Ёр зөгнөсөн мөнгөн тах

 

Одоогийн Мехико хотын газар нутаг, тэр үед ацтекуудын нийслэл байсан Теночтитлан хот хүн амаараа Мадридаас 5 дахин их, талбайгаараа Испаний томоохон хот гэгдэх Севильигаас хоёр дахин их байв. Зөвхөн эзэлсэн эд баялгийг үзэхийн тулд испаничууд гурав хоногийг зарцуулжээ.
Төсвийн хөрөнгийг асар том армийг тэжээхэд, дэлхий даяар олон тооны дайн хийхэд зарцуулж байсан аж. Аж үйлдвэр хөгжсөнгүй. Гаднаас бараа авах нь ашигтай байсан учраас урлаачид орлогогүй болов. Алтны илүүдлээс болж үнэ өссөн учраас үйлдвэрлэгчид илүү ихийг төлж байлаа.

Испаничууд Америкийг нээж байлдан дагуулснаар 15-16 дугаар зууны дэлхийн хамгийн баян улс болж хувирав. Эзлэгдсэн колониудаас алт онгоц онгоцоор Испаний эрэгт бууж байлаа. Гэвч Испаний эзэнт гүрний алтан зуун удалгүй эдийн засгийн уналт, үнийн өсөлт, улс төрийн хямралыг авчирчээ. Энэ бүхний шалтгаан нь алт байв.

 

Ёр зөгнөсөн мөнгөн тах

Ацтекийн эртний нэгэн домогт 57 жилийн мөчлөгтэй он тооллын төгсгөлд наран ургах зүгээс далавчит хөлөг онгоц хөлөглөсөн Кецалькоатль бурхан ирнэ гэж өгүүлжээ. Энэхүү бурханы гадаад төрх нь ямар ч байх магадлалтай. Нэг бол гялалзсан өдтэй могой, нэг бол цагаан царайтай, долгиотсон сахалтай хүний дүрд хувилсан байх аж. Ацтекууд европчуудыг ирэхээс өмнө нэг ч цагаан арьстныг үзээгүй байлаа.

 

Нэгэнтээ ацтекуудын толгойлогч, “ертөнцийн хаан” цолтой  Монтесума Дорно зүгээс далавч шиг дарвуултай хөлөг онгоц хөлөглөсөн хачирхалтай зочид ирсэн талаар мэдээ авчээ. Тэднийг үзсэн харсан зарим нь хүн мордоод байшингийн оройд хүрэхээр өндөр болдог хачирхалтай буганууд авчирсан гэж ярьж байв. “Дорнынхны бие нь даавуугаар хучаастай, зөвхөн цагаан царай нь ил, үс нь шар, хар, сахал нь урт. Тэднийг гоё долгиотсон сахалтай цагаан царайтай хүн толгойлдог” гэсэн яриа тархав. Энэ үйл явдал 57 жилийн мөчлөгтэй ацтекийн он тооллын сүүлээр буюу Христийн тооллын 1502 онд болжээ.

Түүгээр барахгүй хачин хувцастнууд  ухаан балартаж, чих дүлийрмээр аймшигтай чимээ гаргадаг зэвсэг авчирсан ба энэ зэвсэгийн амнаас гал манасхийж, чулуун бөмбөлөг үсэрч гардаг тухай хааны элч нар мэдээлэв. Монтесума хаан Кецалькоатль бурхан бараа бологчидтойгоо иржээ гэж бодов. Харин тэр бурханы бараа бологчид толгойлогчоо ноён Фернандо Кортес де Монрой болон Писарро Альтамирано гэж нэрлэж байв.

 

Фернандо Кортес де Монрой

Фернандо Кортес тэгэхэд 100 гаруй далайчин, 508 цэрэгтэй Веракрусын орчим зангуугаа хаяжээ. Тэдэнд 16 морь, 32 хүнд харвагч, 10 үхэр буу, хэд хэдэн урт буу, гар буу байв. Кортес ийм байдалтай яаж ацтекуудтай нүүр тулахаар шийдсэн нь одоог болтол ойлгомжгүй. Магадгүй дайтах зорилгогүй ч байсан байж болно. Одоогийн Мехико хотын газар нутаг, тэр үед ацтекуудын нийслэл байсан Теночтитлан хот хүн амаараа Мадридаас 5 дахин их, талбайгаараа Испаний томоохон хот гэгдэх Севильигаас хоёр дахин их байв.

 

Кортес, Монтесума хоёрын уулзалт

Гэхдээ ацтекууд Кортесыг шүтээн болгон хүлээж авсан нь асар том гүрнийг хурдан хугацаанд эзэлж, хэмжээлшгүй баялагт нь эзэн суухад туслав. Зөвхөн эзэлсэн эд баялгийг үзэхийн тулд испаничууд гурав хоногийг зарцуулжээ. Дараа нь 1531-1532 онд испаничууд Хуан Писаррогийн удирдлаган дор Перуг эзлэхэд цэргүүд цул мөнгөөр мориндоо тах хийж байв. Гэвч гэнэт олдсон алт, мөнгө Испани хэмээх том гүрний хямралын эхлэл болжээ.

 

Алтан үеэс хямралын үе рүү нэг алхам

Тэр үед Нэгдүгээр Карл Габсбургийн эрх мэдэл доорхи нэгдсэн гүрний сан хоромхон зуур алтаар бялхав. Мексик, Перугаас авчирсан алт Испанийг үлгэрийн юм шиг баян болгов. Энэ үеийг Siglo de Oro буюу “Испаний алтан зуун” гэж нэрлэдэг. Энэ цаг үед Сервантес, Лопе Де Вега, Кальдерон зэрэг цуутай яруу найрагч, зохиолчид амьдарч байв.

