ХҮЧИРХЭГ 10 ЭМЭГТЭЙН ТҮҮХ

Хуана Инес де ла Крус

1651-1695 оны хооронд Мексикт амьдарч байсан Хуана Инес де ла Крус хүүхэд байхаасаа онцгой чадвараараа ялгарч байжээ. 3 настайдаа бие даан уншиж сураад, 6 настайдаа бичиж, юм оёж, хатгамал хийж чаддаг байсан нь тухайн үеийн эмэгтэйчүүдийн хувьд бүрэн боловсрол эзэмшсэн гэсэн үг юм. 8 настайдаа шүлэг тэрлэж, 15 насандаа хааны ордонд очин хатан хааны шадар шивэгчин болжээ. Ийнхүү түүний уран бүтээлийг дээдсийн хүрээлэнд андахаа байсан гэдэг. Гоо бүсгүй болж торнисон түүнийг эрчүүд эргүүлдэн амар заяа үзүүлэхээ больсон тул цэл залуугаараа сүмд шавилан сууж, шинжлэх ухаан судлах болсон түүхтэй. Хуана бол өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэй, бие даасан үзэл бодолтой найрагч бөгөөд түүний бүтээлүүд  одоо ч хэвлэгдсээр байдаг ажээ.

Алиенора Аквитанская

12-р зуунд гоо бүсгүйн тэмцээн байгаагүй боловч “Европын мисс” бол яалт ч үгүй Алиенора Аквитанская байлаа. Хоёр хааны гэргий, гурван хаан ширээний эзэн болсон эмэгтэй. Анхны нөхөр нь Францын VII Людовик хаан. Хайртай хатнаа айхтар харддаг ч хурц зан авирыг нь дийлдэггүй байжээ. 13 жилийн дараа гэрлэлт нь нуран унасан бөгөөд Алиенора дараа нь Английн II Генрих хааны хатан болсон байна. Алиенора нөхөртөө их хайртай байсан гэдэг. Түүнд 5 хүү, 3 охин төрүүлж өгсөн хэдий ч нэгэнтээ Генрих хааны сэтгэл хөрөөд, хувийн амьдралдаа оролцуулахгүйн тулд хатнаа цайзад хорьж орхижээ. Алиенора хорионд бүхэл бүтэн 16 жилийг өнгөрүүлсэн байна. Хайртай хүү Ричард нь хаан ширээнд суумагц эхийгээ гаргаж авсан ба 82 настайдаа өөд болсон энэ эмэгтэй эрүүл саруул ухаанаа огт алдаагүй гэдэг.

Эгч дүү Мирабаль

Мирабаль овогтой Патриа, Минерва, Мария Тереса нар төрсөн эгч дүүс юм. Тэд улс төрийн идэвхтэй зүтгэлтнүүд байсан бөгөөд Доминиканд тухайн үеийн ерөнхийлөгч Рафаэль Трухильогийн тогтоосон дэглэмийг эсэргүүцэн эр нөхрүүдийнхээ хамт ардчилал, шударга ёсны төлөө тэмцэж явсан хүүхнүүд билээ. Хувьсгалт нууц бүлгэмийн гишүүд болох эгч дүүсийг олон удаа баривчилж, хорьж байсан боловч зогсоож чадаагүй юм. 1960 оны 11 сарын 25-нд Засгийн газраас эгч дүүсийг зэрлэгээр хороосон нь ард иргэдийн дунд олон нийтийг хамарсан бослого гарах гол түлхэц болжээ. 6 сарын дараа дарангуйлагч Трухильо баригдаж, дэглэм нь нуран унахад НҮБ-аас 11 сарын 25-ны өдрийг Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох Олон улсын өдөр болгон зарласан байна.

Нина Петрова

Аугаа эх орны дайн эхлэхэд энэхүү түүхийн баатар маань 48 нас хүрчихсэн байжээ. Хүн хүчний хомсдол, эх орноо хамгаалах хүсэл тэмүүлэл түүнийг дайны талбарт аваачсан хэрэг. Эхэндээ эмнэлгийн батальонд алба хааж байгаад дараа нь мэргэн буучдын хороонд шилжсэн байна. 1945 оны 2-р сар хүртэл энэхүү зоригт дайчин эмэгтэй 512 мэргэн буучийг бэлтгэж гаргасан бөгөөд олон арван одон медалиар шагнуулжээ. Цэргүүд түүнийг “Нина ээж” хэмээн хүндэтгэн дууддаг байв. Харамсалтай нь, Нина гэртээ эргэж ирж чадсангүй. Дайнд ялахаас ердөө 8 хоногийн өмнө тулаанд амиа алджээ.

