Хүн идэшт “зэрлэг” араатнууд

Дэлхий дээр хүний махан идэшт маш олон амьтан бий. Эдгээрээс хүний маханд нугасгүй нь арслан, бар, матар, баавгай, гүрвэл, цөөвөр чоно болон махчин загаснуудыг нэрлэх нь түгээмэл юм. Ингээд зэрлэг араатнуудын дайралтад өртсөн хүн төрөлхтний харамсмаар хэдий ч итгэмээргүй бодит түүхүүдээс сонирхуулъя.

АНУ: Аварга махчин загасны дайралт

  • Эрдэмтдийн үзэж байгаагаар аварга махчин загас нь хүнд ямар ч гэмгүй гэж байгаа ч 1916 онд Нью Жерсигийн далайн эрэг орчимд хүн рүү халдсан хэрэг гарсан юм. Махчин загасны идэш болсон эхний хохирогч нь гэрийнхэнтэйгээ амарч, эргийн тийм ч гүехэн биш усанд сэлж явсан залуухан хүү Чарльз Вансент бөгөөд аварга загасны хурц шүд түүний нэг гуяны артерийн судсыг хазсанаас гадна нөгөө хөлийг нь биенээс нь тасчин салгажээ. Тэрээр эмнэлэгт хүргэгдэж чадалгүй цус алдсаар нас барсан юм. 

 

  • Махчин загасны дайралтад өртсөн дараагийн тохиолдол нь Чарльз Брудегийнх юм. Загас түүний хоёр хөлийг тасдаад явсан ба амь тэмцсэн тэрээр эрэгт ч дөхөж чадалгүй амь тавьжээ. 1916 онд гарсан хэд хэдэн аймшигт явдлын дараа долоодугаар сарын нэг өдөр Матаваны цутгалангаас холгүй орших Раританы эргээс махчин эм загасыг барьжээ. Гэдэснээс нь үхсэн хүний сэг олсон нь түүнийг өмнөх хоёр аллагад буруутгах шалтгаан болсон юм. Харин гурав дахь тохиолдлыг догшин авиртай “Bull Shark” байсан гэдэг таамаглалыг дэвшүүлсэн аж. 

 

  • Ингээд эдгээр явдлаас сэдэвлэж зохиолч Питер Бенчли “Jaws” нэртэй алдартай зохиолоо бичсэн нь Стивен Спилбергийн “Jaws” (1975) киног бүтээх угтал шалтгаан нь болжээ.

Малави: Малавигийн цөөвөр чоно, 2002 он

  • Африк тивийн зүүн өмнөд хэсэгт орших Малави улсад 2002 онд гарсан цөөвөр чонын дайралтад тосгоны 6 иргэн өртөж нас баржээ. Ямаа, тахиагаар хооллодог хүнд гэмгүй цөөвөр чоно юуны учир дайрсан нь тодорхойгүй хэвээр байдаг. Ямартаа ч ургацаа хамгаалах зорилгоор гадаа унтаж байсан зургаан хүний алтан амь цөөвөр чонын хоол болжээ.

Энэтхэг: Чоугарийн хүн идэшт бар, 1925 он

  • 1925 оноос эхлэн нийт 64 хүний амийг авч одсон тэднийг Их Британий байгаль судлаач, анчин Жим Корбетт (1875 - 1955) хөнөөжээ. Эх барын бамбартайгаа хамт олон хүний махыг зооглосон аймшигт явдлыг тэрээр таслан зогсоож 1929 онд бамбарыг нь, харин 1930 онд эхийг нь хөнөөжээ. Түүний олж илрүүлснээр энэ барны үүдэн шүд нь унахаа дөхөж, савар ч үгүй соёо ч үгүй болсон байсан бөгөөд гэсэн ч муугаа үл мэдэн хүн агнаж байсан гэдэг.

Энэтхэг: Рудрапраягийн цоохор ирвэс

  • Энэтхэгийн Рудрапраяг дүүргийн оршин суугчид хүн идэшт цоохор ирвэсээс найман жилийн турш эмээж амьдарсан бөгөөд шөнө дундад ганцаараа явж ч чаддаггүй байсан гэнэ. Улангассан ирвэс иргэдийн хашаа хороог сүйтгэхээс эхлээд хаалгыг нь эвдэж, цонхоор нь ч орж чадахаар догшин амьтан байсан гэдэг. Ингээд Энэтхэгийн Засгийн газраас цуутай анчин Жим Корбеттийг залж хөнөөлт араатныг устгаж өгөхийг хүссэн юм. Эцэст нь 125 хүний махаар хооллосон цоохор ирвэсийн амь тэнгэрт хальжээ.

