Амьтдын асаргаа халамжинд “өсөж торнисон” хүүхдүүд

Хариуцлагагүй эцэг эхийн буруугаас болж хатуу хөтүү амьдралыг туулж, золоор “муухан хүнээс дээр” амьтдын ачаар хүн болсон хүүхдүүд дэлхийн өнцөг булан бүрт байдаг аж. Харамсалтай нь тэд хүний эзэмшвэл зохих чадваруудыг бус яг л өссөн орчныхоо зан үйлийг эзэмшдэг бөгөөд зарим нь хүний нийгэмд дасан зохицож чадахгүйд хүрдэг. Орчлонг таньж мэдэж ч амжаагүй бяцхан үрс хүний санаанд оромгүй хувь тавиланг яагаад туулах болсныг дараах нийтлэлээс уншина уу.

Уганда хүү ширэнгийн сармагчингуудтай хамт амьдарч байжээ

  • Уганда улсад мэндэлсэн Жон Субьеня хүүг дөрвөн настай байхад аав нь ээжийг нь хөнөөж бас түүнийг гэмтээжээ. Айж балмагдсан хүү ширэнгэн ой руу зугтааж сармагчингуудтай хамт амьдрах болжээ. Харин түүнийг тосгоны иргэд олж албаны хүмүүст мэдэгдсэнээр 1991 оноос хүмүүсийн асаргаанд орсон байна. Тэр цагаас хойш Жон нийгэмшиж, ярьж сурснаас гадна сайхан дуулж чаддаг болжээ. Мөн Африкийг тойрох аялалд ч хүүхдүүдийн хамт явж үзсэн байна.

Нохой, муурнуудтай хамт нэг өрөөнд хоригдож байсан охин нохой шиг хуцдаг байжээ

  • Сибирийн Чита хотод Наташа охин нохой шиг хуцаж, дөрвөн хөллөн давхиж, хэлээрээ ус долоон ууж байхыг нь 2009 онд хүмүүс олжээ. Мөрдөн байцаах албаны ажилтнууд охиныг судалж нохой, муурнуудтай хамт нэг өрөөнд хоригддог байсныг нь илрүүлсэн аж. Охин төрөлх хэлээрээ ярьж чадахгүйгээс гадна яг л амьтан шиг авирладаг байж. Наташагийн аав ээж хүүхдээ ийнхүү хайхралгүй орхисон учраас баривчлагдан хоригдсон байна.

Жижигхэн өрөөнд шувуудтай хамт өссөн Орос хүү

  • Хорвоод мэндэлсэн цагаасаа хойш жижигхэн өрөөнд шувуудтай хамт өссөн долоон настай хүүг 2008 онд хүмүүс олж илрүүлжээ. Хүүгийн ээж түүнтэй хэзээ ч хүн шиг харьцаж байгаагүй харин тэжээвэр амьтан мэт харьцдаг байсан гэнэ. Үүнээс болж бяцхан хүү ярьж чадахгүй харин шувуу шиг жиргэж, хоёр гараа үргэлж далавч шиг дэвдэг зуршилтай болсон байжээ

Муурнуудын асаргаанд байсан Аргентин хүүхэд

  • Аргентины Мисьонес мужийн цагдаа нар найман зэрлэг мууртай хамт байсан нэг настай бяцхан хүүхдийг 2008 онд олжээ. Муурнууд өвлийн тэсгим хүйтэнд хүүг биеэрээ хучиж дулаан хонуулж, бас хэлээрээ долоож цэвэрлэдэг байсан ба бага сага идэх юм зөөж авчран хооллодог байжээ. Цагдаагийн ажилтнууд хүүг олсноос хэд хоногийн дараа аав нь ирж авсан байна. Тэрбээр гэр оронгүй нэгэн бөгөөд хүүгээ алга болсноос хойш олон хоног эрэл сурал болсны эцэст тийнхүү олсон байна.

Орос хүүг чонын ичээнээс олжээ

  • ОХУ-ын Калуга дүүргээс эмнэлгийн ажилтнууд чонын ичээнд амьдарч байсан хүүг олсон байна. Түүнд Лёха гэж нэр хайрлсан ба гайхалтай нь түүний хөлийн хумс чонынх шиг хурц, мөн соёотой ажээ. Лёха ойролцоогоор арван настай бөгөөд эмнэлгээс нэг хоногийн дараа оргосон байна. Албаны хүмүүсийн үзэж буйгаар түүнийг нялх байхад эцэг эх нь чонын үүрэнд орхисон байх магадлалтай аж.

Хоёр настай Орос хүү ямаатай хамт өсчээ

  • ОХУ-ын Ростов мужийн иргэн Марина хүүгээ хоёр жилийн турш ямаануудтай хамт нэг өрөөнд хорьж байсан нь 2012 онд тогтоогдсон байна. Хүү ямаануудтай хамт өсч торнисон учраас хүний ёсны зан үйлийг огт эзэмшээгүй ажээ. Цагдаагийн ажилтнууд ирэхэд хүүгийн ээж аль хэдий нь зугтсан байжээ. Хүү үеийнхнээсээ жижигхэн биетэй бөгөөд анх олдохдоо хүмүүсээс их айж үргэсэн байдалтай байсан гэнэ.

Эцэг эхдээ хаягдсан Сибирь хүүг ноход харж халамжилжээ

  • Сибирьт амьдардаг долоон настай Андрей хүү гурван сартайдаа эцэг эхээсээ хаягдаж гудамжны нохдын асаргаанд хүн болжээ. Түүнийг олсон хүмүүс рүү анх Андрей архирч маш бүдүүлэг авирласан байна. Харин хоёр долоо хоногийн дараагаас тэрбээр хоёр хөл дээрээ алхаж, хоолоо халбагаар идэж, бөмбөгөөр тоглох зэргээр олон зүйлийг суралцаж эхэлжээ. 


Жич: Эхний зургаас бусад нь зохиомол зураг болно.