ХОЙД СОЛОНГОСЫН УСТӨРӨГЧИЙН БӨМБӨГ БА МОНГОЛЧУУДЫН ЦӨМИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Өнөөдөр олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хойд Солонгосын устөрөгчийн бөмбөгийн туршилтыг хүчтэй мэдээлж байв. Энэ мэдээллийг удахгүй бүрэн нотлох болов уу гэж бодож байна. Фэйсбүүк дэхь найзууд маань надад хандаж, энэ талаар нийтлэл бичих хүсэлт гаргасан тул энэ сэдвээр өөрт буй мэдээллийг та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Эхлээд хойд солонгосын цөмийн бөмбөгийн талаар ерөнхий ойлголт өгсөний дараа тус улсын цөмийн хөтөлбөрийн гол гол үйл явдлыг дурьдах болно.
Нийслэл Пёнъян хот нь Улаанбаатар хотоос ердөө 1800 км-ийн зайтай Хойд Солонгос бол дэлхийн бусад орнуудаас өөрийгөө тусгаарласан улс төрийн эв хамтын дэглэмтэй улс гэдгийг мэднэ. (Манайхан оросуудыг дуурайж хойд солонгосын нийслэлийг “Пхеньян” гэж дандаа буруу бичдэг.) Цөмийн хөтөлбөртэй холбогдуулан АНУ тэргүүтэй орнууд төрөл бүрийн хориг арга хэмжээ авсан тул эдийн засаг нь хүнд, хүн ард нь хүнс тэжээлийн дутагдалтай байгаа тухай мэдээ байнга л гарч байдаг. Хэдий тийм боловч тус улс нь бие дааж атомын бөмбөг, одоо бүр цаашлаад устөрөгчийн бөмбөг бүтээгээд туршилт хийчихлээ. Энэ бүхнийг бүтээхэд асар өндөр зардал гарсан гэдэг нь тодорхой. Цөмийн зэвсэг нь атомын бөмбөг/цэнэг, түүнийг тээвэрлэгч систем(онгоц, пуужин гэх мэтчлэн) хоёроос бүрдэнэ. Зөвхөн бөмбөг бүтээхэд асар их зардал, өндөр технологи, цөмийн физикчид, нарийн мэргэжилтнүүд, цаг хугацаа, дэд бүтэц шаардлагатай. Тухайлбал АНУ нь 1942-1945 оны хооронд 20 тэрбум ам.доллар зарцуулж байж, анхны 4 нэгж атомын бөмбөг бүтээж байсан түүхтэй. Энэ мөнгө одоогийн ханшаар хэд болохыг бодоод үзээрэй. Ямарч байсан хойд солонгосын удирдагчид хүн ардаа өлсгөөд ч болсон улс орныхоо аюулгүй байдлын төлөө цөмийн бөмбөгтэй болоод авлаа. Одоо энэ улсыг хэр барагтай оролдох зоригтой улс мөддөө гарахгүй болов уу. Энд Америкийн бат холбоотон өмнөд солонгосын нийслэл Сөүл хот тус улсын хилээс ердөө 30 гаруй км-ийн зайтай байгааг мартаж болохгүй.
Манайхан цөмийн зэвсэг, атомын бөмбөгний талаар мэдээлэл тааруу. Ямар ч байсан гадны компани монгол улсад ураны хайгуул явуулах, олборлохын эсрэг үзэл бодолтой нэлээд хүмүүс байдаг бололтой. Дээр Францын “Ар嬬ва” группын харьяа “Ко¬жеговь” компаний ураны хай¬гуулын эсрэг нэлээд хөдөлгөөн өрнөж, хэл ам гам гарч байсныг санаж байна.
Гэхдээ манайхан уран, атомын бөмбөг гэдэг бол тун аюултай эд гэдгийг бол муухайн гадарлахтайгаа гэж байгаа. Зарим нь бүр 4 жил бясалгал хийж байж, атомын бөмбөг чинь тун айхтар эд юм гэдгийг ойлгож байна ш дээ. Худлаа гэвэл хэдхэн жилийн өмнө Дундговь аймгийн Чойрын хийдийн Осгонбаяр гэдэг лам бясалгал хийж гарч ирээд “Шунхлай”-ийн П.Батсайхан, МСS-ийн дэд захирал Л.Энх-Амгалан нарыг “Юм бод, ном унш, атомын зэвсгийн өмнө та нар хэн юм,” гээд “таван салаа боов” хүртээж байгаа бичлэгийг үзэж, сонин дээр гарсан мэдээллийг уншиж болно.

