Зүүднээс урган гарсан “алдартай - 5” ном

Зүүд бол хүн төрөлхтний оюуны тайлагдашгүй нууцын охь билээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар зүүдний 70% нь ямар нэг байдлаар та бидэнд дохио өгч байдаг учраас сайтар тунгааж ойлгох хэрэгтэй юм. 

Зүүдээрээ дамжуулж та бид өнгөрсөн хийгээд ирээдүйн цаг хугацаагаар аялаад зогсохгүй амьдралаа ч орвонгоор нь өөрчлөх боломж бий. 

Ингээд та бүхэндээ зүүднээс урган гарсан буюу манасан зүүднээсээ сэдэвлэн бичсэн алдартай таван номны тухай хүргэе.

Бүрэнхий

  • 2003 оны зургаадугаар сарын хоёрны өглөө АНУ-ын нэрт зохиолч, найруулагч Стефани Майер хоёр биендээ дурласан залуу хос ойн нугад хамт хэвтэнгээ яагаад тэдний хайр сэтгэл удаан оршин тогтнож болохгүйн тухай ярилцаж байгааг зүүдэлж сэржээ. 

 

  • Энэ тухайгаа тэрбээр өөрийнхөө вебсайтад бичсэн нь, “Залуу хосын эмэгтэй нь жирийн л нэг охин, харин эрэгтэй нь гэрэл цацруулсан маш үзэсгэлэнтэй цус сорогч залуу байж билээ. Тэдний харилцаанд тулгарсан бэрхшээл нь хоёр биендээ татагдаж дурласан ч цус сорогч залуу бүсгүйнхээ цусны үнэрт мансуурч түүнийгээ алчихвий гэсэн сэтгэлийн шаналан байсан юм.” гэжээ. 

 

  • Ингээд зүүднээсээ урган гарсан алдартай бүтээлээ ноороглож эхэлсэн нь номных нь арвангуравдугаар бүлэг байсан гэнэ. Бүрэнхий цуврал дэлхийн 38 хэл дээр орчуулагдаж 120 сая гаруй худалдаалагдсан бөгөөд уншигчдын таашаалыг хамгийн их хүртсэн уран зөгнөлт ном болсон юм. Дөрвөн цуврал зохиолын анхны боть 2005 онд хэвлэгдсэн ба номноос сэдэвлэсэн кино 2008 - 2012 онд үзэгчдийн хүртээл болсон билээ.

Хар дарсан зүүд

  • Стивен Кинг бол аймшгийн төрөл жанрын роман, кинонуудаараа танигдсан алдартай зохиолч билээ. Түүний зохиол бүтээл дэлхий даяар 350 сая гаруй хувь борлогдсон төдийгүй зохиол бүтээлээс нь сэдэвлэсэн олон ч кино гарчээ. 

 

  • Түүний хэд хэдэн зохиол зүүднээс нь урган гарсан байдгийн нэг нь 1987 онд гаргасан “Misery” юм. Тэрбээр нислэгийнхээ үеэр унтаж байхдаа зохиолынхоо үйл явдлыг зүүдэлсэн байдаг ба газардангуутаа 40 - 50 хуудсыг нь шуудхан л биччихсэн гэдэг. 

 

  • Стивен Кинг хэлэхдээ, “Нэгэн бүсгүй зохиолчийг барьцаалж төдөлгүй хөнөөчихөөд махаар нь гахайнуудаа хооллож, арьсанд нь нэг романыг хийсэн. Би энэ түүхийг ном болгох ёстой хэмээн үзсэн” гэсэн юм. 

 

  • Ер нь Стивен Кинг хар дарсан зүүднээсээ сэдэвлэж зохиол бичих нь олонтаа. Аймшгийн төрөл жанрын энэ роман 1988 оны шилдэг номоор шалгарч байсан ба романаас сэдэвлэсэн “Misery” кино 1990 онд гарсан нь ихээхэн амжилт, нэр хүндийг авчирсан юм. Тэрбээр их унш, их бич бас их зүүдэл гэж хэлэх дуртай.

Бяцхан Стюарт

  • 1945 онд анх хэвлэгдэж байсан “Бяцхан Стюарт” номыг АНУ-ын зохиолч Элвин Брукс Уайт (1899 - 1985) бичсэн билээ. Энэ бол түүний хүүхдэд зориулж бичсэн хамгийн анхных нь бүтээл байсан бөгөөд “The Elements of Style” (1959), “The Trumpet of the Swan” зэрэг номоороо алдартай юм. 

