ГАДААДЫН ЗАРИМ ОРНУУДЫН ОФИЦЕРЫН ЦОЛНЫ ХУГАЦААНЫ ТАЛААР

Сая “Файсбоок” дээр Д.Өлзийбаяр хурандаа “Зарим залуу офицерууд цол, албан тушаалын араас хөөцөлдөх юм. Цэргийн хүн өмнөх ажлаа сайн хийгээд явж байвал энэ бүхэн аяндаа чамд ирэх болно,” гэж бичсэнийг олон хүмүүсийн анхаарлыг татаж, нэлээд уншигдах шиг боллоо. Миний бие үүнтэй санал нэг байгаа. Харин эндээс бусад орны офицеруудын цол хоорондохын хугацаа, мөн дэслэгчээс хурандаа болоход хэдэн жил алба хаадаг вэ гэдгийг сонирхож үзэх бодол төрсөн юм. Мэдээж улс бүрийн талаар бичих боломжгүй учраас энд хамт сурч буй гадаадын офицеруудаас асууж лавласан мэдээлэлд тулгуурлан бичиж байна.
Мьянмар Улс: Төр засгийн хувьд ерөнхийлөгчийн мэдлийн бүгд найрамдах засаглалтай, цэргийн дэглэмтэй улс юм. Гэхдээ засгийн газрыг эсрэгүүцэгч зэвсэгт бүлэглэлүүд тасралтгүй иргэний дайн явуулж байдаг. Энэ улсад цэргийн сургууль төгссөн сонсогч эхлээд бага дэслэгч цол хүртэж офицерын эгнээнд шилждэг. Ингээд бага дэслэгчээс дэслэгч - 1 жил, дэслэгчээс ахмад - 3 жил, ахмадаас хошууч – 5 жил, хошуучаас дэд хурандаа - 5 жил, дэд хурандаагаас хурандаа – 5 жил алба хаасан байх ёстой гэнэ. Ингэхээр Мьянмар улсын бага дэслэгч офицер хурандаа хүртэл цол хүртэхэд нийтдээ 19 жил алба хаасан байх ёстой болж байна. Мөн хошууч цол хүртэхийн тулд хамгийн доод тал нь 9 жил, үүний 2-оос доошгүй жилийг босогч нартай тулалдаж буй ангиудад алба хаасан байх ёстой/фронтод/ гэсэн шаардлага тавьдаг байна.
БНХАУ: Энэ улсын армид бусад улсад тэр бүр байдаггүй ахлах хурандаа гэж бараг манай бригадын генерал цолтой дүйцэхүйц цол бий. Цэргийн дээд сургуулийг 3 жилээр тусгай мэргэжлээр төгссөн хүмүүст бага дэслэгч цол хүртдэг байна. Харин жирийн цэргийн дээд сургуулийг 4 жилээр төгссөн сонсогч дэслэгч цол хүртэж офицерыг эгнээнд шилжинэ. Дэслэгчээс ахмад - 4 жил, ахмадаас хошууч – 4 жил, хошуучаас дэд хурандаа - 4 жил, дэд хурандаагаас хурандаа – 4 жил, хурандаагаас ахлах хурандаа болоход 5 жил ажилласан байх ёстой гэнэ. Тэгэхээр хятадын армид ахлах хурандаа цол хүртэхийн тулд хамгийн багадаа 21 жил алба хаах ёстой.
Өмнөд Солонгос: Хөрш хойд солонгос улстайгаа техникийн хувьд дайны байдалтай буй тус улс нь 630 мянган цэрэг бүхий дэлхийд эхний тавт багтах том зэвсэгт хүчинтэй. Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, цол зэрэглэл олгох журам нь АНУ-ын армитай төстэй. Армийн анги, нэгтгэлүүдийн ихэнх нь хилийн дагуу байрлаж байнгын байлдааны бэлэн байдалтай байдаг. Дэслэгчээс ахлах дэслэгч - 1 жил, ахлах дэслэгчээс ахмад – 2 жил, ахмадаас хошууч – 8 жил, хошуучаас дэд хурандаа - 5 жил, дэд хурандаагаас хурандаа – 5 жил ажилласан байх ёстой гэнэ. Дэслэгч цол хүртэн офицерын бүрэлдэхүүнд орж буй хүн бүр нэг жил хил дээр салааны захирагчаар заавал ажилсан байх ёстой. Сайн ажилласан гэж тогтсон хугацаанаас нь өмнө цол олгоно гэсэн ойлголт байдаггүй. Харин ч эсрэгээрээ муу ажилласан бол дараагийн цол олгох хугацааг нь сунгадаг байна. Үүнээс харахад тус улсын офицерууд хурандаа цол хүртэхэд хамгийн багадаа 21 жил ажиллах шаардлагатай байдаг гэнэ.
