ХХ зууны үзэсгэлэнт бүсгүйчүүд тэдний хувь тавилан

Түүнийг “эмэгтэйлэг дүр төрхийн бэлгэ тэмдэг” гэдэг. “Шербурын нарны халхавчууд” кинонд энэ онцлог нь илэрсэн цагаас хойш тэрбээр дэлхийн хэмжээний од болж, өдгөө ч тэрхүү нэр хүндээ хадгалсаар явна. 67 настай хэдий ч Катрин Денев ганган дэгжин, загварлаг байдлын жинхэнэ үлгэр жишээ болсон хэвээр. Түүнийг Брижит Бардотой харьцуулах нь олонтоо боловч, үнэн хэрэгтээ тэд бие биенээсээ огт өөр, тэгээд ч хоёр адилхан од байх учир үгүй юм. 

Катрины жинхэнэ овгийг Дорлеак гэдэг. Тэрбээр 1943 оны 10 дугаар сарын 22-нд Парисын театрын жүжигчин, Дорлеак гэдэг уран бүтээлийн нэртэй Морис Теньяк болон Рене Денев нарын хоёрдугаар охин болж мэндэлжээ. Катриныг найман настай байхад ээж нь нас барж, хүүхдүүдээ асрах үүрэг аавынх нь нуруун дээр буусан байна. 
Охидоо эцэг, эхийнхээ зам мөрийг хөөж жүжигчин болоосой Морис Дорлеак хүсч байв. Гэвч эхэндээ жүжигчний авьяас том охин Франсуазад байх шиг санагджээ. Түүнээс жил хагасаар дүү Катрин их царайлаг дажгүй боловч дуу муутай, ичимхий, алив юманд түүртсэн нэгэн байлаа. 

Эгч, дүү хоёр сайн дурынхны жүжигт тоглодог байв. Гайхалтай ирээдүйтэй хэмээн бүгдийн итгэлийг хүлээж байсан Франсуаза 15 насандаа гимназиа хаяж, кинонд тоглох боллоо. Харин Катрин нэр алдарт шунадаггүй байжээ. Харин аавынхаа шахалтаар Андре Юннебелийн “Гимназийн сурагч” /1954 он/ кинонд тоглосон байна. Дараа нь эгч, дүү хоёр Дорлеак “Тас хийсэн хаалганууд” кинонд хамтдаа тогложээ. 

Франсуаза лицей дөнгөж төгссөн дүүгээ жүжигчдийн хүрээлэлд татан оруулсан байна. Ингээд нялх балчир Катрин 32 настай найруулагч Роже Вадимтай танилцжээ. 

Рожегийн янаг амрагийн явдлын талаар Парис даяар шуугиж байлаа. Тэрбээр Брижит Бардотай гэрлэж, түүнийг од болгосон, гэвч нууц амрагуудынх дотор алдартай олон жүжигчин байдаг ажээ. 17 нас ч хүрээгүй Катрины хувьд Роже Вадим анхны хайр нь байлаа. Тэр үед Роже Данийн жүжигчин Анита Стройбергтэй гэрлэсэн байсан ч Катрин аавынхаа гэрээс явж, дурлалт залуугийндаа очжээ. 

Вадим залуу жүжигчин бүсгүйг хоёр дахь Брижит Бардо болгохыг оролдов. Тэгээд Катрины овгийг ээжийнх нь Денев гэдэг овгоор солиулж, өөрийн найруулсан “Шуламсууд бүжигт наадмыг хөтөлж байна”, “Шалиг нэгэн ба сайн үйлстэн”/1962 он/ гэсэн хоёр кинонд тоглуулжээ. Гэвч төдийлөн амжилт олсонгүй. Харин Катрин хэн нэгнийг хуулбарлахгүйгээр өөрийн гэсэн дүр төрхийг дэлгэцнээ харуулахаар шийджээ. 19 настай Катрин хүүгээ төрүүлж, Кристиан Вадим гэдэг нэр өгсөн байна. Роже тэр хоёр албан ёсоор гэрлээгүй байж. 

