Освенцимийн эх баригчийн өчил

Одоогоос 70 жилийн өмнө, 1945 оны  фашистуудын байгуулсан “газрын там”, хэдэн сая хүний амь насыг авч одсон Освенцим-Биркенаугийн хорих лагерийг чөлөөлжээ. Хойшид ийм аймшигт зүйл гаргуулахгүй байхын тулд хүн бүр энэ түүхийг мэдэж, хойч үедээ  дамжуулан үлдээх чухал. Польшийн эх баригч Станислава Лещинска 1945-01-27 хүртэл Освенцимийн хорих лагерьт хоригдож, тэндэхийн тамыг биеэр туулж өнгөрөөсөн хүний хувьд 1965 онд энэ дурдатгалыг бичсэн юм байна.

 

 

“ Би 35 жил эх баригчийн ажил хийсэн хүн. Освенцим-Бжезинкийн эмэгтэйчүүдийн хорих лагерьт 2 жил тарчлахдаа мөн л мэргэжлийн үүргээ гүйцэтгэж явлаа. Тэнд аваачсан эмэгтэйчүүдийн дунд жирэмсэн эхчүүд олноор байсан юм. Эмэгтэйчүүдийг харханд мэрэгдсэн нүх сүв бүхий модон ханатай саравчинд хорьдог байв. Дотор нь хана дагуулан тавьсан 3 давхар нааран орнууд байна. Нэг орон дээр 3-4 эмэгтэй байрлах ёстой. Орон дээр дэвссэн сүрлэн гудасны сүрэл нь идэгдээд дууссан, маш хатуу, тэгээд бохир, өвчтэй эмэгтэйчүүд бараг л нүцгэн модон дээр хэвтэнэ. Ядаж мод нь гөлгөр биш, яртай овон товон ихтэй тул их л зовдог байлаа. Саравчны голд тоосгон пийшин байна. Энэ л эх барьж авдаг гол талбар маань болж байлаа. Пийшинд жилд хэдхэн удаа л гал түлэх тул өвөлдөө аймшигтай хүйтэн, таазнаас мөсөн унжлага унжсан байдаг байлаа.

Төрөх үед хэрэг болох бүхнийг би өөрөө олж бэлдэх ёстой, нэг хувин ус олж ирэх гэж доод тал нь 20 минут явах хэрэгтэй болдог байв. Энэ хүнд нөхцөл төрөх гэж байгаа эхчүүдийн амь насанд нэн  халтай, ямар ч эм бэлдмэл, ороох боох материал огт байхгүй. Төрөлт хүндрэлтэй явагдах нь элбэг, нацистын эмч Роде, Кениг, Менгеле нар өөр үндэстнийг адгууснаас дор үзэх тул туслана гэсэн ойлголт байхгүй, би өөрөө л үзэж тардаг байлаа. Эхэс гардах зэрэг зүйлс байнга тохиолдоно.

Зэргэлдээх саравчинд ажилладаг байсан Ирена хэмээх эмч хүүхэн надад маш их тусалдаг байсан. Освенцимд ажиллаж байсан эмч нарын тухай ярихад үг ч багадам. Тэд амь биеэ үл хайхран үхэх ялтнуудад тусалдаг байлаа. Тэдэнд хэдхэн боодол аспиринаас өөр юу ч байхгүй, харин далай шиг уужим сэтгэл, эр зориг хоёр л байсан юм. Тэдний баатарлаг гавьяаг биеэр үзэж мэдэрсэн хүмүүс бүгд үхсэн тул хэн ч юу ч ярьж чадахаас өнгөрчээ.

Би үхлийн лагерьт 3000 орчим удаа эх барьж авсан. Хэцүү бохир байдал, өт хорхой, харх, халдварт өвчин, усгүйдэл зэрэг үгээр хэлэхийн аргагүй зовлон гамшгийг үл харгалзан жинхэнэ гайхамшиг тэнд болдог байлаа.

Нэгэн удаа эсэсийн эмч надаар эх хүүхдийн халдварт өвчин, эндэгдлийн талаар тайлан гаргуулах болов. Би нэг ч эх, хүүхэд үхээгүй гэж хариулахад эмч ихэд гайхан итгэлгүй харж билээ. Тэгээд манайхны төгс төгөлдөр эмнэлэгт ч ийм амжилт байдаггүй юм гэж уурсан хэлэхэд харцанд нь атаархал, хорсол дүрэлзэн байсан юм. Туйлдаа хүртэл тураалд орсон бие организмыг нян бактер ч тоодоггүй юм болов уу гэж би дотроо боддог байж билээ. Төрөх дөхсөн эмэгтэй орны даавуугаар солихын тулд удаан хугацааны туршид талх идэхгүй. Ингэж олсон даавуугаа хувааж хүүхдээ өлгийднэ. Саравчийг орхин гарч болохгүй, мөн дотор нь хөдлөх аргагүй чихцэлдэж байдгаас даавуугаа угаах нь туйлын бэрх асуудал болно. Арай хийж угаасан даавуугаа эх өөрийн биений элчээр хатаана.