Казакстан: Хуучин ЗХУ-ын мэдэлд байсан тус улсын армийн бүтэц, зохион байгуулалт одоогийн ОХУ-тай төстэй. Тус улсын эдийн засгийн эрчимтэй хөгжил нь цэргийн салбарт хүртэл эергээр нөлөөлж, маш богино хугацаанд эрчимтэй хөгжиж байгаа. Дөрвөн жил цэргийн дээд сургуульд суралцсан сонсогч төгсөөд дэслэгч болно. Дэслэгчээс ахлах дэслэгч - 3 жил, ахлах дэслэгчээс ахмад – 3, ахмадаас хошууч – 4 жил, хошуучаас дэд хурандаа - 5 жил, дэд хурандаагаас хурандаа – 5 жил ажилласан байх ёстой. Тус улсын армид ажил үүргээ сайн биелүүлсэн офицерт хугацаанаас нь өмнө цолоор шагнаж болдог байна. Гэхдээ нэг болзолтой. Энэ нь тухайн офицер одоогийн байгаа цолоо дараагийн цол авах хугацааны талаас илүү хугацаанд зүүсэн байх ёстой гэнэ. Тухайлбал ахмад цолтой офицер хугацаанаас өмнө хошууч цол хүртэхийн тулд энэ цолоо хамгийн багадаа 2 жил зүүсэн байхыг шаардана гэсэн үг. Казакстан улсын армид дэслэгчээс хурандаа болоход 20 жил ажиллах шаардлагатай.
Ангол Улс: Анголын зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт нь хуучин ЗХУ-ын цэргийн системтэй төстэй, зөвлөлтийн үеийн зэвсэг техник ихтэй улс билээ. Дэслэгчээс ахлах дэслэгч - 1 жил, ахлах дэслэгчээс ахмад – 5, ахмадаас хошууч – 5 жил, хошуучаас дэд хурандаа - 4 жил, дэд хурандаагаас хурандаа – 4 жил ажилласан байх ёстой. Эндээс харахад хурандаа цол хүртэхийн тулд 19 жил алба хаах ёстой болдог.
Вьетнам: Тус улсын зэвсэгт хүчин бол дайны арвин туршлага ба одоо зэвсэгт хүчинд нь ойролцоогоор 400 гаруй мянган цэрэг алба хааж байгаа гэнэ. Энэ хэрээр офицерууд олонтой байх нь тодорхой. Тус улсын офицерийн цолонд дунд ахлах дэд хурандаа гэж өвөрмөц цол бий. Бага дэслэгчээс дэслэгч – 2 жил, дэслэгчээс ахлах дэслэгч - 3 жил, ахлах дэслэгчээс ахмад – 3, ахмадаас хошууч – 3 жил, хошуучаас дэд хурандаа - 4 жил, дэд хурандаагаас ахлах дэд хурандаа – 4 жил, ахлах дэд хурандаагаас хурандаа – 4 жил ажилласан байх ёстой. Эндээс харахад хурандаа цол хүртэхийн тулд 23 жил шаардлагатай болдог байна.
Алжир Улс: Энэ улсын зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, цэргийн цол олгох дүрэм журмыг францын армиас хуулбарласан гэхэд буруудахгүй. Бага дэслэгчээс дэслэгч – 4 жил, дэслэгчээс ахмад - 4 жил, ахмадаас хошууч – 5 жил, хошуучаас дэд хурандаа - 5 жил, дэд хурандаагаас хурандаа – 5 жил ажилласан байх ёстой. Тус улсын армид офицерын цол олгох ёстой хугацаагаа яс баримталдаг хэдий ч байлдааны ажиллагаанд оролцож гавьяа байгуулсан тохиолдолд хугацаанаас нь өмнө цол олгож болдог ажээ. Алжир улсын армид хурандаа цол хүртэхэд 23 жил ажиллах шаардлагатай.
Харин манай улсад офицерын цол олгож буй хугацааны хувьд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан “СНГ”-ийн/Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд Р.Э/ орнуудтай ойролцоо түвшинд, боломжийн яваа гэж боддог. Миний аав насаараа армид ажиллаад хошууч цолтой тэтгэвэрт гарсан хөгшин бий. Тиймээс багаасаа цэргийн амьдралын дунд өссөн. Социалист нийгмийн үед офицерын цолыг яг хугацаанд яс олгодог байсан байх, ямар ч байсан учиргүй залуу мөртлөө ахлах цолтой хүн ховор байлаа. Хурандаа цолтой хүн тун ховор үзэгддэг байлаа шүү дээ.
1994 оноос офицерын цол олгох асуудалд зарим нэг “содон” үзэгдэл гарч эхэлсэн байдаг юм. Тухайлбал “Албан тушаалын цол” гэдэг ойлголт гарч ирээд цолыг жилээр бус сараар олгодог болов. Нэг жилд хоёр удаа цол авсан офицерууд нэгээр тогтохгүй нэлээд хэдэн гарч байв. Сонин хэвлэлд хүртэл цэргийн цолыг хавтгайруулан олгож байгаа тухай олон бичигдэн үлдсэн байдаг. Сүүлийн үед манай улсад цэргийн энгийн нь ялгагдахгүй цол, дүрэмт хувцастай төрөл бүрийн байгууллага хэт олширсон. Энэ тухай өнгөрсөн жил хурандаа Д.Мөнх-очир “Цэргийн цол алиа салбадайн гангараа биш,” нэртэй нийтлэл бичсэнийг та бүхэн олж уншаарай.