Бестселлер болж буй 10 ном

Номонд дурлагсдад зориулан "Интерном" дэлгүүрийн бестселлерт орж буй 10 номыг уншигч та бүхэндээ танилцуулж байна. 

1. Өөдөө тэмүүл, Ш.Сандберг

Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал буюу хоёр дахь гол хүн, Тайм сэтгүүлээс 2013 онд гаргасан “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн” жагсаалтанд багтсан Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” хэмээх энэ ном 2013 онд АНУ-д хэвлэгдсэн даруйдаа ихээхэн шуугиан тарьж, Нью-Йорк Таймсын Бестселлер жагсаалтыг 12 долоо хоног тэргүүлж, улмаар “Оны бизнесийн шилдэг ном”-оор нэрлэгдэн, одоогийн байдлаар 30 гаруй орны хэлээр хэвлэгдээд байна.

Ш.Сандберг энэхүү номондоо эмэгтэйчүүдийн удирдах албан тушаалд хүрэх зам яагаад мухардсан талаар гүнзгий судлан бичиж, өөрийгөө бүрэн дайчлах замаар энэ байдлаас хэрхэн гарч болохыг үзүүлээд, эмэгтэйчүүдийг хүсэл тэмүүлэлтэй, манлайлах амбицтай байхад уриалан дууджээ. 

Зохиогч эмэгтэй хүний амьдралыг тойрсон олон асуудлын талаар, тэр дундаа эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт, уламжлалт хандлагуудын талаар өгүүлэхдээ өөрийн туулсан замнал, алдаа оноог төрөл бүрийн судалгаа, тоо баримтуудтай хослуулан тун сонирхол татам байдлаар бичсэн байна. Энэ номоос та карьераа хэрхэн амжилттай удирдах, ар гэрээ ажил карьертайгаа хэрхэн хослуулж явах талаар олон гайхалтай зөвлөгөөг авах болно. Мөн ажлын байранд болон ар гэртээ эмэгтэйчүүдийг хэрхэн дэмжиж болохыг, энэ нь эргээд ямар ач холбогдолтойг эрчүүдэд тод томруунаар үзүүлжээ.

2. 100 жилийн ганцаардал, Г.Маркес

Испани хэл дээрх уран зохиолыг ярихын тулд нэн тэргүүнд Колумбын зохиолч Габриель Гарсиа Маркесын "Зуун жилийн ганцаардал" романыг дурдах хэрэг гарна. Маркес 1927 онд Колумбын далайн эргийн Аракатака тосгонд төржээ. Сэтгүүлчийн мэргэжил эзэмшин олон газраар аялсны эцэст 17 жилийн өмнө эхлүүлсэн зохиолоо барьж авсан нь "Зуун жилийн ганцаардал" байлаа. Буэндигийнхний зургаан үеийн амьдрал ид шид, хувь тавилан, солиорол, улс төрийн үзэл баримтлал эсвэл зүүдний аль нь мэдэгдэхээ болих эргэлтүүд, хүний язгуур мөн чанарын илрэл зэрэг бичвэрийн сүлэлдээн уг зохиолын цөм болно. Уг бүтээл нь дэлхийн сонгодог уран зохиолын жагсаалтыг хэвлэгдсэн цагаасаа эхлэн түүчээлж, олон тайлал, таамаг дагуулсан сонгодог роман билээ.

3. Луу шивээст охин, I боть, С.Ларсон

Хүн амины учир битүүлэг хэрэг, гэр бүлийн сүйрэл, хайрын түүх, санхүүгийн нарийн асуудлуудыг нэг дор, цогцоор нь үнэмшилтэй харуулж чадсан гайхамшигтай бүтээл бол Стиг Ларсоны “Луун шивээст охин” юм. Шведийн нэгэн баян гэр бүлээс гаралтай Харриет Вангер гэгч дөчин жилийн өмнө ор сураггүй алга болжээ. Энэ хугацаанд нас дээр гарсан авга ах нь эл хэргийн үнэнийг мэдэхийг хүснэ. Тэр хилс хэрэгт гүтгэгдсэн чадварлаг сэтгүүлч Бломквистийг хөлсөлдөг. Харин түүнд нь Лизбет Саландер гэгч ер бусын, нууцлаг охин тусална. Ингээд тэд хамтдаа хээл хахууль, шударга бус байдал бугшсан ертөнцөд хөл тавина. Энэ ном нь хээл хахуулийн сүлжээ, хуулийн цоорхой, гэр бүлийн тэмцлийг нэгтгэн харуулсан гайхалтай бүтээл болжээ.

4. 365 өдөр тэр чигтээ азжаргал, Г.Наранбаатар

Бүх өдөр сайн байхгүй байж магад, гэхдээ өдөр бүрт ямар нэгэн сайн зүйлс заавал байдаг. Энэхүү ном нь уншигчдад сэтгэл зүйн эерэг, зөв боловсрол олгох зорилготой ба 21 өөр амьдралын сэдвүүдийг хөндөн бичигдсэн болно. Бүх сэдвүүдэд амьдралын энгийн олон жишээг багтаасан нь энэ номны онцлог юм.

