”Газарзүйн солиорол буюу ЧИЛИ”


 

Эртний Чилийн домогт өгүүлсэнээр бурхан энэ ертөнцийг бүтээж дуусаад хартал жаахан уул хөндий,нуур мөрөн,элсэн цөл,ой шугуй,цас мөс үлдсэн байж гэнэ.Хаана ч шингээх гээд багтахгүй болохоор нь хорвоогийн урд захын буланд илүүдэж үлдсэн бүгдийг нийлүүлээд нэгэн шинэ газар орон үүсгэсэн нь өнөөгийн Чили ажээ. Домогт ийнхүү өгүүлдэг бол Андын сүрлэг уулсаа даган Номхон далайг эмжин 4630 км уртааш сунан тогтсон энэ орныг нэрт зохиолч Бенжамин Суберкасеу “Газарзүйн солиорол”гэж нэрийджээ. Антарктидаас ердөө 900 км-ийн зайтай өмнөд мужаас эхлээд халуун орны ой хүртэл цаг агаарын бүхий л бүсийг Чилид харж болох тул ингэж нэрлэх нь ч аргагүй юм.

 

Тэсгим жавар,элсэн цөл,өндөр уулсын ширүүн амьсгал, нуга хөндий, халуун орны ширэнгэ гээд Чили манай гаригийн хамгийн үзэсгэлэнтэй бас нууцлаг газар орны нэг билээ. Аргентин, Боливи, Перутай хиллэдэг Чили улсын мэдэлд Галын арлын багагүй хэсэг, Пасхи болон Хуан Фернандес, Веллингтоны арлууд хамаарна. 16 сая гаруй хүнтэй Чилийн иргэдийн бараг 90 хувь нь хот сууринд аж төрдөг. Угсаатны зүйн хувьд уугуул метисүүд, араукан омгийн индианууд, немц, итали, британи, австри, франц цустай европчууд хүн амыг бүрдүүлж, испаниар хэл нэвтрэлцэнэ. Гэхдээ индианчууд өөрсдийн хэлээр харилцдаг. 13000 жилийн тэртээгээс Чилид анх хүн суурьшсан баримт бий. 1520 онд Португалийн далайчин Фердинанд Магеллан Чилийн эрэгт хөл тавьж, ертөнц дахинаа энэ газар орныг нээж өгсөн юм. Тэр цагт энд араукан омгийнхон ноёрхож,газар нутгийн дийлэнхийг эзэмшдэг байж. Харин нутгийн хойд хэсгээр Перугийн инкүүд суурьшина.

 

1535 онд тухайн үед Перуд ноёрхлоо тогтоогоод байсан испаничүүд Чилид суурьшиж эхэлсэн ч үржил шимгүй, гантай 3 жилийн дараа нутаг буцжээ. 1540 онд испаничүүд дахин суурьшихаар ирж,дараа жил өнөөгийн Сантьяго хотын суурийг тавьсан түүхтэй. Үүний дараа 1550 онд Консепсьон, 1552 онд Вальдиви зэрэг томоохон хотууд шаваа тавьжээ. 1810 он хүргэж байж л чиличүүд тусгаар тогтнолоо зарлажээ. Гэхдээ зүгээр ч нэг туурга тусгаарласангүй, Испаний дарангуйллын эсрэг дахин 15 жил дайтах хэрэг гарсан юм. 1973 онд Чилид цэргийн эргэлт гарч,генерал Аугусто Пиночет төрийн эрхэнд гарлаа.

 

Арав гаран жил Чилийн төрийг хатуу гараар барьсан өвгөн генералыг өдгөө элдвээр шүүмжилдэг ч чухам тэр л он жилүүдэд энэ улс эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрч, бүс нутагтаа өөрийн нөлөөллөө баттай тогтоож чадсан гэдэг. Өвгөн дарангуйлагчийг түлхэн унагаасан Чили улс 1988 оноос ардчилал,шинэчлэлийн замд орж байгаагаа албан ёсоор зарлажээ.

 

Чили улс урлаг соёлын баялаг өв уламжлалтай. Ардын хөгжим л гэхэд испани хөгжмийн онцлогийг өөртөө шингээсэн байх жишээтэй. Нийтэд түгэн дэлгэрсэн дуу бүжгээс жишээлэхэд “цоглог” куэка,самакуэка,хослол бүжиг, пантомимог нэрлэж болно.

 

Хотын гудамжнаа эскинаса хэмээх нэгэн төрлийн серенадаг та олонтаа анирдах буй заа. Ийм төрлийн дуу хөгжим Чилид бараг л төрийн дууллын хэмжээнд түгэн дэлгэрсэн байдаг.  Чилийн зохиолчид дэлхий дахинаа тийм ч алдартай биш. Гэхдээ Лазурь Рубена Дарио(1867-1916), Бальдомеро Лильо (1867-1923),Альберто Блест Гана (1830-1920) зэрэг Чилийн алдарт зохиолчид анхлан испани хэлээр реалист роман туурвиж байжээ. Тэднийг өнөө цагийн нутаг нэгтнүүд нь “Чилийн Бальзакууд” гэдэг. Өв соёлоороо бахархдаг чиличүүдийн байгуулсан Үндэсний урлагийн музей, Үндэсний түүхийн музей, Америк түмний музей, Орчин цагийн урлагийн үзүүлэн гээд  нүд хужирлах арвин сан хөмрөг бүхий музей Чилийн нийслэлд бий.