 

  • Бяцхан Стюартын тухай тэрээр 1920-оод онд зүүдэлж байсан ба зүүдэнд нь хулгана шиг харагддаг бяцхан хүү иржээ. Тэрээр сэрсэн даруй зохиолынхоо хэд хэдэн бүлгийг биччихсэн гэдэг. Романаас сэдэвлэсэн “Stuart Little” кино 1999, 2002 онд үзэгчдийн хүртээл болсон юм. Киноны 2002 онд гарсан ангийнх (“Stuart Little 2”) нь саундтрекийг (“I’m Alive”) Канадын нэрт дуучин Селин Дион дуулсан нь одоо ч шилдэг уран бүтээл билээ.

Жекил эмч, Хайд нарт тохиолдсон хачирхалтай явдал

  • Роберт Льюис Стивенсон (1850 - 1894) нь Шотландын яруу найрагч, зохиолч бөгөөд түүнийг “Dr. Жекил ба Mr. Хайд нарт тохиолдсон хачирхалтай явдал” (1886) романаар нь андахгүй. Эмч болохыг мөрөөддөг байсан түүнд нэн ховор эмгэгийн тухай өгүүлдэг сонирхолтой роман бичих санаа зүүдэнд нь иржээ. 

 

  • Ингээд сэрсэн даруй тэмдэглэлээ хөтөлж эхэлсэн тэрээр гурван өдрийн дотор романыхаа нооргийг гаргачихсан юм. Гаргасан нооргоо эхнэртээ хянуулж санал бодлоо харилцан солилцсоноор 10 өдөрт багтаан дуусгасан гэнэ. Зохиолд гардаг ховор эмгэгээр өвчилсөн тохиолдолд тухайн хүний дотор өөрөөс нь гадна хэд хэдэн хүний оюун бодол, үйл хэрэг давхар илэрч насан туршдаа тарчлан шаналдаг ажээ.

Франкенштейн

  • Мэри Шелли (1797 - 1851) бол “Frankenstein” номоороо дэлхийд алдаршсан Английн алдартай зохиолч билээ. Тэрээр 1816 онд ирээдүйн нөхөр Перси Шелли (1792 - 1822) - тэйгээ Швейцарийн гүн Байроны эдлэнд амарсан юм. Нэг шөнө түүдэг галын дэргэд элдвийг ярилцаж суусан тэдний ярианы сэдэв цахилгаан гүйдлээр дамжуулж хүнийг дахин амилуулж болох болов уу гэсэн бүтэшгүй зөгнөлөөр үргэлжилжээ. 

 

  • Тэр шөнөдөө Мэри энэ талаар үргэлжлүүлэн зүүдэлж зүүдэндээ нас барсан хүнийг амьлуулж Франкенштейн гэдэг мангас төрхтэй, өрөвдөлтэй амьтныг бүтээсэн гэдэг. Ингээд маргааш өглөө нь сэрээд зүүдэндээ харсан болгоноо дэвтэрт буулгаж богино өгүүллэг бичиж эхлэв. Тэрээр “Frankenstein” (1818) зохиол дээрээ жил гаран ажилласан бөгөөд нөхрийнхөө хамт амжилттай дуусгаж чадсан юм.

Бонус: Жонатан Ливингстон хэмээх цахлай

  • Жонатан Ливингстон нэртэй цахлай шувууны амьдралаар дамжуулж хүн төрөлхтөнд нэгийг тунгаах сэдлийг өгсөн туужийг АНУ-ын зохиолч Ричард Бах бичсэн билээ. 1970 онд хэвлэгдэж байсан ном 1972 он гэхэд хэдэн сая хувь худалдаалагдсан байсан ба “The New York Times”-ийн бестселлер бүтээл юм. 

 

  • Туужийг бичих санаагаа тэрбээр 1959 онд олсон байсан ч найман жилийн дараа зүүдэлсэн зүүдээрээ үргэлжлүүлэн бичжээ. Зохиолын гол агуулга нь ямар ч зорилгогүй амьдралаа эцэслэж өөртөө итгэлтэй тэмүүлэл дүүрэн амьдрахыг ухааруулсан явдал юм. 

 

  • Номын эхэнд "Бидний хэнбугайн ч дотор амьдарч буй зохиомол бус Жонатан цахлайд зориулав." гэсэн байдаг.