Монголд аялсан “Индиана Жонс”

Рой Чапмэн Эндрюсийг Индиана Жонсын бодит дүр гэлцдэг. Холливудын кино дэлгэцнээ адал явдал хайгч, мятаршгүй палеонтологичийн дүрээр мөнхрөн үлдэж, дэлхий дахинаа танил болсон Индиана Жонс нь чухамдаа Р.Эндрюс хэмээх америк эрдэмтний амьдралыг уран сайхны хэлбэрт буулгасан дүр хэмээдэг. Адал явдлаар дүүрэн амьдарч байсан энэ эрхэм их олон үүх түүх, сэжимээр Монголтой холбогдсон байдаг.

Юуны түрүүнд түүний хийсэн алдартай аяллуудын тоонд Монголын говь цөлийг тэртээ 1920-иод оны үед туулсан цуврал экспедицийг нь нэрлэж болно. Бас энэ эрдэмтний тухай судалж, кино хийнэ хэмээн МУ-ын Ерөнхийлөгчөөс 90 сая төгрөг залилсан алдарт Гансүхийн хэргийг ч дурдаж болох юм. Гэхдээ тэр бүхнийг өгүүлэхээс өмнө Р.Эндрьюсийн тухай уншигчдадаа танилцуулъя.

Р.Эндрюс 1884 онд АНУ-ын Висконсин мужийн Белойт хотод төржээ. Хотынхоо коллежид боловсрол эзэмшсэн түүний анхны ажил нь Америкийн Үндэсний түүхий музей байв. Гэхдээ шал арчигчаар. Гэхдээ Р.Эндрьюс нэг их удаан музейн шалыг зүлгээгүй бөгөөд авьяас чадварыг нь үнэлсэн музейн удирдлага түүний судалгааны хэлтэстээ авчээ.

Угаас музейд судалгааны ажил хийх нь түүний зорилго байсан учраас тэрээр хэсэг хугацаанд өөрт үл тохирох ажил хийхийг хүлцэн өнгөрүүлжээ. Ингээд Р.Эндрюс судлаач болсон эхний жилүүддээ халимтай дотно “найзалжээ”. Тэрээр 1908 онд Канадад очиж, халим судалж эхэлсэн байна. Үүгээр Р.Эндрюс халимыг шинжлэх ухаан талаас нь судалсан анхны хүн болсон юм.

Тэрээр халимны тухай олон ном бичиж, судалгааны өгүүлэл нийтлүүлсний дээр Канадаас авчирсан халимны араг яс нь одоо хүртэл Америкийн үндэсний түүхийн музейд хадгалагдаж байдаг. 
Канад дахь халимны аянаас буцаж ирсний дараа Р.Эндрюс музейн захиралаасаа Монголын говь цөл рүү аялах зөвшөөрөл хүсчээ.

Тэрээр Монголын говь цөлөөс эртний хүний үүсэл гарлыг тогтооход туслах ямар нэгэн баримт сэжүүр олдох байх хэмээн найдаж байв. Р.Эндрюс 1916-1917 оны үед Хятадын баруун болон өмнөд нутгаар эхнэртэйгээ хамт аялж, тэндэхийн амьтдыг судалж байсан нь Монгол руу явах хүсэл төрүүлжээ. Ингээд тэрээр 1920-иод оны эхээр Монголд хэрхэн экспедиц хийх талаараа жил гаруй нарийн судалсан байдаг.

Антропологийн судалгаа хийх гэсэн зорилготой түүний энэ экспедицид Америкийн үндэсний түүхийн музей зөвшөөрөл олгож, Р.Эндрюс 40 эрдэмтэн судлаач, техникийн ажилтны хамт Монголыг зорьжээ. Монголд говьд хөл тавьсан гадаадын анхны эрдэмтэд болох Р.Эндрюсийн тэргүүлсэн экпедицийнхэн АНУ-аас Бээжин хүрээд, тэндээс нааш “Dodge” хэмээх найман авто машинаар Монголд ирсэн гэдэг.

