200 ЖИЛИЙН ӨМНӨ

Түүхэнд анх удаа төмөр замын осол гарсан

Зохион бүтээгч Уильям Брантон “алхдаг уурын тэрэг”-ээ улам боловсронгуй болгохоор ажиллаж байсан бөгөөд уурын тогооны даралтыг нэмсэн нь осолд хүргэжээ. Филадельфийн ойролцоох Дарэм хэмээх газар уурын тогоо дэлбэрч, 13-18 хүн нас барсан тухай янз бүрийн эх сурвалжуудад дурддаг.

Канадын их нүүдэл эхлэв

Англи-Америкийн дайны дараа Британийн засгийн газраас тэдний колони улс болох Канад руу цагаачлан гарах явдлыг сайшаан дэмжих болжээ. 1815-1850 оны хооронд 800 мянган хүн Канадад суурьшсан байна.

Гризли баавгай шинжлэх ухааны ангилалд багтжээ

1815 онд амьтан судлаач Жорж Орд хэдэн төрлийн амьтанд шинжлэх ухааны нэр өгчээ. Тухайлбал, гризли баавгайг Ursus horribilis буюу үгчлэн орчуулбал “Аймшигтай баавгай” гэж нэрлэсэн бөгөөд хожим Ursus arctos horribilis хэмээн нэрших болсон байна. Ийнхүү гризли баавгайг Ursus arctos хүрэн баавгайн дэд зүйл гэж тооцох болжээ.

12 сарын 10-нд анхны программист мэндэлсэн

Яруу найрагч Байроны охиныг хожим ингэж нэрлэх болсон юм. Хатагтай Ада математикч Чарлз Бэббижийн “аналитик машин”-ыг ихэд сонирхох болж, тэр машинд зориулсан Бернуллийн тоог тооцоолох программ зохиожээ. Энэ программ нь компьютерийн программын өмнөх загвар гэж тооцогддог.

Францад 100 өдрийн засаглал тогтоосон Наполеон ялагджээ

6 сарын 18-нд Бельгийн нэгэн тосгоны ойролцоо Бонапартын цэрэг англи, бельги, голланд, пруссакчуудтай тулалдаж ялагдал хүлээжээ. Ийнхүү Наполеон хоёр дахь удаагаа хаан ширээнээс буусан байна.

Орост уурын тэрэг бүтээсэн

1815 онд Чарлз Берд хэмээх шотланд эрийн Петербург дахь үйлдвэрт Оросын эзэнт гүрний анхны уурын тэргийг зохион бүтээжээ. Анхны рейс нь 11 сарын 15-ны өдөр Матисын арал дээрх Бердийн үйлдвэрээс Кронштадт хүрээд буцсан бөгөөд 60 км зам туулж, нийт 8 цаг 37 минут зарцуулж байжээ.

Венийн конгрессийн шийдвэрээр Польшийн хаант улс байгуулагдав

Оросын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтах автономит улс буюу Польшийн хаант улсад I Александр хаан үндсэн хууль баталж өгсөн байна. Харин оросууд албан ёсны үндсэн хуулиа ахиад зуун жил хүлээсэн бөгөөд 1918 онд Зөвлөлт засаг үндсэн хууль баталж байжээ.

Бяслагны үйлдвэр нээгджээ

Бернийн Кизен тосгоны бяслаг боловсруулах үйлдвэрт ойролцоох тосгодоос фермерүүд үнээний сүү зөөвөрлөж авчрах болжээ. Сүүг зэс тогоонд буцалгаж, бяслаг хийдэг байв. Энэ нь уламжлалт эмменталь хатуу бяслаг юм.

Оросын анхны төрийн дууллын үгийг хэвлэсэн

“Эх орны хүү” сэтгүүлд “Оросуудын залбирал” гэсэн гарчигтайгаар Василий Жуковскийн шүлгийн эхний 7 мөрийг хэвлэсэн байна. Хожим I Николай хааны даалгавраар яруу найрагч шүлгээ төрийн дуулал болгон засаж найруулсан бөгөөд,

“Бурхан минь, хаантыг нигүүлсэн соёрх” гэсэн эхний мөрийг нь өөрчлөлгүй орхижээ.

Индонезийн Тамбора галт уул дэлбэрчээ

Галт уулын дэлбэрэлтэд өртсөн, түүний дараа өлсгөлөнд нэрвэгдэж үхсэн хүний тоо 70 мянгад хүрсэн. Агаар мандалд тархсан үнсний улмаас 1816 онд дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст хамгийн их хүйтэрсэн хэмээн цаг уурын ажиглагчид тэмдэглэжээ.

Орчуулсан: ОЮУНГЭРЭЛ ДЭЛГЭРСАЙХАН