5. Нойрсож буй гүнж

Урьд нэгэн цагт хаан хатан хоёр амьдарч байжээ. Тэд үр хүүхэдгүй байсан бөгөөд хамаг итгэл найдвар нь алдагдаад байх үед нь нэгэн охин мэндэлжээ. Баярлаж хөөрсөн хаан, хатан хоёр охиндоо зориулан өргөн найр хийв. Энэ найранд хаант улсын хамаг л хэргэм зэрэгтэй хүмүүс, түүнчлэн шидэт дагинас хүртэл уригджээ. Уригдсан зочид ширээнд суух мөчид ордны хаалга хүчтэй онгойж хөгшин шидтэн орж ирэв...

6. Сорхугтани, Б.Сарантуяа

Энэ роман их эзэн Чингис хааны үеэс Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жилийн хугацаа, Монголын нууц товчоо бичигдэж дууссан цагаас хойших түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган, эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулжээ. Найман зууны тэртээ Сорхугтани хатны эгэл хүмүүний амьдралаар амьдарч, зовлон жаргалын дундуур явсан бахдам түүх, найман зууны дараа уран зохиолын хэлнээ буун уншигч авхай танаа хүрч байгаа нь магад тэрбээр мөнх тэнгэрээс өөрийн зөвшөөрлөө илгээсэн хэрэг биз ээ.

7. Монголчууд, II: XVII-XX зууны эхэн үе, С.Чулуун

Монголчууд бид өөрийн өнгөрсөн түүхээ танин мэдэх, баримт хэрэглэгдэхүүн, эд өлгийн зүйлсийн учир зүйг ухаарч ойлгох, эх түүхийн мэдлэгээрээ бие биенээсээ дутахгүй байхыг хичээдэг билээ. Тэгвэл эрхэм уншигч та бүхэнд XVII-XX зууны эхэн үе хүртэлх бүтэн гурван зууны түүхийг тодорхой хэмжээнд багтаасан энэ үед хамаарах баримт, гэрэл зураг, өв соёлын дурсгалуудын зурагт бүтээл очиж байна. Энэ 300 жилийн түүх зөвхөн бидний Монголчуудын дээдсийн түүх бус Оросын эзэнт улс, Манж Чин гүрний гэсэн гурвалсан харилцаанд оршиж байсныг та эндээс мэдэх боломжтой юм. Мөн манжийн үед Монголчуудын дотоод болон гадаад ертөнц юу болж хувирсан, хэрхэн бусдад эзлэгдсэн, Монголчууд энэ хугацаанд бодит байдал дээр хэрхэн оршин амьдарч байсныг уг номын хуудсууд харуулах болно.

8. Амжилтын хөтөч 2015, М.Ичинноров

Амжилт гэж чухам юу юм бэ? Хэрхэн амжилтанд хүрэх вэ? гэсэн асуултанд тохирсон ганц хариулт гэж үгүй. Хүн бүр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, ур чадвар, хувь тавилантай байдаг. Хэдий тийм ч хүн бүрт нийтлэг үйлчилж болох амьдралын чухал зарчим, үнэт зүйлс гэж бий. Энэ номын тусламжтайгаар та ажил, амьдралынхаа чухал зарчмуудыг мэдэж, мөн хэрэгжүүлэх боломжтой юм. Та энэ номыг зөвхөн тэмдэглэлийн дэвтэр, цагийн хуваарь, уулзалтын цагаа төлөвлөх хэмжээнд хэрэглэх бус харин амжилтын зарчмуудыг танин мэдэж, тэдгээрийг өдөр тутмынхаа хэрэглээ болгон ашиглаж чадвал ирээдүйгээ өөрөөр харж, амьдралынхаа цар хүрээг тэлэн амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

9. Нөхөрлөл, Х.Экслей

Хелен Экслейн бэлгийн номууд нь гэр бүл болон анд нөхрийн холбоо, хувь хүний үнэт чанарууд гээд хүний харилцааны хамгийн нөлөө бүхий талуудыг сэдэвчлэн хамардаг. Ном бүр нь хэн бүхний хувьд утга учраар баялаг, үнэ цэнэтэй бэлэг болох нь дамжиггүй. Яг одоо тийм бүтээлийн нэг таны гарт очиж байна. Та 368 хуудастай энэ хайр татам жижигхэн номноос зохиогчийн цуглуулган дахь нөхөрлөлийн тухай хамгийн шилдэг эш үгсийг унших болно. Эдгээр үгсийг анд нөхдийнхөө баяр жаргалыг хуваалцаж, нэгнийхээ амьдралд тус дэм, тайтгарал гээд маш ихийг өгсөн хүмүүс бичсэн билээ. Танд таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна.

10. Жонон гуйлгачин хоёр, М.Твен

Эдвард Тюдор, Том Кэнти хоёр бараг адилхан боловч дор дороо өөр амьдралтай, өөр өөрийн гэсэн онцлогтой хүүхдүүд. Эдвард Английн хаан ширээг залгамжлагч бол Томын эцэг ядуу хулгайч. Тэр хоёр жаал нэг удаа санаандгүй тааралдаж уулзалдаад нэгнийхээ оронд амьдарч үзэхээр тохиролцоно. Гэтэл хэн хэн нь гэнэтийн саад бэрхшээлтэй учирдаг. Адал явдал, авхаалж самбаа, эр зориг, тэвчээр хатуужил шаардсан энэ адал явдлын явцад хоёр жаал ертөнцийг өөрөөр хардаг болно.