САНСАРЫН ХӨЛГИЙН ДОТООД ДИЗАЙНЕРЧ “ГАЛИНА БАЛАШОВА”

 

Энэ удаа та бүхэндээ маш ховор мэргэжилтэй Галина Балашова гэдэг орос эмэгтэйг танилцуулахаар шийдлээ. Энэ бол зөвлөлтийн сансарын хөлгүүдийн дотоод дизайн зохион бүтээгчдийн пионер, дотоод засал чимэглэлчин эмэгтэй юм. Интерьер дизайн нь дотоод засал чимэглэлийг нэрлэдэг бөгөөд энэ нь өөрийн болон бусад орон зайн тохилог, дур булаам орчныг бий болгох хэрэглээний урлаг гэж ойлгож болно. Харин сансарын хөлгийн дотоод засал чимэглэл хийнэ гэдэг бол ийм мэргэжил зэмшсэн хүн болгонд тэр болгон олдоод байдаг боломж биш гэдэг нь тодорхой билээ.
Галина Андреевна Балашова нь 1931 онд Коломна хотод төржээ. Төрсөн ах Сергей нь архитекторч, гэр бүлийн бүх гишүүд нь зурагт дуртай, зураг зурдаг байсан тул Галина охин 1949 онд Москва хотын “Архитектурын институт”-д элсэн орж, 1955 онд төгсчээ. Г.А.Балашоваг сургуулиа төгсөнгүүт нь эхлээд Куйбышевт ажиллахаар явуулжээ.

 

1956 онд “С.П.Королевын нэрэмжит зохион бүтээх товчоо”(Нууц нэр нь “ОКБ-1” гэдэг. Р.Э.)-нд ажиллаж байсан залуу мэргэжилтэн, физикч Юрия Павловича Балашовтай гэр бүл болж, уг товчоонд хамтдаа ажиллах болов.
1963 оны 6 дугаар сард ЗХУ нь “Восток-6” сансарын хөлгийг амжилттай хөргөөд байв. Гэхдээ энэ хөлөг нь сансарт удаан хугацаанд ажиллах боломж тун хязгаарлагдмал байлаа. Ерөнхий зохион бүтээгч С.П.Королев нь дараагийн шатанд сансарт удаан хугацаанд ажиллах чадвартай “Союз” хөлгийг бүтээх тал дээр ажиллаж байжээ. 1963 оны 6 дугаар сарын сүүлээр тус товчооны инженерүүд олон зориулалтын “Союз” хөлгийн анхны загварыг бүтээн дарга нартаа танилцуулсан байна.

 

“Союз” хөлгийн дотоод загварыг гаргасан инженерүүдийн санаа С.П.Королевт огт таалагдсангүй. Ингээд мэргэжлийн архитекторч олох шаардлага тулгарчээ. Гэтэл уг товчоонд архитекторын сургууль төгсөж дизайнерийн чиглэлээр диплом хамгаалсан Галина гэдэг эмэгтэй мэргэжлээсээ огт өөр ажил хийж байгаа тухай ерөнхий зохион бүтээгчид дуулдав. С.П.Королев тэр даруй Галинаг дуудаж, “Союз” хөлгийн загварыг үзүүлээд хөлгийн доторх 2 метрийн зайд багтаасан дотоод засал чимэглэлийн “эскиз” гаргах үүрэг өгчээ. Галина бүтэн сайн өдөр гэрийнхээ гал зуухны өрөөний ширээн дээр дэлхийн анхны сансарын станцын дотоод дизайны хар зургийг зурж гаргажээ. Тэр “Союз” хөлгийн бүхээгт буй олон төрлийн багаж, тоног төхөөрөмжийг цэгцлэн нэг “диван”, нэг босоо “шүүгээ” маягтай болгож өөрчилсөн байдаг.

 

 

Маргааш өглөө нь нөгөө зурсан зургаа С.П.Королевт үзүүлтэл, түүнд таалагдсан бололтой, энэ чиглэлээр ажиллахыг үүрэг болгосноос гадна шинээр баригдаж буй маш нууц сансарын хөлгийн бүхээгт орох эрхийг давхар олгожээ. Ингээд албан ёсоор дэлхийн хамгийн анхны интерьер дизайнер эмэгтэй болсон түүхтэй. Галина нь зөвхөн зураг зураад суудаггүй байлаа. Тэрбээр инженерийн тооцоолол, багаж тоног төхөөрөмжийн харилцан уялдаа, хэмжээ, багтаамж, техникийн зохицол зэрэг асуудлуудаар сансарын хөлгийг бүтээж буй инженерүүдтэй нягт хамтран ажилладаг байжээ.


Сансарын хөлгийн дотоод дизайн гаргана гэдэг төрөл бүрийн физик-инженерийн мэдлэгтэй байхыг шаардахаас гадна, бүгдийг анх удаа хийж байгаа учраас ургуулан бодох чадвар их шаарддаг байжээ. Тухайлбал сансарт жингүүдэлд оронгуут тааз, шал нь хаана байгаа нь мэдэгдэхгүй болдог гэнэ. Харин Галина үүнийг тун өвөрмөц байдлаар шийдэж өгчээ. Тэрбээр хөлгийн ёроолын хэсгийг хар өнгөөр будаад дээшлэх тусам цагаан өнгөтэй байхаар тооцоолсон байна. Мөн хөлгийн доторх эд зүйлсийг цайвар ногоон өнгөөр будаж өгөх нь сансарын нисгэгч сэтгэлзүйн хувьд тайван байхад тустай гэдэг санааг анх гаргасан байдаг.


Ингээд Галина анх даалгавар авсанаас хойш 8 сарын туршид нөр их хөдөлмөрлөж, “Союз” хөлгийн дотоод заслын хоёр ч хувилбар бэлэн болгон С.П.Королевт танилцуулсан байдаг. Ерөнхий зохион бүтээгч сүүлийн хувилбарыг нь 1964 оны 2 дугаар сард баталсан нь сансарт ниссэн юм. Энэ цагаас хойш бараг 50 жилийн турш Галина нь зөвлөлтийн маш нууц төсөл болох “Союз”, “Салют”, “Мир”, “Буран” зэрэг сансарын хөлгийн бүхээгт орох эрхтэй цорын ганц эмэгтэй байсан гэдэг.
Галина нь сансарын хөлгийн дотоод заслаас гадна судалбар зураг, төрөл бүрийн шинэ тоног төхөөрөмжийн схем, гар зураг зурдаг байв. Тухайлбал 1975 оны дундуур сансарт хөөрсөн АНУ/ЗХУ-ын хамтарсан “Союз-Аполлон” нислэгийн эмблем Галинагийн бүтээл юм.


Өнөөдөр 84 насыг зооглож буй Г.А.Балашова нь одоо болтол нууцын зэрэглэлтэй архитекторч хэвээрээ бөгөөд түүний гараар бидний мэдэхгүй өөр ямар нууц зүйлс зурагдсаныг хэн ч мэдэхгүй. Тэрбээр Москва хотын захад байх тусгай хамгаалалттай “Оддын хотхонд” энх тун амьдарч байгаа билээ.