Энд ирсэн хойноо ачаа бараагаа зөөхөөр 150 тэмээ хөсөглөн авч, нутгийнхнаар газарчлуулан экспедицээ эхэлжээ. Р.Эндрюс болон түүний хамтрагч, палеонтологич Уолтер Грэнжер тэргүүтэй энэ баг нийтдээ таван удаа Хятадын хойд хэсэг болон Монголд аялсныг хамтад нь Төв Азийн гурав дахь экпедиц хэмээн нэрлэдэг билээ. Үүн шиг цэргийн бус зорилгоор өргөн баг бүрэлдэхүүнтэй экспедиц хийсэн тохиолдол тухайн үед АНУ-д ч байгаагүй гэдэг.

Хэдийгээр экпедицийн гол зорилго болох хүний үүсэл гарлыг тогтоох гэсэн Р.Эндрюсийн хүсэл биеллээ олоогүй ч 20 мянган жилийн тэртээ говьд амьдарч байсан эртний хүмүүс хожим Хятад, Сибири, Хойд Америк руу нүүдэллэсэн байж болох сэжүүрийг гаргаж ирсэн юм.

Тухайлбал экпедицийн олсон геологийн олдворууд нь Монголын газар нутаг мөстлөгт өртөөгүй, хамгийн эртний хуурай газар гэдгийг харуулсан учраас “Эртний хүний мөрөөр” хэмээн Р.Эндрюсийн номны өмнөх үгэнд “Монголд хүн үүссэн байж болох талтай” хэмээн өгүүлсэн байдаг. Гэхдээ үүгээр Р.Эндрюсийн экспедицийн амжилтыг дүгнэж хараахан болохгүй. Тэрээр Монголын говиос олон тооны динозаврын ясны олдвортой нутагтаа харьсан юм.

Тэдгээр эртний амьтдын яс нь урьд өмнө хэзээ ч олдож байгаагүй шинэ төрлийнх байсан гэдгээрээ түүний хувьд чухал олдвор байсан төдийгүй судлаачийнх нь хувьд ихээхэн нэр хүнд авчирчээ. Тухайлбал 30 гаруй сая жилийн өмнө амьдарч байсан балучитериум хэмээх аварга хирсний ясыг тэд олсон байдаг. Энэ бүх олдвороос хамгийн онцгой, Р.Эндрюсийн экспедицийг дэлхий даяар алдаршуулсан нэг зүйл Монголын говь, тэр дундаа одоогийн Өмнөговь аймгийн Баянзагаас олдсон нь динозаврын өндөг юм.

1923 оны долдугаар сарын 23-нд Р.Эндрюсийн багийнхан, тэр дундаа экспедицийн техникчээр ажиллаж байсан Жорж Олсен хүн төрөлхтөний түүхэн дэх тун чухал түүхэн баримтыг олж нээсэн нь Баянзагаас олдсон 20 гаруй тооны динозаврын өндөг байв. Динозаврын тухай ойлголтыг нэгмөсөн өөрчилсөн энэ олдвор маш гайхалтай, бараг бүрэн бүтнээрээ шахуу олдсоныг экпедицийнхэн гэрэл зургийн хальснаа буулган авч, Америк руу илгээсэн нь тэр даруй дэлхийн сонин хэвлэлүүдээр тарж, Р.Эндрюст асар их алдар нэр авчирчээ.

Тэднийг экпедицээс буцаж, АНУ-д ирэх үед усан онгоцны боомт дээр хэдэн арван сэтгүүлч сурвалжлагч тосон авч, Монгол дахь аяллынх нь талаар хамгийн анхны ярилцлагыг авахаар улайрч байсан гэдэг. Тэд Р.Эндрюсээс ярилцлага авч, судалгааны өгүүллийг нь нийтлэхийн тулд мөнгө төлөхөд бэлэн байсан ч тэрээр ямар ч үнэ хөлсгүйгээр олон арван өгүүлэл нийтэлсэн байдаг.

Тухайлбал, 1927 оны “Popular Mechanics” хэмээх сэтгүүлийн нэг дугаарт түүний аяллын тэмдэглэл таван хуудас дамнан нийтлэгдсэний дунд Монголын тухай ингэж бичсэн байна. “Монгол бол зэрэглээн дунд бүжиглэх мэт говь цөл, хүний мөр гараагүй ой мод, хязгааргүй уудам тал нутаг, тэр гэж нэрлэхийн аргагүй цөс мөсөөр хучигдан өндөр оргилын орон.
 

http://www.mglradio.com/main/index.php?mid=photo&document_srl=1143189