Ирээдүйн хүнс

 

НҮБ-аас 1948 онд баталсан, Хүний эрхийн тунхаг бичигт хүн бүр зохимжтой хүнс хэрэглэх эрхтэй гэж заасан байдаг. Гэсэн ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, манай гаригийн хүн амын 30 орчим хувь нь энэ эрхээ эдэлж чадахгүй, голоо зогоох гэж зүдэрч явна. Олныг хамарсан хүнсний хомсдол 2050 оноос эхэлнэ гэх таамаг бий. АНУ-ын Миннесотагийн их сургуулийн эрдэмтдийн таамагласнаар бол тэр үед дэлхийн хүн амын тоо 9.6 тэрбум болж, хүнсний хомсдол нүүрлэх аж. Тиймээс л эрдэмтэд одооноос ирээдүйн хоол хүнсээ бүтээх талаар ажиллаж байна

 

 ХҮНСНИЙ НААЛТ

Анагаах ухаанд арьсны, тухайлбал эмтэй наалтыг өргөн хэрэглэдэг. Ийм бүтээгдэхүүнийг өдгөө тамхинаас гарахад ашиглаж байна. 2000-аад оны дундуур эрдэмтэд АНУ-ын БХЯ-тай хамтран хүний биед шаардлагатай бичил элемент, аминдэмүүдийг өгөх хүнсний наалт бүтээж эхэлжээ. Биологийн идэвхт бодисууд арьсны нүхээр шимэгдэж, дараа нь цусаар дамжин биеэр тархана гэж зохион бүтээгчид тооцоолсон аж. Наалтад суулгасан чип хүний цатгалан байгаа, эсэхийг тооцож, шаардлага гарсан үед биед “нэмэлтийг” өгөх гэнэ. Хүнсний наалт юуны түрүүнд байлдааны ажиллагааны бүс дэх цэргийнхэн, сансрын нисэгч, уурхайчинд тохиромжтой. Анхны наалт 2025 оны үед бэлэн болно гэж зохион бүтээгчдийг удирдсан, доктор Патрик Данн үзэж буй.

 

ТЭЖЭЭЛЛЭГ БОХЬ

 

Роальд Далийн “Чарли ба шоколадны үйлдвэр” зохиолд ажилчин Вилли Вонка зажилдаг хоол үйлдвэрлэн гаргадаг. Түүнийг зажилсан хүн гурван төрлийн хоолноос бүрдсэн үдийн зоог барьсан мэт цатгалан болдог. Британийн Норвич хот дахь Хүнсний судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Дэйв Харт үлгэрийн энэ мөрөөдлийг амьдралд хэрэгжүүлэх ажилдаа 2010 онд оржээ. Шүлстэй нэгдэхээрээ хагардаг, ямар нэг хүнсний бүтээгдэхүүний амттай бичил капсулуудыг бохинд “суулгах” санааг Харт олсон аж. Нэгдүгээр хоолны амттай маш зөөлөн капсулууд эхлээд, хамгийн сүүлд нэлээд зажлуулах хатуу, десертийн амттай нь хагарах гэнэ. Амт холилдохоос хамгаалах технологийг ч тэрбээр бодож олжээ. Үүний тулд бохины давхарга бүрийг желатинаар бүрсэн байна.

 

НУНТАГ ХҮНС

1990-ээд оны үед өргөн хэрэглэдэг байсан, усанд уусгаж уудаг ундаанаас Америкийн программ зохион бүтээгч Роб Рейнхарт санаа авчээ. 2013 онд тэрбээр уламжлалт хоолыг бүрэн орлох нунтаг коктейль гарган авснаа танилцуулсан аж. Шаардлагатай аминдэм, аминхүчил, тос, нүүрс-ус болон уураг агуулсан бэлдмэлийг усанд уусгахад л бэлэн хоол болдог. Тэрбээр сарын турш зөвхөн энэ бэлдмэлээрээ хооллож туршсан гэдэг. Энэ хугацаанд Рейнхартын илүүдэл жин багасаж, эрүүл, эрч хүчтэй болжээ. Хамгийн гол нь хоол бодож, анхаарал нь сарнихаа байсан гэнэ. Түүнээс хойш зах зээлд ийм төрлийн бэлдмэл цөөнгүй гарчээ. Рейнхартын нэг уут бэлдмэл 2.5 долларын үнэтэй бөгөөд 5-6 цаг өлсгөхгүй аж.

