтэйчүүд зүгээр л шийдвэр гарах түвшинд очмоор байна гэж яриад байгаа болохоос биш. Очихын тулд яах ёстой юм бэ, тэмцээд бархираад байх ёстой юу, хүнтэй телевизээр хараал, ерөөл урсгаад хэрэлдээд байх хэрэг үү. Өөрсдөө олонд хүлээн зөвшөөрөгдсөн агуу нэр төр, хийсэн юмтай байх ёстой доо. Гэнэт хүний эрх яриад ширээ балбаад байж болохгүй шүү дээ. Даргынхаа онцлогийг дотроо бодож бясалгаж хэд хэдэн өгүүлэл бичсэн. Одоо удахгүй болох эрдэм шин­жилгээний хуралд удирдах арга барил, олон түмнээр хүрээлүүлсэн, эмэгтэй хүний намбалаг ухааных нь талаар илтгэл тавина.
Д.Догсмаа