Испаний эзэнт гүрэн далайн чинад дахь эзэмшлээ өргөжүүлсэнгүй, харин Европ дахь нөлөөгөө бэхжүүлэв. Испаний хаан өөрийгөө дараах цолуудаар өргөмжилжээ: “Ром хийгээд Загалмайтнуудын цорын ганц эзэн хаан, Гэгээн Августын төрөл садан, Герман, Испани болон Кастиль, Арагоны эзэмшилд харъяалагдах бүх вант улсын эзэн, мөн Балеарын арлууд, Канарын арлууд, Энэтхэг, Шинэ Тив, далай, тэнгисийн хуурай газрууд, Антарктидийн туйлын газрууд болон Өрнө, Дорны олон арлуудын эзэн, түүнчлэн Австри, Бургунд, Брабант, Лимбург, Люксембург, Гельдерн болон бусад газрын хун тайж, Фландр, Артуа, Бургунд, Геннегау, Голланд, Зеланд, Намюр, Руссильон, Сердани, Зютфен, Ористань, Готцианий гүн, Католин болон Ази, Африк, Европ дахь бусад вант улсуудын эрхэмсэг ноён” гэсэн цол хэргэмтэй байв. Мэдээж тухайн улс гүрний хүч чадлыг удирдагч нь өөрийгөө яаж нэрлэснээр хэмжиж болохгүй. Жишээ нь Угандын дарангуйлагч Иди Амин өөрийгөө “Хуурай газрын бүх амьтад, далай тэнгисийн бүх загасны эзэнтэн”, түүнчлэн “Британий эзэнт гүрнийг байлдан дагуулагч” гэж өргөмжилдөг байв. Гэхдээ Испаний эзэн хааны цол нь эзэлсэн газар нутгийнх нь хэмжээтэй ойртож байсан юм.

Испаничууд, ацтекуудын тулаан

Улс орон маш их алттай байсан учраас татварын хэмжээ нь өсөв. Католик шашны сүсэгтэн болгон сүм хийдэд орлогынхоо 10 хувийг өгдөг байснаас гадна колониудаас олсон алтныхаа 5 хувийг улсын санд тушаадаг болов. Түүнээс гадна бүх төрлийн худалдаанд “алькабала” хэмээх татвар ногдуулдаг байлаа. Энэ татварыг 1342 онд анх 11 дүгээр Альфонсо нэвтрүүлсэн бөгөөд эхэндээ таван хувь байв. Дараа нь 10 хувь болгожээ.

Төсвийн хөрөнгийг асар том армийг тэжээхэд, дэлхий даяар олон тооны дайн хийхэд зарцуулж байсан аж. Аж үйлдвэр хөгжсөнгүй. Гаднаас бараа авах нь ашигтай байсан учраас урлаачид орлогогүй болов. Алтны илүүдлээс болж үнэ өссөн учраас үйлдвэрлэгчид илүү ихийг төлж байлаа.

Импорт өссөнөөр улсын өмч гадагшаа урсав. Испаничууд импортын барааг зөвхөн дотооддоо бус колони улсууддаа зориулан авч байв. Шинэ тивд худалдааны давуу эрхтэй болсон Севильийн худалдаачид баялгийн нэг хэсгийг эзэмших болов. Эрх баригчид үүнд саад хийхийг оролдсон ч хууль бус наймааны замаар улсын мөнгө гадагшаа урссаар байв.

 

15 дугаар зууны төгсгөлд Кастилд хамгийн хөгжингүй хонины аж ахуй, Андалусид хамгийн баялаг усан үзмийн тариалан, Толедад боловсронгуй зэвсгийн үйлдвэрлэл байсан бол 16 дугаар зууны төгсгөл гэхэд Испаний тариачид, гар урлаачид гадагш нь бараагаа зарж чадахаа байснаар зогссонгүй дотоодын өрсөлдөөнд өвдөг сөхөрчээ.

1500-гаад оны төгсгөлд талхны үнэ тав дахин өсч, үнийн нийт өсөлт дөрөв дахин илүү болжээ. Улсын сангаас цалин авдаг, колониудтай холбоогүй байсан хааны албатууд тэр даруй ядуурав. Тэдний ихэнх нь хялбар баяжихийн тулд колониуд руу явжээ. Изабеллагийн үед еврейчүүд болон мавруудыг улсаас хөөн гаргасан. Иймэрхүү байдлаар төр удирдах чадвартай хүмүүс улам багасав.

 

Эрх баригчид баялагийн гадагш чиглэсэн урсгалыг сааруулах гэсэн нь инфляцийг улам хөөрөгдөж “Испанид мөнгөнөөс бусад бүх юм үнэтэй” гэсэн зүйр үг хүртэл гарчээ.

Испаний эзэнт гүрнийг уналтад оруулсан гол шалтгаан нь өндөр татвар, католик шашны цээрлүүлэх ёсны (инквизиция) хатуу систем байв. Испаничуудын дарангуйлалд дургүйцсэн хүмүүс олон газарт бослого гаргав. Иймэрхүү байдлаар 16 дугаар зууны төгсгөл гэхэд Испаний эзэнт гүрний нөлөө илэрхий суларч эхэлжээ.  

 

Г.Даваадорж