ЦӨМИЙН ДАЙНААС ДЭЛХИЙГ АВАРСАН ХОЁР БААТАР

1962 оны 10 дугаар сард болсон “Карибын тэнгисийн хямрал”-ын оргил үед ЗХУ/АНУ-ын хооронд цөмийн дайн гарах тун дөхсөн. Зөвлөлтийн удирдлага америкчуудын хамар дор, Кубын арал дээр цөмийн пуужин нууцаар байрлуулсан явдал нь америкийн зэвсэгт хүчнийг түгшүүрийн дохиогоор босгож, арлыг бүхэлд нь бүслэхээс өөр гарцгүй байдалд оруулсныг бид мэднэ. Энэ бүх үйл явдал өрнөж байх үед усан дор, арал дээр хүн төрөлхтөнийг газрын хөрснөөс арчиж чадахуйц цөмийн дайн гарах явдлаас сэргийлж чадсан зөвлөлт болон америкийн хоёр офицерын тухай бичлээ. Энэ хоёр хүний тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд ховор байгаа ба америкийн талын мэдээлэл нууцлалын зэрэглэлээс 2002 онд хасагдаж нийтэд ил болжээ.

НЭГ. ЗӨВЛӨЛТИЙН ТЭНГИСИЙН ФЛОТЫН ХОЁРДУГААР ЗЭРГИЙН АХМАД ВАСИЛИЙ АЛЕКСАНДРОВИЧ АРХИПОВ

1962 оны 10 дугаар сард ЗХУ нь Кубад буй өөрийн цэргийн бүлэглэлийг цөмийн зэвсгээр хүч нэмэгдүүлэх зорилгоор тус аралд цөмийн пуужин байрлуулах “Анадырь” тусгай ажиллагааг нууцаар явуулсан юм. (Энэ талаар өмнө нь миний бие тодорхой бичиж байсан.) Тусгай ажиллагааны хүрээнд 1962 оны 10 дугаар сарын сүүлээр Б-130, Б-36, Б-59, Б-4 гэсэн дугаартай зөвлөлтийн 4 нэгж шумбагч завинууд Кубын арлыг чиглэн далайд хөдөлгөөн үйлдэж байлаа. Тэдний нэг болох “Б-59” шумбагч завь, Антлантын далай дахь Саргассовын тэнгисээр 20 хоног хөвсөний дараа Кубыг эрэгт дөхөж иржээ. Энэ үед тус арлыг бүсэлсэн америкийн тэнгисийн цэргийн усан онгоцууд, нисдэг тэрэг, нисэх онгоцууд зөвлөлтийн шумбагч завинуудыг олж илрүүлэхээр эрчимтэй эрэл, хайгуул хийж байлаа. Дизель-цахилгаан хөдөлгүүртэй “Б-59” завины ахмадаар 2-р зэргийн ахмад В.Г.Савицкий, орлогчоор нь 2-р зэргийн ахмад В.А.Архипов, улс төрийн комиссараар И.Масленников гурав ажиллаж байв. Гэхдээ 91,3 метр урттай, 1953 тонн усан түрцтэй “Б-59” завь ердийн нэг шумбагч онгоц биш байжээ. Уг завийг зөвлөлтийн цэргийн технологийн хамгийн сүүлийн үеийн бүтээл болох тус бүр нь японы Хирошима хотод хаясантай тэнцэх дэлбэрэлт үүсгэх хэмжээний хүчин чадалтай “Т-5” загварын цөмийн торпедоор(15 килотонн хүчтэй) зэвсэглэсэн байв. Энэ тухай багийн гишүүдээс тун цөөн хүн мэдэж байжээ.
