Фашист герман гэж ямар үзэгдэл байв?

Ж.Санчир:      


 Фашист герман гэж ямар үзэгдэл байв?! 1-р хэсэг


Фашизмыг ялсан Агуу Их Ялалтын 70 жилийн ой тохиож байна. Ялалт ямар их үнээр олдсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дурсан ярьж буй нь сайшаалтай хэрэг. Фашист герман ямар бодлого баримталж байсан, холокост (уг үндсээр нь хоморголон устгах) гэж ямар түүхэн үзэгдэл байсан талаар хэдэн үг сараачвал эрхэм уншигчдад маань сонирхолтой бас сургамжтай байх болов уу. Түүхээ зөв ойлгож байж, ядуу буурай орнуудыг яаж дарлаж, сүйрүүлж байсныг, шинжлэх ухаан, “мэдлэг” гэж заримдаа ямар аймшигтай зэвсэг болж болдгийг яс махандаа шингэтэл ойлгож байж гэмээн бид ирээдүйгээ зөв зүйтэй цогцлоож чадах юм.

 

Манай ардчилагчдын “шинэ” түүхээр (Ж.С. – псевдо түүх гэж нэрлэдэг) бол фашист Герман ЗСБНХУ хоёр яг адилхан мангасууд байсан болоод буй. Хэн түрүүлж дайрсан нь давуу талтай болж, яг адилхан харгислал үйлдэх байсан гэж ТААМАГЛААД буй юм.

 

 

Мөн бидэнд капиталист ба социалист хоёр замын алийг нь ч сонгох боломж байсан гэдэг төөрөгдөл байна. ХЭНИЙ Ч ВАССАЛ ЭСВЭЛ ПРОТЕКТОРАТ БОЛОХГҮЙГЭЭР ХАРААТ БУС БОДЛОГО ЯВУУЛЖ, ТУСГААР ТОГТНОЛОО ОЛЖ, БЭХЖҮҮЛЭХ БОЛОМЖ БАЙСАН ГЭЖ ОЛОН ЖИЛ ХУДЛАА БИЧЛЭЭ. Тэр үеийн улс орнуудад хамгийн хурдан аргаар нийгмийн болон эдийн засгийн дэвшилд хүрэх зам бол АНУ-ын эсвэл ЗХУ-ын тогтолцооны нэг хэсэг болох явдал байсан нь гарцаагүй үнэн. Энэ тохиолыг тойрч гарсан улс нэгээхэн ч байгаагүй. Монголын хувьд бол энэ бүр гарцаагүй сонголт байсан гэж хэлж болно. АНУ өөрт хэрэгтэй улс орнуудыг босгож ирсэн шиг ЗХУ өөрийн нөлөөллийн хүрээний улсуудыг ховх сорон мөлжилгүйгээр нийгмийн дэвшилд хүргэсэн. ЭНЭ ОНЦ ЗАВШААНТАЙ ХУВЬ ТОХИОЛЫГ АШИГЛАН МОНГОЛЧУУД Ч ГЭСЭН ТУСГААР ТОГТНОЛОО ЖИНХЭНЭ УТГААР ОЛЖ АВСАН. БИД ДААНЧ ЭНЭ ОЛОЛТ АМЖИЛТЫГ БАТАТГАН ЦААШ ХӨГЖҮҮЛЭХ БАЙСАН ТҮҮХЭН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАЛГҮЙ ӨДИЙГ ХҮРЛЭЭ…

 

 


Түүх харин юуг өгүүлнэ вэ?…


Германы нацист дэглэмийн харгислалын талаар бид харьцангүй сайн ойлголттой. Гэвч энэ дэглэм яг ямар түүхэн нөхцөлөөс болж үүссэн, колоничлолтой ямар уялдаа холбоотой талаар бид бараг мэддэггүй. Онцгой харгис энэ үзэгдлийг зөвхөн Версалийн гэрээ, 1929 оны санхүү эдийн засгийн хямралын үр хөврөл мэт эсвэл тодорхой хэдэн удирдагчдын хувь хүний онцлогтой холбосноор түүхэн зураглал бүрэн дүүрэн харагдахгүй юм. Тийм ч учир нийтлэлийнхээ эхний хэсэгт энэ талаар товчхон тайлбар хийе.

 

 

Фашист үзэл суртал, түүний үр дүнд үүссэн дэглэм нь 15-р зууны сүүлээс эхэлсэн колоничлолын эрин үеийн нэг оргил цэг, “шинжлэх ухаанжсан” цуст дарангуйллын нэг үр дүн байсан нь хөдөлшгүй үнэн билээ. Хүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, өрнийн соёлыг хүчээр тулгах, улс орнуудын хил хязгаарыг дураараа тогтоох, уугуул соёлыг устгах, үндэстэн ястнуудыг хооронд нь алалцуулах зэрэг үй түмэн балмад арга энэ эрин үеийг тодорхойлж байв. Нацист дэглэм ч мөн ялгаагүй, яг энэ үзэл суртлын нэг бүтээгдэхүүн байсан аж. Харин урд өмнө нь улс үндсээр нь хядах, хүмүүсийг нутгаас нь зайлуулах үйл ажиллагаа ийм их цар хүрээтэй, хэрцгий, тооцоотой явагдаж байсан тохиолдол байгаагүй юм. Хоморголон устгах зорилготой энэ дайны илэрхий онцлог нь Европчуудын эсрэг чиглэсэн байсанд оршдог.

