ГЭР БҮЛЭЭРЭЭ АЯЛАХ 10 ШИЛДЭГ ХОТ

Гэр бүлээрээ аялал хийхээр төлөвлөж байгаа бол томчуудад ч , хүүхдүүдэд ч сонирхолтой байх газрыг сонгох хэрэгтэй болно. Euromag сэтгүүл болон The Telegraph хэвлэлийн газраас гэр бүлийн аялалд санал болгож, Европын сэтгэл татам 10 шилдэг хотыг нэрлэжээ.  

Зураг #1 АМСТЕРДАМ. Амстердам хотоор хүүхэдтэй аялах ба хүүхэдгүй аялах нь хоёр өөр зүйл юм. Нидерландын нийслэлд тухлаг кафе, улаан дэнлүүний гудамжнаас гадна хүүхдэд тохирсон газрууд бий. Хотоор дугуй унаж, эсвэл усан онгоцоор аялах боломжтой. Саяхан шинэчлэгдсэн Ван Гогийн музейг ч үзэж болно. Бага ангийн хүүхдүүдэд Анна Франкийн байшин гойд сэтгэгдэл төрүүлэх бөгөөд дайны аймшгийг харуулах болно. Музейд очихын өмнө энэ зоригт охины тэмдэглэлийг уншуулаарай. Ном нь хэвлэгдсэн шүү дээ.
Зураг #2 ЛОНДОН. Лондон хотын бараг бүх дүүрэгт байдаг тоглоомын талбай, соёл амралтын хүрээлэнгүүд нь таны хүүхдэд марташгүй дурсамж бэлэглэнэ. Олон төрлийн музей, спортын цогцолборуудад өсвөр насныхан очих их дуртай байдаг. Лондон Тауэраас эхлээд хатан хааны торгон цэргийн харуул солигдох ёслол гэх зэрэг, түүх амилуулах олон сонирхолтой газрууд бий. Хотын музейнүүд үнэ төлбөргүй үйлчилдэг.
Зураг #3 КОПЕНГАГЕН. Диснейн хүүхэлдэйн кинонуудын төгсгөл бүгд сайхан байдаг бол Копенгагены үлгэрүүд арай баргар, санаанд оромгүй үйл явдалтай. Гунигт лусын дагинаас авахуулаад 209 метр урттай зигзаг шат бүхий шидэт Дугуй цайз гээд сонин зүйл их бий. Ханс Христиан Андерсены үед нээгдсэн соёл амралтын Тиволи хүрээлэнд толгой эргэм олон тоглоом, цэцгийн хүрээлэн, нуур, кафе байна. Копенгаген том хот биш. Хүүхдүүдтэйгээ хотыг бүхэлд нь үзээд, хотоос галт тэргээр хагас цаг яваад хүрэх гайхамшигт цайзуудыг үзэж сонирхож болно.
Зураг #4 ЗАЛЬЦБУРГ. “Хөгжмийн эгшиг” мюзиклын орчинд умбуулах Зальцбург хотыг сонгоорой. Хуучин хотоор морь унаж 25 минут зугаалах боломжтой Резиденцплацыг мөн зорих хэрэгтэй. Хүүхдүүдээ аваад хотоос зайдуу гарч, Хельбурнны цайзад очоод 17-р зууны үеийн үлгэрийн мэт цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалвал тун догь. Энэ цэцэрлэгт хүрээлэнгийн хийцийг Зальцбургийн гүн-хамба лам Маркус Ситтикус фон Хоэнемсийн шийдлээр хийжээ. Эзэмшил газраар зугаалахад усан оргилуурууд гэнэтийн бэлэг барих бөгөөд гүнтэн хүнээр тоглоом хийх дуртай, хөгжилтэй хүн байсныг мэдрэх болно. Норох бэлтгэлтэй яваарай.
Зураг #5 РЕЙКЬЯВИК Энэ хотын дэлгүүрийн гадаа тэргэндээ унтаж байгаа хүүхдүүд их тааралддаг. Ийм тайван, элэгсэг хот юм. Хотоос гадагш гарахад байгалийн сайхныг мэдрэх бүрэн боломж олдох агаад халуун рашааны газруудад нь хүүхдэд зориулсан тусгай хэсэг ч бий. Хойд туйлын туяа, халим, испани морин аялал, явган аялал зэрэг сонирхолтой зүйлүүд таныг хүлээж байна.
Зураг #6 РОМ. Гэр бүлээрээ аялах бол “Бүх зам Ромыг зорино” гэдэг мэргэн үгийг санаарай. Энэ бол эртний түүх, гайхалтай гал тогоо, гоо сайхны нийслэл хот юм. Хамгийн өндөр шаардлагатай аялагчдад ч таалагдана. Хүүхдийнхээ түүхийн хичээлийн хөтөлбөрийн дагуу аялахад их сонирхолтой. Ватиканд очиж, Коллизей үзэнгээ желато идэж, итали пицца зоогловол хүүхдийнхээ ирээдүйд асар том хөрөнгө оруулалт хийлээ гэж ойлгоход болно.
Зураг #7 МЮНХЕН. Баварийн нийслэл гэхээр томчуудад шар айраг, хормогчтой бүсгүйг санагдуулдаг бол хүүхэдтэйгээ аялахдаа гар хийцийн хүүхэлдэйтэй танилцах боломж нээгдэнэ. Тоглоомын музей, Германы музей зэрэг олон музей дундаас байгалийн ухааны хамгийн эртний музейд хүүхэдтэйгээ орж зугаацаарай. Диснейн хүүхэлдэйн киноны шүтэн бишрэгчид Цасангуагийн цайзын эх загвар болсон Нойшванштайны цайзыг үзэхийг хүсэх биз ээ. Мюнхений шар айрагны хүрээлэнд хүүхэдтэйгээ орохыг зөвшөөрдөг.
Зураг #8 БАРСЕЛОН. Рамблын гудамжны гал залгигчид, хаа сайгүй тааралдах гауди стилийн байшин барилгууд нь газар дундын тэнгисийн энэ хотын таних тэмдэг юм. Энд бүгд сэтгэл амран тухалсан, тайван байдалтай орчин таныг угтана. Хоол унд нь ч гайхалтай. Хотын амьдралаас залхсан бол далайн эргийн наран шарлагын газруудад амрах боломжтой.
Зураг #9 СТОКГОЛЬМ. Шведийн нийслэлд хүүхэд зугаацуулах олон зүйл бий. “Урт оймст Пеппигийн ертөнц” цэнгэлдэх хүрээлэн, амтат талхнаас салахын аргагүй байдаг. Гүүрээр холбогдсон арлуудаар аялсанаа хүүхдүүд чинь хэзээ ч мартахгүй.
Зураг #10 ДУБРОВНИК. Адриатын тэнгисийн Дубровник хот бол ЮНЕСКО-д бүртгэлтэй, хамгийн гоё цайзан хот юм. Энэ хот гэр бүлийн аялалд хамгийн зохимжтой хувилбар болох ба түүх, амралт зугаалгыг хослуулсан газар билээ. Өглөөнөөс эхлэн хотын ханаар авирч, өдрийн хоолны дараа сэлүүрт завиар тэнгисийн эргийг судалж болно. Таны аялалд амжилт хүсье.