1945 оны 10 дугаар сарын 20-нд Тусгаар тогтнолын төлөөх санал хураалт өгсөн түүхэн өдөр

 

 

Эдүгээгээс 70 жилийн тэртээд монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө саналаа өгч байжээ. Энэ үйл явдал бол Монголын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал билээ. Тухайн үед Дундад иргэн улсын зүгээс тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь саналын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох л юм гэсэн нот бичгийг манай улсад илгээсэн аж. Ингээд дээрх нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдээс 1945 оны есдүгээр сарын 21- ний өдрийн 76-р хурлаар дараах утга бүхий тогтоолыг гаргажээ.


"Бүх ард түмний тус улсын бүх нутаг дэвсгэр дээр 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэрэг гаргуулахаар тогтоосугай" гэжээ.


Мөн 85 дугаар тогтоолд "санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог нэрийн "зөвшөөрөх", "татгалзах" хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар" гэж заасны дагуу санал хураалт болжээ. Уг санал хураалт эхлэхэд дундад иргэн улсын засгийн газраас ли фа жан тэргүүтэй албаны хүмүүс ирж ажиглалт хийжээ. Санал хурааль тухайн өдрөө дуусч, тухайн сарын 30-ны өдөр протокол үйлдэн, тогтоол гаргаж зху болон дундад иргэн улсын засгийн газарт хүргүүлсэн байх юм.

Энэ том ажлын үр дүн гарч 1946 оны нэгдүгээр сард Хятадын гадаад явдлын яамнаас маршал Хорлоогийн Чойбалсанд Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаагаа батласан тухай нот бичиг ирүүлжээ.


Дээрх нот бичигт "Хятадын 1934 оны аравдугаар сарын 20-нд гадаад монголын ард түмнээс авсан санал хураах ажлын дүнгийн тухай нот бичгийг авлаа. Энэ нь гадаад монголын ард түмнээс өөрийн тусгаар тогтнолыг баталсныг илэрхийлж байна. Батлан хамгаалах дээд зөвлөлийн тогтоол ёсоор Хятадын улсын засгийн газар нь энэ өдрөөс эхлэн Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээснээ зарлана. Үүнийг мэдэгдэхээр нот явуулав" хэмээжээ.

Чингэж Монголын ард түмэн асар их хүчин чармайлтынхаа үр дүнд Хятадын улсын засгийн газраар тусгаар улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ.

Уг санал хураалтад сонгуулын насны 494960 хүн оролцох ёстойгоос 487409 хүн саналаа өгч байжээ.
Харин 7551 хүн буюу нийт санал өгөх хүмүүсийн 1,5 хувь нь ямар нэгэн шалтгаанаар санал хураалтанд оролцоогүй юм.

 

Доорх хүснэгтэд тус санал хураалтад оролцсон хүмүүсийн тоо, гарын үсгээ тавьсан буюу бичиг мэддэг хүний хувийг аймаг, хот гэж ангилан тус бүрд нь харууллаа.

 

 

Дунджаар нийт хүмүүсийн 54 орчим % нь бичиг үсэг мэддэг байжээ.
Мөн зарим нэг сонирхол татахуйц баримтуудаас сонирхуулбал: Ховд аймагт гадаадын харъяат гэх нэрийн дор нийт 347 хүн саналаа өгсөн бөгөөд энд голцуу Өвөрмонгол, цөөн тооны Хятад, Орос иргэд байгаа нь тун сонирхолтой юм.

Эдгээр хүмүүсээс ердөө 29 хүн монгол бичгээр гарын үсгээ зуран, 2 хүн хятадаар зуран, 3 хүн хятад бичиг бүхий мутрын тэмдэг даржээ. Бусад бичиг үсэг мэдэхгүй 313 хүн санал өгөх зааварт тусгагдсаны дагуу баруун гарын эрхий хурууныхаа хээг даржээ.   

Түүнчлэн тухайн үед Булган аймгийн нутаг дахь “Булганы баруун хойд засан хүмүүжүүлэх газар”-т ял эдлэж байсан 52 хоригдол саналаа өгчээ. Эдгээрээс 2 нь бичиг үсэгт тайлагдаагүй, бусад хүмүүжигчид нь монгол бичгээр болон тухайн үед дөнгөж шилжиж байсан кирилл бичгээр гарын үсгээ зурсан байгаа нь нэн сонирхолтой баримт юм.

Үүнээс гадна тус санал хураалтанд зориулан гаргасан зурагт хуудас хэвлэн гаргаж байсан нь цөөн тоогоор хадгалагдан үлджээ. Эдгээр зурагт хуудсанд:
“би. Бүгд найрамдах монгол ард улсын харъяат мөн.
Хүн болж төрсний минь дээд зэргийн эрхэм эрмэлзэл бол өөрийн эх орны тусгаар тогтнолын төлөө амь ба санаа сэтгэлээ зориулахад хэзээ ч бэлхэн байхад оршино. Би өөрийн харъяат эх орны тусгаар тогтнолын төлөө батлана” гэжээ.


Эл бичгийн цаад дэвсгэрт монголын газрын зургийг байрлуулан, гараа өргөн санал өгч буй хүнийг дүрслэн зуржээ.
Энэхүү түүхэн санал хураалтад холбогдох 380 гаруй баримт одоо Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж байна.

 

archives.gov.mn