 

1964 онд дэлгэцнээ Жак Демийн “Шербурын нарны халхавчууд” кино гарч, Денев гол дүрийг нь бүтээжээ. Түүний чадварлаг тоглолт, Мишель Леграны хөгжмийн ачаар уг кино Канны кино наадмаас “Алтан дал модны мөчир” шагнал хүртэж, ирээдүйд нэр нь цуурайтах од Катрины тухай шуугиж эхэллээ. Гурван жилийн дараа тэрбээр эгч Франсуазагийн хамт Демигийн найруулсан “Рошфорын бүсгүйчүүд” /1967 он/ мюзиклд тогложээ. Энэ н ь тэдний хувьд хамтран тоглосон сүүлчийн уран бүтээл болсон байна. Ердөө хэдхэн сарын дараа Франсуаза Дорлеак автын ослоор амиа алджээ. 

Энэ осол Катринд маш хүнд цохилт болсон бөгөөд тэрбээр зөвхөн ажлаа хийн сатаарч байлаа. Франсуа Трюффо, Роман Полански нарын найруулсан кинонуудад тогложээ. Луис Бунюэлийн “Өдрийн гоо бүсгүй” /1967 он/ кинонд бүтээсэн дүр нь драмын авьяастай болохыг нь харуулж, кино нь Венецийн кино наадмын гран-при хүртсэн байна. Дараа нь 1970 онд найруулагч Бунюэлийн “Тристана” кинонд тоглосныхоо дараа Катрин Денев тэргүүн зэрэглэлийн оддын эгнээнд оржээ. 

Ажил нь амжилттай байсан боловч хувийн амьдрал нь нэг л болохгүй байв. Роже Вадимын дараа Францын алдартай дуучин Жонни Холлидейтэй болздог байсан ч түүнтэй суусангүй. Чин сэтгэлээсээ хайрладаг хүнтэй суухыг хүсч байсан тэрбээр Лондоны алдартай гэрэл зурагчин Дэвид Бейлитэй гэрлэсэн байна. Гэвч Катрин зураг авалтад байнга явах хойгуур нь Бейли хүүхнүүдтэй зугаацсаар байсан тул тэдний хамтын амьдрал гуравхан жил үргэлжилжээ. 

Гэрлэлтээ цуцлуулсныхаа дараа Денев дахин гэрлэхгүй гэдгээ мэдэгдэж, хэлсэндээ ч хүрчээ. Үнэндээ бол бас нэгэн агуу хайрыг амсах хувь түүнд байлаа. 

1971 онд Надин Трентиняны “Тийм зүйл бусдад л тохиолддог” кинонд тоглохдоо Марчелло Мастрояннитай танилцжээ. Мастроянни эхнэр нь болох жүжигчин Флора Карабелли болон бяцхан охин Барбарагаа орхин Деневтэй хамт байр хөлслөн амьдрах болов. Марчелло гэрлэх санал тавьсан боловч Катрин түүнтэй суухгүйгээр шийджээ. Охин Кьяра-Шарлотта нь төрсөн ч гэрлэх саналыг хүлээж аваагүй байна. Эцэст нь Марчелло өөрийн гэр бүлдээ буцаж очжээ. 

Эдүгээ Катрин Денев үнэртэн болон үнэт эдлэлийн хэд хэдэн компанийн сурталчилгааны нүүр царай болж байна. Үүний хажуугаар “Денев” гэдэг өөрийн гэсэн үнэртэй усаа ч гаргажээ. Дашрамд хэлэхэд, Катринагаар Францын бэлгэ тэмдэг болсон Марианнаг /шүтээн/ бүтээсэн байна. Денев урьдын адил кино урлагтаа эрэлт ихтэй хэвээр байгаа аж. Тэрбээр бас цэцэг тарьж, үр ач нараа харах дуртай. Катрины хүү, охин хоёр хоёулаа жүжигчин болжээ. “Хүүхдүүд минь миний амьдралдаа олсон хамгийн том амжилт” гэж алдарт жүжигчин болсон тэрбээр ярих дуртай ажгуу. 


З.Амгалан