1962 оны 10 дугаар сарын 27-нд “Б-59” завийг америкийн эргийн хамгаалалтын “Беале” усан онгоц Кубын эргийн ойролцоо явж байхад нь олж ирүүлжээ. “Б-59” ч осолын шумбалт хийж далайн гүнд орсон байна. Удалгүй уг зөвлөлтийн шумбагч завийг хайх ажилд ойролцоо явж байсан америкийн бусад усан онгоцнууд татагдан орж нийтдээ 11 нэгж бүхий тэнгисийн цэргийн бүлэглэл болж хувирсаны дотор нисэх онгоц тээвэрлэгч “Рэндольф” багтаж байв. Америкчууд шумбагч завийг аль улсынх болохыг нь таних зорилгоор гүний цэнэг хэрэглэж эхэлжээ. Гүний цэнэг гэдэг нь тэсрэх бодисоор дүүргэсэн бөмбөг бөгөөд тодорхой гүнд очоод өөрөө эсвэл удирдлагаар тэсэрдэг. Хэрвээ цэнэг нь шумбагч завины ойролцоо дэлбэрвэл уг завийг устгах эсвэл ноцтой гэмтэл учруулах боломжтой. Харин энэ үед америкийн цэргийнхэн тун ноцтой алдаа хийж байгаа гэдгээ огт мэдээгүй явж байлаа. Хөөгөөд байгаа зөвлөлтийн шумбагч завь нь тэнд байгаа америкийн бүх усан онгоцнуудыг ганцхан цохилтоор устгах чадалтай цөмийн торпедоор зэвсэглэсэн гэдэг бодол хэний ч толгойд орж ирсэнгүй.
Америкчуудын хэрэглэсэн гүний цэнэгийн дэлбэрэлтээс болж “Б-59” завины радио холбоонд саатал гарсанаас гадна, далайд 250 метр гүнд орсон байсан нь завийг “Москва”-тай холбоонд орох боломжгүй болгожээ. Ингээд завь америкчуудыг явахыг хүлээн усан дор 7 хоног “тас” гүрийжээ. Энэ үед шумбагч завь дотор 60 хэм хүрч халсанаас гадна, цэвэр ус, агаарын гүнзгий дутагдалд орж эхэллээ. Усан цэргүүдэд хоногт нэг аяга цэвэр ус ноогдож байв. Шумбагч завины бүх цахилгаан багаж, агаар шүүгч, бусад хэрэгслийг тэжээж буй батарейг дахин цэнэглэхийн тулд усны мандал дээр зайлшгүй гарах шаардлагатай болсон, тэгээд ч ийм байдлаар цаашид удаан тэсэх боломжгүй болсон байна.
Нэг талаас гадаад орчинтой холбоо тасарсан, нөгөө талаас дайсны дайралтад өөрсдийгөө үнэхээр өртсөн гэж бодож байсан явдал нь шумбагч завины ахмад В.Г.Савицкийг америкчуудын эсрэг цөмийн торпедоо ашиглах тухай нухацтай бодоход хүргэжээ. Ингээд тэр өөрийн орлогч, улс төрийн комиссар хоёрыг дуудаж, үүсээд буй нөхцөл байдлыг нухацтай хэлэлцсэний дараа цөмийн зэвсэг хэрэглэх, эсэх тухай тун чухал санал хураажээ. Харин санал хураалтад оролцсон В.А.Архипов нь нөгөө хоёрынхоо эсрэг санал өгсөнөөр дэлхий ертөнцөд цөмийн дайн гаргах явдлаас сэргийлж чадсан юм. Тухайн үед үйлчилж байсан дүрмээр бол завины дарга, түүний орлогч, улс төрийн комиссар гурав гурвуулаа санал нэгдсэн тохиолдолд л цөмийн зэвсэг хэрэглэх дүрэм үйлчилж байжээ. Цөмийн торпед хэрэглэх боломжгүй болсон тул хөлгийн ахмад В.Г.Савицкий завийг усны мандалд гаргав. Улмаар “Москва”-тай холбоонд орж, үүсээд буй нөхцөл байдлыг илтгэхэд түүнийг бааздаа буцах тушаал өгчээ.
Карибын тэнгисийн хямралын дараа В.А.Архипов зөвлөлтийн тэнгисийн цэрэгт үргэлжлүүлэн амжилттай ажилласан байдаг. Шумбагч онгоцны бригад, дивизийн захирагчаар томилогдон ажиллаж байгаад 1975 онд “Контр-адмирал”(хошууч генерал цолтой дүйцэнэ. Р.Э), цол хүртэн Каспийн тэнгисийн цэргийн сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байжээ. 1981 онд “Вице-адмирал”(дэслэгч генерал цолтой дүйцэнэ.) хүртсэн түүхтэй.