 

ЯЛГАДАСНЫ УС

Ундны усны хомсдол ХХI зууны гол асуудлуудын нэг билээ. Манай гаригийн хамгийн баян хүн Билл Гейтс 2015 онд ялгадаснаас ундны ус гаргаж авах “Омни процессор” төсөлд хөрөнгө оруулжээ. 3.4 сая хүн амынх нь гуравны нэг нь усны сувагт холбогдоогүй Сенегалын Дакар хотод хэрэгжүүлсэн уг төслийн хүрээнд гаргаж авсан усыг тэрбумтан сэжиглэлгүй ууж байна.

 

УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ӨНДӨГ

“Билл болон Мелисса Гейтс” сан ялгадасны уснаас гадна ургамлын гаралтай өндөг гаргаж авах төсөлд хөрөнгө оруулжээ. “Hampton Creek Foods” компанийн биохимичдын санаачилсан төслийг тус сангаас гадна “PayPal” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Питер Тиль дэмжсэн байна. Вандуй зэрэг 12 төрлийн ургамал орсон “Beyond Eggs” өндөг 2013 онд АНУ-ын зах зээлд худалдаанд гарчээ. Ийм өндөг антибиотик, холестирин болон хорт бичил биетүүд агуулаагүй аж. Ирээдүйд амьтны гаралтай бүтээгдэхүүний үнэ эрс өснө гэж НҮБ таамаглаж байна.

 

ХУРУУ ШИЛНИЙ МАХ

“50 жилийн дараа бид тахианы цээж мах, эсвэл далавч идэхийн тулд дэгдээхэй тэжээх биш, тохирох орчинд энэ хэсгүүдийг гаргаж авдаг болно” гэж 1930-аад онд Уинстон Черчилль ярьж байжээ. Их Британийн Ерөнхий сайд агсан цаг хугацааны хувьд л алдсан аж. Үүдэл эсийн тусламжтайгаар 2013 онд лабораторид 140 гр үхрийн мах гаргаж авсан гэнэ. Маастрихтын их сургуулийн профессор Марк Пост тэргүүтэй багийн хуруу шилний мах гаргаж авах төсөлд “Google” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Сергей Брин 300 мянган долларын хөрөнгө оруулжээ. Уг бүтээгдэхүүнийг амталж үзсэн хүмүүс сэтгэл дундуур байсан тул үнийг нь бууруулж, махны чанарыг сайжруулахаар эрдэмтэд ажиллаж байна. 2015 онд нэг кг энэ бүтээгдэхүүний өөрийн өртөг нь 80 доллар болжээ. 5-10 жилийн дараа ийм мах худалдаанд гарна гэж Марк Пост үзэж байна.

 

ПРИНТЕРЭЭР ХЭВЛЭСЭН ХҮНС

Байшин, хиймэл эрхтэн, зэвсэг гээд 3D хэвлэх технологиор бүтээсэн зүйлсийн нэр, төрөл өргөжсөөр байна. Эрдэмтэд хоол хэвлэсэн гэхэд гайхах зүйл үгүй биз. “Systems and Materials Research Corpora­tion” компанийн америк инженер Аньян Контрэкторын бүтээл НАСА-гийнхны анхаарлыг татаж байна. Тусгай картрижууд (жирийн принтерээр бол хорны сав) дахь нэлээд хэдэн орцноос хоол бүтнэ. 30-аас цөөнгүй хоног хадгалах боломжтой энэ бүтээгдэхүүн түргэн мууддаг хүнсний асуудлыг шийдэх гэнэ. Үүнээс гадна Нью-Йоркийн “Modern Meadow” компани үхрийн махан стейк “хэвлэх” 10 сая долларын хөрөнгө оруулалт авчээ.

 

АМЬСГАЛДАГ ХООЛ

Зажилж, залгихын оронд амьсгаа авах төдийгөөр хооллох хүнсийг АНУ-ын Харвардын их сургуулийн био анагаах ухааны инженер, профессор Дэвид Эдвардс санал болгож байна. 2011 онд түүний бүтээсэн “Le Whaf” төхөөрөмж идэж болдог уур ялгаруулдаг гэнэ. Улаан лоолийн шөл эсвэл шоколадтай бялууны амт бүхий тусгай шингэн шилэн саванд агуулагдах бөгөөд хэт ягаан туяаны нөлөөгөөр уур болж гарах аж. Архи ч ийм байж болох гэнэ. Ийм уураар амьсгал, амтыг нь амандаа мэдрэх шилэн хоолойг ч Эдвардс бодож олжээ. Янз бүрийн амтны орцыг гаргаж авахад нь Францын ахлах тогооч Тьерри Маркс тусалсан байна. Тэрбээр азотоор бэлтгэсэн шингэн бялуу зэргийг үйлчлүүлэгчдээ санал болгосон алдартан юм.

 

 unuudur.mn