Чонон сүлд роман, кино зохиол

 

Чонон сүлд (хя. 狼图腾) Хятадын 2005 оны хамгийн шилдэг зохиолоор шалгарч, монгол хэлийг оролцуулан дэлхийн 32 улсын хэлээр хэвлэгдэн гараад байгаа "Чонон сүлд" роман нь нийт хураангуй, дэлгэрэнгүй, хүүхэд залуучуудад зориулагдсан "Бэлтрэгхэн" гэсэн 3 хувилбартай байдаг. 

2005 оны эхээр Хятадын хэвлэлүүдээр "Чонон сүлд" романы тухай шүүмжүүд тасралтгүй нийтлэгдэн, "Сарын дотор 40 мянган хувь борлогдлоо", "Хятадын төр засгийн тэргүүнүүд шимтэн уншиж байна" гэлцэн шуугиулж байжээ.

Зохиолч Зян Руний талаар товч дурдахад, тэрээр 1946 онд Бээжин хотод төрсөн. Зян Рун гэдэг нь түүний бичгийн нэр бөгөөд жинхэнэ нэрийг нь Люй Жяминь гэдэг. "Чонон сүлд" номоо 1997 оноос 2004 онуудад бичиж дуусган хэвлэлд гаргаснаар 100 гаруй оронд орчуулагдсан гэнэ. 

Зян Руний өөрийнх нь хэлснээр, "Чонон сүлд" ном нь чонын тухай хэдэн арван үлгэр, үйл явдлыг тооцож, чоно туйлын махчин, зэрлэг араатан гэдэг утгаар нь ойлгодог хүмүүсийн үзлийг өөрчилж, чоныг тэнгэр язгууртай тэнгэрийн амьтан гэдэг ойлголтыг нь нэмэгдүүлсэнд оршино. Ялангуяа энэ ойлголт нь монгол үндэстэнтэй салшгүй холбоотой болохоор монгол үндэстний өв соёл, нүүдэлчин ахуйг дэлхийд таниулахад энэ ном онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж боддог гэжээ.

Уг зохиолын гол баатар Чэнь Жэнь болон Билиг өвгөн, Бат, Галсмаа зэрэг нь бүгдээрээ бодит хүмүүс Мөн Чэнь Жэньгийн дотны анд Ян Кө ч гэсэн Бээжин хотод алдартай уран зураач байдаг тухай Хятадын хэвлэлд бичсэн байдаг.

Монголчууд сэргэлэн хурц, хурдан шаламгай бөгөөд хатуу бэрхэд тэсвэртэй, сур шиг сунаж, сухай шиг улайж, эрчит дөрвөн хөлөөрөө ээрэм талыг гаталж, агт сайн морины алмас туурайг цуцаасан, эр чадал хурдаараа амь зууж, эрэмгий омголон зантай талын хөх чоныг эрт цагаас эхэлж сүлд шүтээнээ болгож ирсэн гэж хэлсэн байдаг.

Мөн энэ номыг уншаад гэрийн бараа харсан, гэдэснийхээ боол болоогүй, эрийн хүч шахсан, өлсгөлөн заяагаа тулсан, хүний дуугаар номхрох хөнгөмсөг зан сураагүй, хөх уулын эзэн болсон чонын тухай, түүнчлэн түүнийг сүлд шүтээнээболгосон монголчуудын соёл иргэншил, ахуй амьдралын тухай өөрийн гэсэн ойлголттой болно гэж зохиолч хэлжээ.

Уг номыг Холливуудын нэрт кино найруулагч Жан Жак Анной дэлгэцийн бүтээл болгон гарсан. Гарсан даруйдаа шүүмжлэл, магтаалыг зэрэгцүүлж байгаа энэ үед "Дэлхийг өөрчилсөн номнууд" нэвтрүүлэгт тус романыг орчуулсан орчуулагч Д.Болбаатарын ярилцлагыг хүргэж байна. Та бүхэн ярилцлагыг үзээд мөн нэгийг бодох буй за.