Уран барилгын долоон “далд” гайхамшиг

Заавал үзэх учиртай түүхэн дурсгалт газар, эрт цагийн уран барилгын гайхамшиг гэхээр олон хүний санаанд хамгийн түрүүнд Таж Махал, Хятадын их цагаан хэрэм, эсвэл Колизей буудаг.  Гэтэл хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чамин тансаг, хамгийн сонин, үзүүштэй байгууламжуудын дийлэнхийг олон нийт тэр бүр мэддэггүй, заримыг нь бүр дуулаа ч үгүй байдаг гэнэ. Тийм газруудыг нээж, аялагчдад санал болгохоор Quora.com сайтынхан уншигчдынхаа дунд хагас жилийн турш санал асуулга явуулж, дараах долоон байгууламжийг уран барилгын “нуугдмал” гайхамшгууд хэмээн нэрлэжээ.

 

Дженнегийн сүм



1907 онд баригдсан, исламын шашны уг сүм дан шавраар барьсан, дэлхийн хамгийн том байгууламж юм. Судан, сахели хэв маягийн уран барилгын гайхамшиг, жинхэнэ африк бүтээл гэгддэг, Малигийн төв хэсэгт орших энэ байгууламжийг 1988 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэсэн байна.

Дженнегийн сүмийг нутгийнхан жил бүрийн дөрөв, тавдугаар сард засаж сайжруулдаг, гадна хэсгийг нь нэмж шавраар өнгөлдөг. Энэ нь хэдэн жилийн өмнөөс хаврын баяр нэртэй арга хэмжээ болсон бөгөөд нэг отог овгийнхныг хийгээд амраг садангуудыг уулзуулдаг гол баяр болжээ. Хойд Африкийн хурц наранд шавар байгууламж хатаж, сууринд нь ан цав үүсдэг тул ийнхүү борооны улирлаас өмнө амжиж торддог байна.

“Vogue” сэтгүүлийнхэн 1996 онд Малигийн албаныхны зөвшөөрөлтэйгөөр сүм дотор зураг авчээ. Гэтэл сэтгүүлд хэвлэгдсэн зургууд голдуу хагас нүцгэн хүүхнүүдийн зураг байсанд нутгийнхан дургүйцэж, түүнээс хойш өөр шашинтай болон нутгийн ёсыг үл хүндэтгэсэн харийнхныг сүмд оруулахыг хориглосон байна.

 



Румыний парламентын ордон

 

Бухарест хотын төвд байх энэ ордон бол дэлхий дээрх иргэний засаг захиргааны барилгуудаас хамгийн том, хамгийн өндөр өртгөөр боссон, хамгийн олон өрөөтэй нь юм. Өөрөөр хэлбэл, хаадын өргөөг эс тооцвол энэ барилга дэлхийн хамгийн том ордон гэсэн үг. Румыний коммунист дарангуйлагч, хожим эхнэрийнхээ хамт хувьсгалчдын гарт алагдсан Николае Чаушеску эрх сүрийнхээ оргилд байхдаа буюу 1984 онд уг ордныг бариулж эхэлжээ. 340 мянган ам метр талбай эзлэн орших 12 давхар (дороо найман давхар нуувчтай), 3100 гаруй өрөөтэй энэ нүсэр том байгууламжийг 1997 онд ашиглалтад оруулахад нийт өртөг нь бараг 3.3 тэрбум еврод хүрсэн гэдэг. Ордныг барих гэж Бухарест хотын тавны нэг хэсгийг газартай тэгшилж, түүхэн дурсгалт олон арван барилга, түүний дотор 30-аад сүм хийдийг нураан, 30 мянга гаруй өрхийг нүүлгэн шилжүүлжээ.

Өдгөө энэ барилгад Румыний парламентын дээд, доод танхим байрлаж, нэлээд хэсгийг нь үзвэр, үйлчилгээнд ашигладаг ч 70-аад хувь нь хоосон хэвээр байна.

