Шуурганд унасан модны үндсэнд хүний гавлын яс өлгөөтэй байхыг олжээ

        Ирландын жижигхэн тосгон Коллоонейд ард иргэдийг цочиролд оруулсан үйл явдал болжээ. Шуурганд мод унах нь нийтлэг үзэгдэл ч араг яс гарч ирэх нь өдрийн од мэт. 200 жилийн настай мод унан үндсэнд нь араг яс өлгөгдсөн байдалтай байжээ. Араг ясны зөвхөн цээжин хэсэг өлгөгдөн хөл нь газар булаастай хэвээр байсан аж.

        Уг араг яс 1000 жилийн өмнө хэрцгийгээр алуулан өөд болсон 17-25 настай эрэгтэй хүнийх бөгөөд ясан дээр нь хурц иртэй зүйлээр зүссэн ул мөр олдсон. Шинжилгээгээр биеийг 1030-1200 оны үед булсан болох магадлалтай байна.

        Одоогоор уг эрэгтэй дайны үед амь үрэгдсэн үү эсвэл өөр шалтгаантай юу гэдгийг тогтоогоогүй байгаа. Ойр орчимд оршуулгын газар байсан эсэхийг баттай мэдэхгүй ч оршуулга, сүм байсан байх магадлалтай бөгөөд цаашид нэмэлт шинжилгээ судалгааны үр дүнд эрэгтэйн талаар мэдээлэл олдоно гэж найдаж байгаа аж.