Гоо үзэсгэлэнг ямар үнэ цэнээр олж авдаг байсан бэ?

 

Юм бүхэнд үнэ цэн буй. Тэгвэл гоо үзэсгэлэнг ямар үнэ цэнээр олж авдаг байсан бэ? Эртний Энэтхэгт үнээний шээсээр биеэ галбиржуулан турааж, хагарсан хөлийн өсгийгөө эмчлэхийн зэрэгцээ батганаас салдаг байжээ.

Тэгвэл 20-р зууны эхэнд япончууд нүүрнийхээ энгэсгийг алтан гургалдайн сангасаар цэвэрлэдэг байсан нь түүний сангаст агуулагддаг guanine арьсыг нөхөн төлжүүлдэгтэй холбоотой байв.

Биеийн илүүдэл үсийг хэт ягаан туяаны нөлөөгөөр гуужуулж авдаг байжээ. Бараг 20 орчим цаг хэт ягаан туяагаар илүүдэл үсээ авах гэж буй хэсгээ шардаг байсан нь хожим хорт хавдар үүсгэсэн ч илүүдэл үсгүй торгомсог арьстай болгодог байсан түүхтэй.

 

1. Ямааны ноосоор хиймэл хөмсөг хийдэг байжээ

  • Эртний Грект нийлсэн хөмсөгтэй эмэгтэйчүүдийг сэтгэл татам агаад ухаалаг хэмээн шагшдаг байжээ. Тиймээс эмэгтэйчүүд хөмсгөө өтгөн бас нийлсэн болгохын тулд ямааны ноос, модны давирхай ашиглан хиймэл хөмсөг хийдэг байсан гэнэ.
  • Түүнчлэн дэнгийн хөөгөөр хөмсгөө нийлүүлж буддаг байжээ. Зураг: Мексикийн гоо үзэсгэлэнгийн нүүр царай болсон зураач Frida Kahlo - ийн хөрөг (1907 - 1954)

 

2. Үхсэн мэт цонхигор царай мода болж байлаа

 

  • Ийм төрхийг бий болгох олон хачирхалтай арга байжээ. Тэдгээрийн нэг нь хануур хорхойгоор цусаа хануулах явдал юм. S.D. Powers - ийн «The Ugly-Girl Papers; Or, Hints for the Toilet» номд бичсэнээр арьсаа аль болох цонхигор харагдуулахын тулд орой бүр нүүрэндээ хар тамхи, салатны навчаар маск тавьж хоноод маргааш өглөө нь аммонийн спиртээр угаадаг байжээ.
  • Хэдэн зууны турш мода байсан гоо сайхны энэхүү трэндийг Францын хатан хаан Marie Antoinette - ийг түгээн дэлгэрүүлсэн гэж үздэг ба тэрбээр нүүрнийхээ судсуудыг хөх харандаагаар буддаг байв. Мөн хар тугалгыг цагаан цуутай хольж нүүрэндээ түрхдэг байжээ. NBC News - ийн мэдээлснээр цагаан тугалга, хүнцэл зэрэг нь сэвх толбыг арилгаж, илүү залуу бас дур булаам харагдуулдаг байсан гэнэ.

 

3. Өргөн духтай бүсгүйчүүд хамгийн тачаангуй нь байв

 

  • Гоо сайхны үнэлэмж улс орон бүрт харилцан адилгүй. Тэгвэл Marie Claire - ийн нэгэн нийтлэлд дундад зууны үеийн европ эрчүүд өргөн духтай бүсгүйчүүдийг хамгийн их таалдаг байсан хэмээн тэмдэглэжээ.
  • Тиймээс эрчүүдийн харцыг булаасан тачаангуй төрхтэй болохын тулд аль болох үсээ хойш нь самнадаг байв. Мөн илүү өргөн духтай харагдах гэж хөмсөг, сормуусаа хүртэл хусдаг байжээ.

 

4. Улаа бутарсан үзэсгэлэнтэй төрхийн нууц

 

  • Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хатан хаан Victoria (1819 - 1901) - ийн үед урлагийнхан эсвэл биеэ үнэлэгчид л нүүрэндээ энгэсэг түрхдэг байжээ.
  • Тэгвэл тэдний улаа бутарсан үзэсгэлэнтэй төрхийн нууц нь юу байсан гэж санана? Хацар болон уруулаа албаар хаздаг, чимхэж баздаг байжээ. Энэтхэгт бетель ороонго ургамлын навчийг зажилж уруулаа улаан болгодог байсан гэнэ.

 

5. Маяачуудын гавал сунгах харгис уламжлал

 

  • Эртний маяачууд нялхсын гавлыг 4 - 5 хоногтойгоос нь эхлэн шахаж, хавчих аргаар зууван хэлбэрт оруулдаг байжээ. Энэ үед гавлыг хүссэн хэлбэртээ оруулахад уян хатан байдаг бөгөөд шөвийлгөх явц ойролцоогоор 6 сар үргэлжилнэ.
  • Mary Miller - ийн «Extreme Makeover» номд гавлыг ингэж хэлбэршүүлэх нь Maize God бурхнаа тахин шүтэх үзэлтэй нь холбоотойгоос гадна гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг, нийгмийн зэрэг зиндааг илэрхийлдэг.