1943 оны 5-р сар хүртэл Освенцимийн хорих лагерьт шинэ төрсөн хүүхдүүдийг зэрлэгээр устгадаг байв. Тэднийг Клара, Пфани гэгч 2 герман эмэгтэй торхтой усанд живүүлж алдаг байлаа. Клара нь эмнэлгийн мэргэжилтэй боловч хүүхэд алсны учир хорих лагерьт иржээ. Тэр саравчны ахлагч бөгөөд удирдлагаас даалгасан бохир ажлыг гардан гүйцэтгэгч нь болж байв. Түүний туслагч Пфани нь германы янхан байсан гэдэг. Энэ 2 эмэгтэйн саравчинд шинэ хүн мэндэлсний дараа ус цалгих чимээ сонсогдож, дараа нь эхчүүд саравчнаас шидэгдэж, харханд зулгаалгаж байгаа хүүхдийнхээ цогцсыг олж хардаг байсан гэнэ. 

1945 оны 5-р сараас хойш зарим хүүхдийн байдал өөрчлөгдөв. Шинэ үндэстэн бэлтгэх бодлогын дагуу цэнхэр нүдтэй, цайвар үстэй хүүхдүүдийг эхээс нь булааж Герман руу илгээх боллоо. Хорих лагераар өдөр бүр үрээ булаалгасан эхийн уйлан орилох дуу хадах болов. Хүүхэд бол эхийн хувьд үргэлж итгэл, найдварын од байдаг. Хамгийн хэцүү зүйл бол хагацал байлаа.  

Харин еврей хүүхдүүдийг хайр найргүйгээр хядаж байв. Тэднийг бусад хүүхдүүдийн дунд нууна гэж санахын ч аргагүй байлаа. Клара, Пфани 2 жирэмсэн еврей эмэгтэйчүүдийг нүд салгалгүй мөрддөг байв. Төрсөн хүүхдийг эхийнх номероор тамгалаад живүүлж, цогцсыг нь харханд хаяж өгнө. Бусад хүүхдийн хувь заяа ч дээрдэх юмгүй: тэд өлсгөлөнд нэрвэгдэн аажмаар үхэж байлаа. Арьс нь цаас шиг нимгэрч цаанаас нь судас шөрмөс, яс үс нь нэвт харагддаг байв.

Тэнд болж байсан аймаар зүйлсийн дотроос нэг явдал одоо ч нүдэнд харагддаг юм. Партизануудад тусалсны улмаас Освенцимд ирсэн нэг эмэгтэй дөнгөж төрчихөөд байтал харгалзагч дугаараар нь (хоригдлууд бүгд нэргүй, зөвхөн дугаартай) хашгиран дуудав. Би очиж байдлыг тайлбарласан ч тус болсонгүй, харин улам л уурыг нь хөдөлгөв. Түүнийг шатаах зуух руу дуудаж байгааг би ойлголоо. Эмэгтэй хүүхдээ бохир цаасанд ороож тэврээд элгэндээ наав...тэгээд уруул нь дуу гаралгүй хөдөлж байсан юм. Эмэгтэйчүүд хүүхдээ тэсгим хүйтэн, бэрх өлсгөлөнгийн үеэр тайвшруулж, зовлонг нь багасгах гэж бүүвэйн дуу аялдаг байлаа. Энэ эмэгтэй ч бас тэгэхийг хүссэн байх. Гэвч хүч нь хүрсэнгүй, хоолой нь ч гарсангүй, харин нүднээс нь том гэгчийн нулимс гарч зэвхий цагаан хацар дээгүүр нь бөмбөрөн, үхлийн ял сонссон жаал хүүгийн бяцхан толгой дээр унаж байж билээ. Эхийнхээ нүдэн дээр амь алдаж буй хүүхэд, эсвэл нялх үрээ орь ганцааранг орхиод үхэж буй эх хоёрын аль нь хэцүү болохыг хэлэхэд ч бэрх.

Ямар ч байсан Освенцимд хүүхдүүд эсэн мэнд төрж байсан юм шүү. Яагаад гэвэл тэдний зорилго нь амьдрал байсан юм. Тэднээс дөнгөж 30 орчим нь чөлөөлөгдөж чадсан. Хэдэн зуун хүүхдийг Герман руу авч явсан. Бараг 1500 гаруйг нь Клара, Пфани хоёр живүүлсэн, бас 1000 гаруй хүүхэд хожим өлсгөлөн, хүйтнээс болж өнгөрсөн юм. Энэ үхлийн лагерьт байгаль эх ямар ч тохиолдолд амьдралыг дэмждэг гэдгийг, мөн амьдрал дахь хамгийн сайхан зүйл нь нялх хүүхдийн халуун амьсгал гэдгийг би мэдэж авсан юм даа. “