 

 

Түүхэнд америк тивийн уугуул иргэд, армянууд, африкийн омгуудыг хоморголон устгасан олон тохиолдол гарч байсан боловч европчууд европчуудыгаа үндсээр нь устгах гэсэн оролдлого байгаагүй билээ. АФРИК, АЗИЙН УУГУУЛ ИРГЭДИЙГ ХЭДЭН ЗУУН МЯНГААР ХҮЙС ТЭМТЭРЧ БАЙХАД ЮМАН ЧИНЭЭ САНАДАГГҮЙ БАЙСАН ӨРНИЙН ЕРТӨНЦ ЭНЭ УДААД СҮНСЭЭ ЗАЙЛТАЛ ЦОЧИРДСОН НЬ ИЙМ УЧИРТАЙ БАЙЖЭЭ.

 

 

Нацист герман улс, түүний үзэл суртал нь дорой буурай улс орнуудыг арьс өнгөөр гадуурхан боолчилж, ард иргэд болон байгалийн баялгийг нь мөлжих санаархалтай империалист тогтолцооны жам ёсны бүтээгдэхүүн байж ээ. Нацист германы хоморголон устгах бодлого нь хэдхэн хүний гэнэт бодож олсон санаа биш харин булаан эзлэгчдийн хэдэн зуун жил ихэд боловсронгуй болгосон түгээмэл арга байж ээ. Тийм ч учир нацистуудад жишээ авах түүхэн үйл явдлууд мундахгүй байсан аж. Колоничлолын эрин үе хойд Америкийн уугуул ард түмнийг үндсээр нь устгаж, газар нутгийг нь эзлэх дайнаар эхэлсэн бөгөөд 19-р зуунд Кастер, А. Жексон зэргийн индианчуудын эсрэг явуулсан геноцидоор дуусгавар болсон түүхтэй.

 

 

19-р зууны туршид дэлхий дээрх европын ноёрхол бараг бүрэн тогтсон бөгөөд колоничлогчдын овоо хараа Хятад, Энэтхэг руу чиглэж эхэлжээ. Ямарваа нэгэн булаан эзлэх дайн ихэнх тохиолдолд өөрийн гэсэн үзэл суртлын зэвсэгтэй байдаг нь хэн бүхэнд ойлгомжтой болов уу. Колоничлолын үеийн үзэл суртал арьс өнгөний үзэл, өрнийн соёлын ноёрхол дээр тогтож байв. Энэ нь нэг талаас түрэмгийлэгчдийн явуулж буй бодлогыг зөвтгөх, нөгөө талаас эрхшээлд орсон ард түмнүүдийг өөрийн гэсэн бахархал, үндэстний нэгдсэн үнэт зүйлгүй болгох давхар зорилготой байсан аж.

 

Комт Дэ Гобиноу, Стюварт Чамберлэйн зэрэг “эрдэмтдийн” арьс өнгөөр ялган гадуурхах онолууд энэ үед илт хүч авч байсан нь тохиолдол биш байсан. Арьс өнгөний номлолоор илүү хүчтэй гүрэн нь яах аргагүй илүү боловсорсон, илүү соёлжсон, илүү энэрэнгүй болсон ард иргэдтэй болж “таараад” байв. Энэхүү шатлалын хамгийн дээд талд “цагаан” арьст баруун европчууд, дараагийн шатанд өмнөд европчууд, хамгийн доор нь Австрали тивийн уугуул аборигенууд мэтийн соёл иргэншлийн шуурганд хамхуул тоос мэт хийсэн алга болох цорын ганц “рольтой” хүнэнцэрүүд багтаж байв.native american genocide

 

Нацистуудаас өмнөх хамгийн харгис мөн өргөн цар хүрээтэй хоморголон устгах ажиллагаа Хойд Америкийн индианчуудын эсрэг явагдаж ээ. 1870-аад онд генерал Шерман: “Индианчуудын асуудлыг шийдэх цорын ганц арга бол бүр мөсөн хүйс тэмтрэх ЭЦСИЙН ШИЙДЭЛ юм” – хэмээн мэдэгдсэн нь нацистуудын 70 орчим жилийн дараа ярьж эхлэх зүйлстэй сэрдхийлгэм төстэй байлаа. Тэр бүү хэл, индианчуудын эсрэг хийгдсэн их хядлагын талаар бичсэн Ж. Ф. Куупер, Карл Мэй зэргийн зохиолуудыг Гитлер шимтэн унших дуртай байлаа. (David Jablonsky, Churchill and Hitler: Essays on the Political-Military Direction of Total War, p. 135. )