Атом болон устөрөгчийн бөмбөг

Эхлээд атомын бөмбөгийн ажиллах зарчмын талаар ерөнхий ойлголттой болоод явья. Энэ талаар тайлбарласан видео, зураг, мэдээ мэдээлэл олон бий. Миний бие цөмийн физикч биш учраас тэр бүр нарийн зүйлсийг мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ өөрийн хэмжээнд аль болох энгийнээр тайлбарлая. Дунд сургуулийн хүүхдүүдийн сурах бичиг дээр тодорхой бичигдсэн байдаг маш өчүүхэн хэмжээтэй атомыг бид мэднэ. Энэ атом нь цөм түүнийг хүрээлэн орших электрон үүлнээс (сөрөг цэнэгтэй электроноос тогтох) тогтдог. Харин атомын цөм нь эерэг цэнэгтэй протон ба саармаг цэнэгтэй нейтрон хоёроос бүрддэг. Энэ нейтрон нь ямар ч цэнэггүй тул тэднийг ашиглаж атомын цөм рүү нь буудвал асар хүчтэй гинжин урвал үүсэж, бидний ойлгож буй цөмийн дэлбэрэлт болдог байна.
Үүнийг “бүдүүн тоймоор” зүйрлүүлж хэлбэл “Атомын бөмбөгийн дэлбэрэлт гэдэг нь уран/плутоний том атомыг нейтрон ашиглан зориудаар хувааж асар хүчтэй гинжин урвал үүсгэхийг хэлнэ,” гэсэн ойлголттой болоод авлаа. Устөрөгчийн бөмбөг бол атомын бөмбөгөөс хэд дахин илүү хүчтэй. Устөрөгчийн/халуун цөмийн гинжин урвал үүсгэхийн тулд асар их дулааны эх үүсвэр шаардлагатай. Харин ийм дулааныг атомын бөмбөгийн тэсрэлтээс гаргаж болно. Тэгэхээр устөрөгчийн/халуун цөмийн дэлбэрэлт үүсгэхийн тулд атомын бөмбөгийг тэсрүүлэгч хэлбэрээр ашиглахад бүр илүү хүчтэй гинжин урвал явагдаж асар хүчтэй дэлбэрэлт үүсдэг байна. Үүнийг жинхэнэ цөмийн физикч уншвал нэлээд “бүдүүлэг” тайлбар байж магадгүй ч энгийн хүмүүст бол ийм ойлголттой байхад хангалттай гэж бодож байна.

Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн тухай

Хойд солонгос нь дайснуудаас “өөрийгөө хамгаалах” зорилгоор 10 гаруй жилийн туршид цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Хөтөлбөртэй холбоотой гол гол үйл явдлуудыг дарааллаар нь жагсааж үзье. Үүнд:
- 2006 оны 10 дугаар сарын 9-нд Хойд солонгос нь “плутони”-д суурилсан хэрэгсэл газар дор тэслэж, өөрийгөө цөмийн зэвсэг бүтээх чадвартай гэдгээ дэлхий нийтэд харуулсан юм. Харин туршилтын талбайгаас ямар нэгэн радио идэвхит бодис алдагдаагүй. Америкийн тагнуулын алба хэд хоногийн дараа тухай орчин дахь агаарын найрлагад шинжилгээ хийж, цөмийн дэлбэрэлт болсон гэдгийг баталгаажуулсан байдаг.
- 2006 оны 10 дугаар сарын 14-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хойд солонгосын эсрэг хориг арга хэмжээ авах тухай 1718 дугаар тогтоол баталсан. Энэ тогтоолд тус улсыг бүх цөмийн зэвсэг, үй олноор хөнөөх зэвсэг баллистик пуужингуудаа устгахыг шаардсан байсан юм.
- 2007 оны 2 дугаар сарын 13-нд хойд солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талд уулзалтын 5 дахь удаагийн хурал амжилттай дуусжээ. Хойд солонгосын тал 60 хоногийн дотор Ёнбён дахь цөмийн реакторын үйл ажиллагааг зогсоох ба үүний хариуд их хэмжээний түлш тусламжаар авахыг зөвшөөрөв.
- 2007 оны 6 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд “Олон улсын атомын эрчим хүчний агентлаг”-ийн шинжээчид хойд солонгост айлчилж, атомын реакторыг унтраах гол асуудлыг ярьж тохирсон байдаг.
- 2007 оны 9 дүгээр сарын 2-нд Женевт болсон АНУ/Хойд солонгос хоёр талын уулзалтын дараа Америкчууд 2007 оны эцэс гэхэд хойд солонгосчууд өөрсдийн бүх цөмийн байгууламжийг буулгана гэсэн мэдэгдэл хийж байв.
- 2008 оны 6 дугаар сарын 27-нд “Ёнбён цөмийн байгууламж” дахь хөргөлтийн цамхагийг нураасан нь олон улсын талархалыг хүлээсэн үйлдэл болжээ. Гэвч хоёр сарын дараа Пёнъян “АНУ терроризмийг дэмждэг улсын жагсаалтаас манай улсыг хасалгүй зориуд удаашруулж байна,” гэсэн шалтгаанаар цөмийн байгууламжаа буулгах ажлаа зогсоожээ.
- 2009 оны 5 дугаар сарын 25-нд тус улс газар доорх хоёр дахь туршилтаа амжилттай хийлээ. Энэ нь ойролцоогоор 2-7 кт хүчтэй дэлбэрэлт байв.
- 2010 оны 11 дүгээр сарын 12-нд АНУ-ын цөмийн физикч С.Хекер, хойд солонгост албан ёсоор зочлон, Ёнбён дэхь хамгийн сүүлийн үеийн уран баяжуулах байгууламжийг үзсэн байдаг.
- 2012 оны 2 дугаар сарын 29-нд өөрийн уран баяжуулах процесс болон холын зайн пуужингийн туршилтаа зогсоохыг зөвшөөрлөө.
- 2013 оны 1 дүгээр сарын 24-нд хойд солонгосын “Үндэсний батлан хамгаалах хороо”-ноос “өндөр түвшиний цөмийн туршилт” хийх гэж байгаа тухай зарлажээ.
- 2013 оны 2 дугаар сарын 12-нд хойд солонгос гуравдахь удаагийн цөмийн туршилтыг “Панггие-ри” дэхь туршилтын талбайд хийжээ.
- 2015 оны 5 дугаар сарын 20-нд хойд солонгос нь АНУ-д цөмийн цохилт өгөх чадвартай улс болсон гэдгээ дэлхий дахинд мэдэгдсэн билээ.
- Харин өнөөдөр, 2016 оны 1 дүгээр сарын 6-нд тус улс нь анхны устөрөгчийн бөмбөгний туршилтаа амжилттай хийсэн гэдгээ зарлаж байна.

Дүгнэлт: Ер нь хүсэл, сонирхол байвал ямарч хаалт, саад тавьсан хамаагүй, түүнийг давж гараад юу ч бүтээж болдог жишээг хойд солонгосчууд тод харуулж байна. Манай улсын хувьд боломжын хөгжиж байгаа, байгалийн нөөц баялагч ихтэй. Жил ирэх тусам бидний цахилгааны хэрэглээ тогтмол өсөн нэмэгддэг. Тэр хэрээр хуучны технологи бүхий нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд нь ачаалал даах чадвар улам багасаж, утаа үйлдвэрлэх нь ихсэж байх шиг. Хэрвээ манайд ганцхан ширхэг атомын цахилгаан станц баригдвал Улаанбаатар хотыг утаагүй болгож, ирээдүй хойч үедээ том буян болохсон. Хувь хүний хувьд цөмийн энергийг энхийн зорилгоор, ялангуяа эрчим хүчний чиглэлээр нэн даруй ашиглах эхний алхамуудыг зоригтой хийх ёстой гэсэн байр суурьтай байдаг. 21 дүгээр зуун гарчихаад байхад монголчууд бид нүүрсээ түлж утаанд нь хүн амын тал хувь нь үр удамаараа хордож суудаг, харин бусад улс цөмийн технологи ашиглаад дулаахан байранд цэвэр агаар амьсгалж амьдрах ёстой гэж үү.

https://www.facebook.com/eggi.mongolian?__mref=message_bubble