ТОМ БОЛСНОО ЯАЖ ХАРУУЛДАГ ВЭ?

Манайд иргэний үнэмлэх авах, архи тамхи худалдаж авах эрх нээгдсэнээр “том болсонд” тооцогддог. Харин өндрөөс үсрэх, рунгу шидэх зэрэг арай төвөгтэй шалгуур тавигддаг газрууд бас бий.

Зураг #1 КЕНИ УЛС. МАСАИЧУУДЫН ОЛИМП. Масаи хөвгүүд дайчин эрс болохоор бэлтгэж, арслан агнадаг уламжлалыг гурван жилийн өмнө халжээ. Харин одоо бол хүч чадал, овсгоо самбаагаа гүйлт, харайлт, жад шидэх, рунгу /жижиг муна мэт модон зэвсэг/ шидэх зэрэг тэмцээнд орж шалгуулна. Масаичуудын олимпийн наадмыг жил бүрийн 12-р сард Килиманжаро уулын бэлд зохион байгуулдаг бөгөөд ялагч нь “Шилдэг дайчин” хэмээх өргөмжлөлөөс гадна мөнгөн шагнал, эр үхэр, Нью-Йоркод зохиогдох олон улсын гүйлтийн тэмцээнд орох эрхийн эзэн болдог ажээ. Харин эр үхрээ тосгоныхоо хүмүүстэй хуваах ёстой гэнэ. Кенийн Засгийн газраас масаи залуусыг араатантай тулгарч амиа алдахаас сэргийлэх, эрс цөөрөөд байгаа арслангийн сүргийг хамгаалах зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна. Хэдийгээр өндөр торгууль төлөх ёстой боловч арслан агнах хориог масаичууд үе үе зөрчсөөр байгаа юм.
Зураг #2 ВАНУАТУ. “ГООЛ” ЗАН ҮЙЛ. 7-8 нас хүрсэн хөвгүүд хөлөө усан үзмийн ороонго модноос бэхлээд, 10-20 метр өндөр модон цамхгаас толгойгоороо доош үсэрдэг. Харин ээжүүд нь хайртай эд зүйлийг нь бариад тосож зогсдог гэнэ. Ихэвчлэн багад нь өлгийдөж байсан даавууг барьдаг ажээ. Өндрөөс үсэрсний дараа тэр даавууг нь хаях бөгөөд ”хүүхэд насаа гээсний” тэмдэг болдог байна.
Зураг #3 ЯПОН. МОМОТЭ СИКИ. 20 нас хүрсэн япончууд нэгдүгээр сарын эхний даваа гарагийг “насанд хүрсэн өдөр” гэж тэмдэглэдэг. Тэд Мэйзи хийдэд сур харвах бөгөөд эхний чанга дуутай /сумны бөгсөнд тусгай сүүлтэй/ сумыг хийдийн санваартан тавьдаг уламжлалтай. Энэ чимээ муу ёрын сүнснүүдийг зайлуулж, сайн зүгийн ками бурхадыг дууддаг гэж үзнэ. Дараа нь үлдсэн харваачид тэнгэр өөд зуун сумаар харвадаг.