Кени: Цаво голын махчин арслан, 1898 он

  • Их Британий зохиолч, анчин Жон Хенри Паттерсоноор (1867 - 1947) ахлуулсан бригад 1898 онд Кенийн Цаво гол дээгүүр төмөр зам барих ажлаар хэдэн сарыг тус нутагт өнгөрүүлжээ. Энэ үеэр зогдоргүй хоёр махчин арслан ажилчид руу сэм гэтэн дайрч 135 гаруй хүний амийг авч одсон юм. Тухайн үед тэднийг хүн идэшт арслан гэж хэний ч санаанд буугаагүй бөгөөд сүнс шүглэсэн газар хэмээн итгэж бараг дийлэнх ажилчид нь ажлаа хаян зугтжээ. 
  • Гэтэл тэр нь үнэн хэрэгтээ хий үзэгдэл шиг ангуучилдаг махчин арслангууд байсан юм. Тэднийг Жон Хенри Паттерсон хөнөөсөн бөгөөд үүгээрээ 1907 онд “The Man - Eaters of Tsavo” гэдэг ном бичиж зохиолоос нь сэдэвлэн “The Ghost & the Darkness” (1996) киног бүтээж байжээ.

Бурунди: Густав матар

  • Францын байгаль судлаач Патрис Фэйгийн олон жилийн турш ангуучлахаар судалж байгаа энэ амьтан бол түүний нэрлэснээр Густав матар юм. 300 хол давсан хүний амийг зугаа болгож хөнөөсөн түүнийг олон анчид хөнөөхөөр завдсан ч бүтэлгүйтсээр иржээ. Густав хүний махыг тэгтлээ их идэхэд шунах бус хаа нэг хүсэл төрвөл зуучихаад хэсэг алга болоод дахин гарч ирж ангаа үргэлжлүүлэх зэргээр олны хараанд өртдөг ажээ. Түүний биед мэс болон шүргээд өнгөрсөн сумны хэд хэдэн сорви байх ба 6 м урт, нэг тонн гаран жинтэй аварга матар юм

Энэтхэг: Панарын цоохор ирвэс, 1900-аад он

  • XX зууны эхээр Энэтхэгийн хойд нутгийн муж байсан Панарт 400 гаруй хүний махаар хооллосон цоохор ирвэс амьдардаг байжээ. Төрлийнхөнтэй нь харьцуулахад биеэр харьцангуй жижиг энэ ирвэс хамгийн эртний хүн идэшт амьтан байж болох ба 3 сая гаруй жилийн тэртээ хүнээр хооллодог байсан гэх мэдээ бий. Панар нутагт байсан ирвэсүүдийг Их Британий анчин Жим Корбетт 1910 онд хөнөөсөн гэнэ.

Энэтхэг: Чампаватын эм бар, XIX зуун

  • Домогт махчин эм бар нь XIX зууны тэртээ Непал болон Энэтхэгийн оршин суугчдын 436 гаруйг хөнөөсөн зартай араатан юм. Түүнийг “Гиннессийн дэлхийн дээд амжилтууд” номд хамгийн олон хүний амийг авч одсон бараар нэрлэжээ. 200 Непал хүний махыг амталсан бар хүний маханд улам шунаж Энэтхэг рүү халдаж эхэлсэн ба 1907 онд 16 настай охиныг хөнөөснийхөө хариуд удалгүй анчин Жим Корбеттийн (1875 - 1955) гарт амь үрэгджээ.

Франц: Жеводаны чоно төрхт араатан

  • Чонотой төстэй боловч чононоос үлэмж том, улаандуу өнгөтэй, тэвчихийн аргагүй өмхий үнэртэйгээс гадна шүд нь чононыхоос нэлээд том хүн идэшт энэ амьтны тухай нууц тайлагдаагүй хэвээр байдаг. Францын Жеводан мужид 1764 - 1767 онд 210 хүнийг хөнөөсөн энэ амьтан 1764 оны зургаадугаар сард бяцхан охиноор хооллосныхоо дараа амташсан нь энэ ажээ. Чононоос даруй хүчирхэг энэ араатныг 1767 онд анчин Жин Частель хөнөөсөн гэдэг ба араатан энгийн суманд бус мөнгөн сумаар буудуулж үхсэн гэдэг яриа байдаг ажээ.

Япон: Кэсагакэ бор баавгай, 1915 он

  • Япон улсын түүхэн дэх хамгийн хөнөөлтэй бор баавгай нь 7 хүний аминд хүрч байсан ба энэ явдал 1915 онд гарч байжээ. Харамсалтай явдлаас сэдэвлэж амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн тууж өгүүллэгүүд, манга, жүжиг, кино хүртэл гарч байжээ.