Нэнси Уэйк

Энэ эмэгтэйн толгойг авчрах хүнд гестапо /Гитлерийн Германы нууц цагдаагийн газар/ 5 сая франк өгөхөө амлаж байлаа. Гэвч фашистууд Францын сөрөг тагнуул “Цагаан хулгана” Нэнсиг барьж чадаагүй юм. Тагнуулч эмэгтэй маш хүнд даалгавар биелүүлж, дайн тулаанд ч оролцож явжээ. Түүний дайчин чанарыг гүйцэх хүн ховор. Харуулд зогсож байсан герман цэргийн төвөнхийг тусгай мэх хэрэглэн цөм чихэж нүцгэн гараараа алж орхисон удаатай. Дайны дараа Уэйк олон орны одон медалиар энгэрээ цоолуулж, тагнуулын албанд зүтгэсээр 2011 онд 98 настайдаа өөд болжээ.

Жанна д’Арк

Францын үндэсний баатар, домогт эмэгтэйг онцлон дурсахгүй байх аргагүй. 100 жилийн дайны үеэр арми удирдаж, дайчдаа уриалан манлайлж ар араас нь ялалт байгуулсаар Орлеаны бүслэлтийг буулгаж явжээ. Олзлогдсоны дараа англичуудад хүргэгдэн очсон ч түүнийг буруутгах амаргүй байсан гэнэ. Хэдийгээр олон гүтгэлэг зэмийг зоригтой няцааж байсан ч түүнийг амьдаар нь галд шатааж хороосон юм. Хатан зоригт энэ бүсгүйн нэр дэлхийн түүхэнд хамгийн дайчин эмэгтэй хэмээн үүрд бичигдэж үлджээ.

Лилиан Блэнд

Лилиан Блэндийн дэргэд нэгэн болгоомжгүй залуу хархүү: “Эмэгтэй хүн машин техникийн учрыг хэзээ ч олохгүй” гээд хэлчихжээ. Гэрэл зурагчин-сурвалжлагч бүсгүй энэхүү өдөөн хатгалгыг тэр дор нь хүлээж авсан бөгөөд 1910 онд Ирландад өөрийн онгоцыг бүтээж дуусгасан байна. Онгоцондоо суугаад 27 метр зайд ниссэн нь тухайн үедээ санаанд оромгүй амжилт байлаа. Лилиан нөхөрт гарч Канадад амьдрах болсон агаад мөрийтэй тоглоомонд их дурладаг байжээ. Тэрээр адал явдлаар дүүрэн, урт удаан амьдарч 93 насалжээ.

Томоэ Гозэн

Тоо томшгүй олон япон эмэгтэйчүүд гартаа зэвсэг барин босохоос өөр аргагүй байсан эрт цагт Томоэ Гозэн гэгч бусдаас онцгой, шилдэг дайчин эмэгтэй байжээ. Гэмпэйн дайнд /1180-1185/ оролцож явсан энэ жанжныг “Бурханаас ч, буг чөтгөрөөс айдаггүй, догшин хүлгийн зоон дээр дарцаглаж, цэргийн хүнд хуяг дуулга өмсөөд сэлмээр чадмаг тулалддаг, аварга нумаар ядах юмгүй харвадаг, нэр алдар нь түмэнтээ түгэж алдаршсан, хамгийн зоригт дайчин” хэмээн магтан дуулдаг байжээ. Эмэгтэй дайчны ховор жишээ болсон Томоэгийн дүрийг зарим аниме, жүжгүүдэд гаргах нь бий.

Роза Люксембург

Хамгийн нөлөө бүхий хувьсгалчдын нэг хэмээн түүхэнд тэмдэглэгджээ. Дэлхийн 1-р дайны үед хэлмэгдүүлэлтэд хэд хэдэн удаа өртөж байсан ч дайныг эсэргүүцсэн үзэл бодолдоо үнэнч үлдэж, нийтлэл бичсээр байлаа. Найз хүүхнүүдээ улс төрд байр суурь эзлэхийг уриалан, эрчүүдийн засаглалаас ангижрахыг хүсэж байв. Үзэл бодлоо хамгаалсаар алтан амиа өгсөн ч өнгөрсөн зууны дайчин эмэгтэйчүүдийн эгнээнд нэр алдар нь дуурсаж үлджээ.

Хеди Ламарр

Хурц эрэмгий зан авиртай Ламарр 16 настайдаа гэрээ орхин явж, кинонд тоглон, Австрийн саятантай гэрлэсэн байна. Гэвч 4 жилийн дараа нөхрөөсөө салж Холливудыг зорьжээ. Энд тэрээр нэртэй жүжигчин болоод зогссонгүй, зохион бүтээгч болсон аж. Шинжлэх ухааны мэдлэг нь энэ эмэгтэйг олны дундаас товойлгож гаргасан төдийгүй техникийн олон санааны эзэн болгожээ. Тухайлбал, түүний онол дээр тулгуурлан GSM, GPS, Bluetooth, Wi-Fi 802.11-ийг зохиосон байна.

Эх сурвалж: http://www.adme.ru/zhizn-nostalgiya/14-zhenschin-kotorye-mogli-nadrat-zad-lyubomu-1157960/