 

6. Амны хөндийгөө эрүүл байлгах итгэмээргүй арга

 

  • Хүн бүр танан цагаан шүдтэй болохыг хүсдэг нь нууц биш. Тэгвэл эртний Ромын эмэгтэйчүүд шүдээ шээсээр цайруулдаг байсан гэвэл та итгэх үү? Ялангуяа португал хүний шээсээр амаа зайлдаг байсан түүхтэй. Яагаад гэвэл португалчуудын шээс шүдийг хамгийн сайн цайруулдаг хүчтэй найрлагатай байдагт итгэдэг байсан юм.
  • Шээсэн дэх аммони нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байсан ба 18-р зуун хүртэл ам зайлагч болгон хэрэглэдэг байжээ. Мөн хүнцэлийг устай хольж, шүдний цооролтоос сэргийлдэг байсан гэнэ.

 

7. Туузан хорхойн дэглэм

  • Гоолиг биетэй болох маш олон арга бий. Тэдгээрийн нэг нь туузан хорхойн дэглэм юм. Туузан хорхойн эмчилгээг хийлгэснээр маш богино хугацаанд хүссэн үр дүндээ хүрдэг ч сөрөг нөлөө ихтэй байсныг тэр бүр судлаагүй байжээ.
  • Туузан хорхойн дэглэмээр хүссэн жиндээ хүрсэн бүсгүйчүүд туулга ууж туузан хорхойгоо устгадаг байв. Мөн амаа ангайгаад аягатай сүүний өмнө суувал өөрөө гараад ирдэг гэж итгэнэ. Тэгвэл Dr. Meyers туузан хорхой гадагшлуулах капсул зохион бүтээсэн ч амжилт олоогүй юм.
  • Цилиндр хэлбэртэй тэрхүү капсулыг металлаар хийжээ. Дотор нь туузан хорхойг урхидаж оруулах зорилгоор бага хэмжээний хоол хийх ба дэглэм барьж буй бүсгүй түүнийг залгин, хэдэн өдөр юу ч идэхгүй. Гэвч эцэст нь капсулаа гаргаж чадалгүй байсаар нас барсан тохиолдол олон гарчээ.

 

8. Хорт ургамлаар нүдний дусаагуур хийдэг байжээ

 

  • Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хатан хаан Victoria (1819 - 1901) - ийн үед том хүүхэн хараатай нүд хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог байжээ. Бүсгүйчүүд хүүхэн хараагаа томруулахын тулд гувай хатан цэцгийн охийг нүдэндээ дусаадаг байсан нь хараагүй болгож ч болох эрсдэлтэй юм. Ердөө хоёр ширхэг жимсгэнэ эсвэл навчийг нь л идэхэд үхэлд ч хүргэж болзошгүй.

 

9. Хатан хаан Клеопатрагийн гоо үзэсгэлэнгийн нууц

 

  • Эртний египетчүүд нүүрний үрчлээ, сорви арилгах арга технологийг нээсэн гэгддэг. Тэгвэл нэр алдар, гоо үзэсгэлэн нь хэдэн зуун дамжин цуурайтсаар ирсэн Cleopatra (69 - 30 BC) - гийн арьс арчилгааны нууц юу байсан бэ? Тэрбээр сарнайн дэлбээтэй сүүнд олон цаг хэвтдэг байжээ.
  • Язгууртан гаралтай египет эмэгтэй урт үстэй, харин боол эмэгтэй богино үстэй байх учиртай. Тэрбээр улаа бутарсан төрхийг шавар, няцалсан цохны зуурмагаар гаргадаг байсан бол нүдний харандаагаа хар тугалгаар хийдэг байжээ. Харин нүүрэндээ матрын ялгадас, илжигний сүүтэй маск тавина.

 

10. Хиймэл үсийг гахайн өөхөөр тогтоодог байв

 

  • Үнэндээ бол гахайн өөхнөөс гарган авсан цавуугаар л даа. Америкийн нэрт зохиолч Joy Masoff «Oh, Yikes!: History’s Grossest, Wackiest Moments» номдоо хиймэл үсний хэвийг удаан хадгалахын тулд гахайн өөхнөөс гарган авсан цавуугаар модон хүрээнд тогтоодог байсан тухай дурджээ.
  • Гахайн өөх хархнаас эхлээд төрөл бүрийн шавжийг өөртөө татдаг байсан учир шөнө унтахдаа үсний тор хийнэ. Тэгэхгүй бол хэдэн өдрөөс хэдэн долоо хоногийн турш угаадаггүй байсан үс бүхэл бүтэн шавжны экосистемийг бүрдүүлдэг байжээ.