МЕКСИКТ АКОЛЬУА ОМГИЙНХНЫ ШАРИЛ ОЛДЖЭЭ

Зультепек-Текоак нэртэй суурингийн ойролцоо археологичид Акольуа омгийнхноос үлдсэн олдворуудыг нээжээ. Хамгийн чухал олдвор нь өндөр хэргэмтэй байж болохуйц эрэгтэй хүний шарил юм.

Мексикийн Тласкала мужийн нутагт орших энэ газарт 25 жил археологийн эрэл хайгуул хийж байгаа юм. Харин энэхүү шинэ олдвор мэргэжилтнүүдийг гацаанд хийж орхижээ. Уг нь дээдсийн шарилыг онголохдоо ариун дагшин газар сонгодог. Гэтэл энэ шарил 1200-1521 онд тус омгийнхны төв байсан газраас холгүй олдоод байна.  

25 орчим насны залуу эрийн шарилын байдлаас үхлийн шалтгааныг хараахан хэлж болохгүй байгаа аж. Түүний шарилтай цуг галт уулын чулуугаар хийсэн хаан сэнтий, амтат ундаа сөгнөдөг сав суулга, Ометочтли бурханы дүртэй чулуу, хүүхдийн яс булсан байжээ.

Археологич Берта Флоресын тайлбарласнаар, эндээс олдсон гурван хүүхдийн ясыг урьдчилан чанаж боловсруулж хийсэн ажээ. Одоо мэргэжилтнүүд тэр тосгонд хүний мах иддэг байсан эсэх, эсвэл эдгээр яснуудыг өөр газраас авчирсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна.

Орчуулсан: ОЮУНГЭРЭЛ ДЭЛГЭРСАЙХАН