 

Нэрт түүхч Ж. Толандын дүгнэлтээр, еврей, зүүн европчууд зэргийг ул үндсээр нь устгах нацистуудын төлөвлөгөө АНУ-аас шууд үлгэрлэн дуурайсан шийдэл байв. (John Toland, Adolf Hitler, Vol. II, p. 802. ) Гэвч нацистуудад бүр ойрын гэж болох нэг жишээ байв…

 

 

20-р зууны эхний геноцидийг 1904 оны 1-дүгээр сард Германы эзэнт гүрэн тухайн үед өөрийн колони болох Намиб улсад Хэррэрчуудын эсрэг эхлүүлжээ. Британийн загвараар засаглахын тулд Германчууд тухайн нутагт өөрийн амбан захирагчийг томилсон аж. Түүний нэрийг Хайнрих Эрнст Геринг гэдэг байв! Түүхийн шоглоом гэх үү, харгис бодлогын үе залгамжилсан чанар гэх үү, түүний хүү нацист Германы төлөө онцлох том “үүрэг” гүйцэтгэсэн юм.

 

 

Германууд Хэррэрчуудын эсэргүүцлийг зогсоохоос гадна тухайн ард түмнийг үндсээр нь устгах зорилготой байлаа. Дэслэгч генерал Вон Трота тайлбарлахдаа:

“Миний үнэмшлээр ийм үндэстнийг газрын хөрснөөс арчих ёстой юм. Хэрэв бага хүч ашиглаж гүйцэлдүүлж чадахгүй бол улсаас нь хөөж гаргах нь зүйтэй.” (Gewald, “Imperial Germany and the Herero of Southern Africa, in: Jones, p. 59-62)

 

 

Үүний дараахан (1904 оны 10 сар) Вон Трота Намибд мөрдөх дараах захирамжийг үзэглэсэн аж:

“Хэррэрчүүд нутгаа орхих ёстой. Эс тэгвээс тэднийг хүчээр хөөн зайлуулах болно. Зэвсэгтэй эсэхийг үл харгалзан бүх Хэррэрчүүдыг буудах болно. Эмэгтэйчүүд хүүхдүүдийг ч гэсэн би хамгаалж чадахгүй. Хэррэрчүүдэд хэлэх миний үг бол энэ юм.”

Вон Тротын дээрх захирамж Vernichtungsbefehl нэрээр алдаршсан бөгөөд хэтэрхий үрэлгэн гэсэн шалтгаанаар хүчингүй болж ээ. Харамсалтай нь хөөрхий Хэррэрчүүдийг дутахгүй гашуун хувь тавилан хүлээж байв. Баригдсан бүх Хэррэрчүүд тусгай лагерь уруу цөлөгдөж, албадан хөдөлмөр хийж эхэлжээ.

 

Тэдгээр хүмүүс ямар нөхцөлд амьдарч байсныг Германы шашны номлогч ийнхүү дүрсэлжээ:
“Золгүй энэ хүмүүс ямар дүр төрхтэй байв?! Хүнхэр нүдтэй, араг яс болтлоо турж эцсэн энэ хүмүүс ямар ч чадалгүй, найдваргүй болсон байв. Хүнд өвчнөөр нэг нэгэнгүй өвчилсөн тэд ширүүн бороон дор нөмрөх даавуу, хучих хувцасгүй хэвтэцгээнэ. Ажил хийх хүчтэй хэд нь мэдээж зарагдаж байв. Тэд бөөн бөөнөөрөө үхэж байв. Үгээр хэлшгүй их зовлон…” (Gewald, p. 62-63. )

 

 

Энэ аймшигт зураг 1905 биш харин 1945 оныг дүрсэлсэн байсан бол ялгааг нь олж харах хүн олдохгүй биз ээ. Мөн Херман Гёрингийн аав энэ мужийн амбан захирагч байсан нь тохиолдол гэхэд их хэцүү аж ээ.
Гэгээнтэн Майкл Скоттын хувьд ч хоёр үйл явдлыг харьцуулахад хялбар байв:
“Намибийн үйл явдлын талаар уншихад Польшийг сүйрүүлснийг уншихтай ижил санагдаж байна. Германчууд тэр үед хийн камергүй байсан боловч нярай хүүхдүүдийг нүцгэн гараар алж, өвчтэй хөгшин эмэгтэйчүүдийг овоохойтой нь хамт шатааж байв. Нийт 90 мянгаас 15хан мянган хүн л амьд гарчээ.”(Michael Scott, “Michael Scott and the Hereros”)

 

 

Энэ удаад фашист Германы цуст бодлогын түүхэн уламжлалын талаар товч мэдээлэл өглөө. Дараагийнх харин фашист дэглэм ялах болсон нийгэм эдийн засгийн шалтгаануудыг өгүүлэх болно.

Үргэлжлэл бий. 

Эх сурвалж: http://shinjeech.mn/?p=191#gallery/1/