ХОЁР. АНУ-ЫН НИСЭХ ХҮЧНИЙ АХМАД ВИЛЛИАМ ВАССЕТТ(WILLIAM BASSETT)

1962 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болж цаг шөнө дундыг зааж байлаа. Кубын аралд ЗХУ цөмийн зэвсэг байрлуулсантай холбогдуулан АНУ-ын стратегийн бүх хүчин байлдааны бэлэн байдлын 2-р зэрэглэлд шилжээд байв. Үүнийг “Бэлэн байдлын 1-р зэрэглэл”-д шилжүүлж, цөмийн пуужингууд харваж эхлэхэд ердөө хэдхэн минутын зайд байна гэж ойлгож болно.
Америкийн мэдэлд буй Японы Окинова аралд америкчууд цөмийн пуужин харвах дөрвөн нэгж нууц суурь/байгууламжтай байв. Байгууламж тус бүр нь удирдлагын хоёр байртай, байр бүрт нэг офицер, 7 ахлагч байлдааны жижүүрлэлтэд үүрэг гүйцэтгэж байлаа. Ажил үүргийн хуваарийн дагуу нэг офицер “Марк-28” цөмийн цэнэгтэй бүхий 4 нэгж “Масе-В” пуужин харвах ажиллагааг гардан удирдах ёстой. Тэгэхээр уг дөрвөн нууц байгууламжид нийлбэр дүнгээрээ 32 нэгж “Масе-В” пуужинтай болж таарч байна. “Марк-28” цөмийн цэнэгийн хүчин чадал нь 1,1 мегатонн тротилын дэлбэрлэлттэй тэнцүү хэмжээтэй. Энэ нь Хирошима-д хаясан цөмийн бөмбөгнөөс даруй 70 дахин хүчтэй гэсэн үг. Харин тээгч “Масе-В” пуужин 2250 км алсын зайд нисэх боломжтой гэж бодвол “Окинова” арлаас харвасан эдгээр пуужингууд тухайн үеийн коммунист дэглэмтэй орнуудын нийслэл Ханой, Бээжин, Пхеньян хотууд тэр ч бүү хэл зөвлөлтийн алс дорнодын зарим байгууламжид цохилт өгөх боломжтой байжээ.
Тухайн өдөр уг байгууламжийн 32 цөмийн пуужинг бүгдийг хөөргөх тушаал "Төв"-өөс ирсэн юм. Ойлгомжтой болгох үүднээс цөмийн пуужин харвах тушаалыг хэрхэн хүлээн авдаг, уг тушаалыг яаж шалгаж баталгаажуулдаг талаар тодорхой өгүүлье. Цөмийн пуужингийн байгууламж нь америкийн цэргийн үндсэн баазаас зайтай байрладаг учир, ямар нэгэн тушаал, мэдээг зөвхөн радиостанцаар дамжуулдаг байв. Төвөөс өдөр бүр илгээдэг цагийн тохиргоо, цаг агаарын мэдээний дараа гэнэт пуужин хөөргөх тушаалын эхний бүлэг кодууд ирж эхэллээ. Пуужингуудыг харвахын тулд хамгийн түрүүнд “Байлдааны бэлэн байдлын 1-р зэрэглэл”-д шилжсэн байх ёстой. Үүнээс гадна “Төв”-өөс харвах тушаалыг баталгаажуулсан гурван удаагийн бүлэг код ирүүлэх ба эдгээр бүх нөхцөл бүрдсэний дараа л пуужинг харваж болох байв.
Эхний бүлэг код ирэнгүүт, жижүүр хүлээн авч байгууламжийн дарга уг кодыг өөрт байгаа кодтой тааруулж үзээд тулж байвал төвөөс ирж буй дараагийн тушаалыг биелүүлж эхэлдэг. Нэг их удалгүй “Төв”-өөс хоёрдахь бүлэг код ирж, жижүүрийн байранд буй кодтой таарлаа. Хоёрдахь баталгаажуулалт хийгдсэний дараа ахмад Виллиам Бассетт, зөвхөн онцтой тохиолдолд задлах тушаалтай дугтуйг задлах үүрэг өгчээ. Энэ дугтуйд цаашид ажиллах заавар, устгах “бай”/целүүд, гуравдахь бүлэг код, пуужинг харвах түлхүүрийн хамт хадгалагдаж байсан юм. Төвөөс радиогоор илгээх гуравдугаар бүлэг код, уг дугтуйд буй кодтой таарвал тушаал үг дуугүй биелүүлэх ёстой байлаа. Гэтэл “Төв”-өөс илгээсэн гуравдахь бүлэг код, дугтуйд байсан кодтой таарчээ. Ингээд дэлхийд цөмийн дайн эхлүүлэх үү, болох уу гэдгийг шийдэх хариуцлагатай цаг мөч америкийн нисэх хүчний ахмад Виллиам Бассеттын өмнө тулгарчээ.
