“КАЛАШНИКОВ” КОНЦЕРНИЙН БҮТЭЭСЭН ШИНЭ ГАР БУУ

Сая орост болж өнгөрсөн олон улсын цэрэг-техникийн “Армия-2015” үзэсгэлэнд “Калашников” концерн өөрийн “Ижевскийн зэвсгийн үйлдвэр”-т бүтээсэн ПЛ-14(Лебедевийн гар буу Р.Э) загварын шинэ гар бууны туршилтын загварыг олон нийтэд танилцууллаа.
Компанийн хэвлэлийн төлөөлөгчийн өгч буй мэдээллээр бол уг шинэ гар бууны ижил төрлийн бусад гар буунаас ялгарах гол онцлог нь буудлага үйлдэх үед хүний хүчин зүйлээс үүдэн гарч болох алдааг аль болох багасгаж, оновчтой буудлага үйлдэх боломжийг эрс дээшлүүлсэн шинэ бүтэц, зохион байгуулалтай гэнэ. Тухайлбал бууны урд хэсэг нь 21 мм зузаан, харин хойшлох тусам зузаан нь нэмэгдэж ард хэсэгтээ 28 мм болж байгаа нь баруун, зүүн аль ч гараар буудлага үйлдэхэд хялбар болгож өгчээ.
“ПЛ-14” гар буу нь 9х19 мм-ийн 15 ширхэг сум бүхий магазинтай ба сумны хэмжээг заагчтай болгож өгсөн нь буудагч хэзээ магазинаа солих ёстойг мэддэг болсон гэсэн үг. Бууны урт нь 220 мм, өндөр нь 136 мм, жин нь бүтэн магазин сумтайгаа 990 грамм жинтэй. Энэ гар бууг спортын зориулалтай болгож өөрчилж болохоос гадна тусгай зориулалтын сумаар буудаж болох ажээ.
“Калашников” концерн бол оросын буудлагын зэвсэглэлийн үйлдвэрлэлд нэлээд том байр суурь эзэлдэг. Харин тус концернийн харьяа Ижевскийн зэвсгийн үйлдвэр нь 1807 онд байгуулагдсан ба тэр цагаас хойш төрөл бүрийн хүйтэн болон халуун зэвсэг үйлдвэрлэж оросын армийг хангаж ирсэн түүхтэй. Өнөөдөр тус концерн нь байлдааны, ангийн, спортын гэсэн үндсэн гурван чиглэлээр төрөл бүрийн буудлагын зэвсэг, түүнийг дагалдах хэрэглэлийг үйлдвэрлэж байгаагийн зэрэгцээ өндөр цэцтэй их бууны сум, пуужин ч үйлдвэрлдэг юм. Тус компани өөрийн бүтээгдэхүүнийг АНУ, Англи, Герман, Норвеги, Канад, Тайланд зэрэг гадны 27 улс оронд эскпортолдог юм.