Гэхдээ Чилид ирсэн жуулдыг хамгийн ихээр татдаг газар бол яахын аргагүй Пасхи арал юм. Пуанта-Аренас боомтоос хөдөлсөн Норвегийн ахмад Рогговены хөлөг онгоц 1772 онд нэгэн нууцлаг аралд тулж очжээ. Тэнгэрийн хаяанд далай ширтэн сүүдэртэх аварга том чулуун хөшөөнүүд арал дээр хөл тавьсан далайчдын анхаарлыг өөрийн эрхгүй татлаа. Уугуул нутгийнхнаас хөшөөний учрыг асуухад “моаи” гэсэн ганц л үгээр хариулжээ. Энэ цагаас хойш хэдэн зуун өнгөрсөн ч аварга хүн чулуудын учгийг хэн ч тайлж чадаагүй л байна.

 

Чилийн эх газраас 3000 км,хамгийн ойрын арал Питкаирнаас  2000 км-ийн зайд орших Пасхи арлыг уг нь уугуул улаан арьстнууд Рапа Нуи гэж нэрлэдэг байжээ. Тэдний домгоор 1500 жилийн тэртээ энэ аралд Хоту Матуа буюу Их эцэг өөрийн гэр бүлийн хамт суурьшиж эхэлсэн гэж үздэг байна. Харин хэл шинжээч С.Энглерт арал дээр хүмүүс арай хожуу ирж,17-р зууны vед алдарт баримлуудыг босгосон гэж үздэг бол цуут аялагч, эрдэмтэн Тур Хейердал 5-7-р зууны үед Америк тивээс улаан арьстнууд ирж нутагласан гэсэн таамаглал дэвшүүлж байжээ. Тэрбээр эдгээр том хөшөөнүүдийг удтал судалсны эцэст эрүүндээ баавайсан сахалтай, цагаан арьстан хүмүүс энд оршин сууж байсан гэсэн дүгнэлт бас хийжээ. Харин Эрик Деникен гэх эрдэмтэн энэ арлын оршин суугчид  харь гаригийн хүмүүсийн удам гэж мэдэгдэн шуугиан тарьж байлаа.

 

Арлын нутаг дэвсгэрээр бүхэлдээ тэр дундаа өмнөд эргээр илүүтэй тархсан эдгээр хүн чулуунууд бүгд том толгойтой, урт чихтэйн дээр зарим нь улаан өнгөтэй бортого хэлбэрийн малгайтай байдаг. Арал дээр нийт 887 ийм моаи байгаагийн 397 нь Рано Рараку галт уулын тогоонд бий. Чухамдаа тэнд эдгээр хүн чулуунуудыг хэлбэр гарган урласан бололтой, бүтээж дуусаагүй 90 шахам хүн чулуу бас хадгалагдан үлджээ. Пасхийн хүн чулуудаас хамгийн алдартай нь  болох Патро 10 метр өндөртэй,82 тонн жинтэй. Харин хамгийн том нь 22 метр өндөр (7 давхар байшинтай дүйцэх) түүн дотроо толгой, хүзүү нь 7 метр өндөр, 3 метр голчтой хамрын урт нь мөн 3 метр орчим, их биеийн өндөр нь 13 метр ажээ. 165 тонн жинтэй энэ баримлыг чухам яаж тээвэрлэн энд авчирсныг таахад бэрх. Ертөнцийн хязгаарт далайн ширтэн сүндэрлэх хүн чулуудын аралд зочилсон хэн бүхэн онцгой содон мэдрэмж төрснийг бас их эрч хүч авснаа гайхдаг.Тэгэхээр ямар нэгэн далдын хүч Пасхи аралд буй бололтой.

 

Хуан-Фернандесын ольтриг хэмээх бас нэгэн гайхамшигтай бүлэг арал Чилийн эзэмшилд буй. Эзгүй арал дээр хаягдаж, байгалийн хуулиар амьдарсан “Робинзон Крузо” –гийн түүхийг мэдэхгүй хүн ховор биз. Английн далайчин Александр Селкирк хөлөг онгоцны ослоос золоор амьд үлдэж Хуан-Фернандесын арлуудын нэгэнд 4 жилийг ганцаараа өнгөрөөсөн түүхээс сэдэвлэн Даниэль Дефо “Робинзон Крузо” хэмээх алдарт зохиолоо туурвижээ. Селкиркийн аж төрж асан тэр арлыг өдгөө чиличүүд “Робинзон Крузо” гэж нэрлэдэг байна.

 

Чилийн эх газрын хойд хэсэгт орших Атакамын цөл ч бас үзүүштэй газрын нэг. 160 шахам зүйлийн кактус ургадаг энэ цөлд 200 шахам төрлийн ан амьтан амьдардаг ажээ. Маминагийн халуун рашаан,цөлийн баянбүрд цогцолсон энэ нутагт 12-р зуунд сууриа тавьсан Сан-Педро-де-Атакама хэмээх эртний хот бас буй. Газарзүйн өвөрмөц тогтоцтой Чилийн нутагт  600 шахам галт уул бүртгэгдээд байгаагйн 47 нь одоо ч идэвхтэй галт уулд тооцогдоно. Өдгөө ажиллагаатай байгаа галт уулсаас хамгийн сүрлэг нь болох Уальятири (6064 м) галт уул Чилийн Лаукын дархан цаазат газарт оршино.

 

 

1825 оноос хойш дөрвөнтөө сэрсэн Уальятири хамгийн сүүлд 1985 онд  сэрж үнс нурмаа цацан багагүй үймээн дэгдээсэн түүхтэй. Майпо, Льюльяйльяко, Охос-дель-Саладо зэрэг галт уулсыг нэг дор үзэх аяллын сонирхолтой хөтөлбөр ч жуулчлалын компаниудад байдаг. Андын сүрлэг уулсын бэлд цас их унадаг болохоор Чили улс тэр дундаа Сантьяго хотын цанын баазууд жилийн ихэнх улиралд зочин хүлээн авдаг онцлогтой.

 

 

Санжаа Лхагвасүрэн