Ахмад В.Бассетт, үүсээд буй нөхцөл байдалд дүгнэлт хийсний дараа ямар нэгэн зүйл буруу байна гэдгийг зөнгөөрөө мэдэрчээ. Энэ нь 1-рт цөмийн пуужинг зөвхөн “Бэлэн байдлын 1-р зэрэглэл”-д шилжсэн үед хөөргөх ёстой гэдгийг бүгд мэдэж байсан. Харин түүнд "1-р зэрэглэлд шилж" гэсэн тушаал ирээгүй байв. Хоёрдугаарт дугтуйнаас гарч ирсэн устгах ёстой целүүдийн жагсаалт дотор тэдний дайсан ЗХУ-тай хамааралгүй хэд хэдэн “бай”-нууд байсан нь түүнийг эргэлзэхэд хүргэжээ. Ахмад дугтуйнаас гарч ирсэн “бай”-уудын жагсаалыг чанга дуугаар уншиж эхлэхэд тэнд байсан 4 "цель"-ийн гурав нь зөвлөлтийнх биш байв. Яг энэ үед зэргэлдээх байгууламжийн офицер утасдаж түүнд буй 4 целийн хоёр нь өөр газар байна гэдгийг мэдээлжээ. Ямар нэгэн байдлаар дайсагнадаггүй орнуудыг устгах жагсаалтад оруулсан байсан нь ахмадад эргэлзээтэй санагдсан бололтой.
Гэхдээ хэрвээ дайсан түрүүлээд цөмийн цохилт хийчихсэн байвал яах вэ гэдэг асуудал гарч ирлээ. Энэ нь дайсны пуужингууд тэдний байгууламжийг чиглэн агаарт нисэж яваа гэсэн үг юм. (Тухайлбал оросын пуужингууд атлантын далайг гатлаж америкийн эрэгт хүрэхэд 30 минут нисэх шаардлагатай.) Ийм тохиолдолд байгууламжийн дарга “Төв”-ийн шийдвэр хүлээхгүйгээр бие даан “Бэлэн байдлын 1-р зэрэглэл”-д шилжүүлээд пуужингуудыг харвах эрхтэй байжээ. Ахмад В.Бассеттийн пуужингуудаа хөөргөөгүй гуравдахь шалтгаан нь тун энгийн байлаа. Хэрвээ дайсан түрүүлж пуужингуудаа хөөргөсөн бол Окинова арал тэдний цохилтод өртөх хугацаа аль хэдийнээ өнгөрөөд байна гэдгийг ойлгосноос гадна радиогоор дамжуулж буй ямар нэгэн мэдээ, радарт харагдах зүйл байхгүй, цөмийн дэлбэрэлтийн гялсхийлт чимээ ч байсангүй. Ийм гурван шалтгаанаар америкийн залуу ахмад пуужингаа хөөргөөгүй нь манай гаригт цөмийн дайн гарахаас аварчээ.
Ахмад В.Бассетт, өөрийн шууд удирдлагын офицер руу утсаар ярьж, хоёр зүйлийг тодруулсан байна. Тэр нэг бол “Байлдааны бэлэн байдлыг 1-р зэрэглэл”-д шилжүүлэх эсвэл тушаалаа цуцлахыг шаарджээ. Удалгүй түүнд “Пуужин харвах тушаалыг цуцалсан тушаал,” ирсэнээр уг явдал төгсөж, болсон явдлыг нууцын зэрэглэлд оруулсон юм. Энэ бол хэн нэгний санамсаргүй алдаа, буруу тооцооллоос болж дэлхий ертөнц цөмийн дайнд өртөхөд тун ойрхон байсан гэдгийг нотолсон тохиолдол болсон юм.

https://www.facebook.com/eggi.mongolian?__mref=message_bubble