САЛАЛТЫН МУЗЕЙ

Хорватын Загреб хотод салалтын музей байдаг гэнэ. Загребын зураач хос Олинка Виштица, Дражен Грубишич нар салахдаа хамтдаа аз жаргалтай байсан үеийнхээ дурсгал болох эд зүйлсийг хадгалж авч үлдэхээр шийдэцгээжээ. Эдгээр зүйлсээс эхлээд цуглуулга болон өргөжсөн аж. Тэдний түүхийг сонссон экс хосууд хамтын амьдрал, хайр сэтгэл нь бүтээгүй ч дурсгал болон үлдсэн хувцас хунар, бэлэг дурсгал гээд хаяхад хайран ч хадгалах нь утгагүй болсон зүйлсээ илгээж эхэлсэн байна. Цаашлаад дэлхийн өнцөг булан бүрээс бүтээгүй хайрын бэлгэ тэмдгүүд ирэх болжээ.

Музейн үзмэр болгонд англи, хорват хэлээр бичсэн тайлбар зүүлттэй байна.

Салалтын музей 2011 оны 5 сарын 21-нд “Европын шилдэг музей” номинацид тусгай шагнал хүртэж байв. Хэрэв та Хорватад очих болвол Загреб хотод заавал очиж энэ музейг үзээрэй.

Хаяг нь: Гэгээн Кирилл Мефодий нарын гудамж, 2.