 



Стари Мост


Стари Мост нь Хуучин гүүр гэсэн утгатай. Османы эзэнт гүрний үеийн турк уран барилгач Мимар Хажрудины 1566 онд барьсан энэхүү нуман гүүр Босни ба Герцеговина улсын Мостар хотод оршдог. 427 жилийн турш уг хотын зүрх нь байсан Стари Мостыг Балканы дайны үеэр Боснийн серб, хорватууд сүйтгэжээ. Гүүрийг сэргээн засварлах ажил 10 жил үргэлжилж, 2004 оны долдугаар сард “шинэ” Хуучин гүүр ашиглалтад орсон байна.

Гүүрийг бат бөх байлгахын тулд зарим хэсгийг нь өмнөхөөс нь өөр болгон шинэчилсэн ч Мостар хотынхны хувьд Стари Мост огт өөрчлөгдөөгүй. Тэдний хувьд Хуучин гүүр эрхэм, ариун газар бөгөөд Неретва мөрний хүйтэн ус руу шумбах, эр зоригоо харуулах хамгийн тохиромжтой газар хэвээр байна. Энд жил бүрийн долдугаар сарын сүүлчээр нутгийн шилдэг шумбагчдын тэмцээн болдог.

 



Дераварын цайз


Нүд алдам элсэн цөлийн дунд гэнэт “ургаж” өндийсөн гэмээр Дераварын цайз нь 40 хэсэг бэхлэлт бүхий хамгаалалтын хэрэм юм. 1500 метр урт сунаж байрлах цайзын хана 30 метр өндөр. Пакистаны Бахавалпур хотын ойролцоо, Чолистаны цөлд орших уг цайзыг XVI зууны эхээр нутгийн бати угсааны язгууртнууд буюу ражпутуудын зарлигаар барьж байгуулжээ.

Цайзыг пакистанчууд өөрсдөө ч сайн мэддэггүй бөгөөд энд хөл тавьсан хүн цөөхөн байдаг аж. Учир нь Дераварт очъё гэвэл Бахавалпураас цөлийн гүн рүү бүтэн өдөр давхих жолооч хөлслөх хэрэгтэй. Тийм жолооч, унаа тэрэг олох хэцүү, оллоо гэхэд цайз тийш очих, дотогш нэвтрэх тусгай эрхийг нутгийн удирдагч амираас авах амаргүй байдаг байна.

 



Чаанд Баори


Уран барилгын асар баялаг өвтэй Энэтхэг орны хаа ч саатсан үзэж харах зүйл бишгүй. Гэхдээ Ражастан мужийн нутагт байх Чаанд Баорид зөвхөн саатах биш, 13 давхар байшин дээр гарахтай дүйх урт зам туулан байж гүнд нь нэвтрэхийг аялагчид зөвлөж байна. Энэ бол нэг төрлийн худаг юм. Баори нь шаттай худаг гэсэн үг бөгөөд 30 метр гүнд хүрэх шатаар нь доош буухад маргадын өнгөт усан сан угтана. 3500 гаруй гишгүүртэй Чаанд Баори нь дэлхийн хамгийн гүн, хамгийн эртний, хамгийн том шаттай худаг юм.

МЭ 800-900 онд Никумба гүрний Чанда хааны зарлигаар барьсан уг байгууламж гүнийн цэнгэг усыг татахаас гадна цөлөрхөг, хуурай Ражастаны нутагт ундны усыг хүйтэн сэрүүн байлгах зорилготой аж.

 



Шейх Лотфоллагийн сүм



Уг барилгыг Ираны уран барилгын оргил гэж үзэх хүмүүс бий. Тус улсын Исафахан хотын Нагш-и Жаханы талбайн хойморт орших энэхүү сүмийг 1603-1619 оны хооронд буюу I Шах Аббасын хаанчлалын үед барьж, хаантны хадам эцгийн нэрээр нэрлэжээ.

Шейх Лотфоллагийн сүм өндөр цамхаг, олон багана, үүдний талбайгүй гэдгээрээ Ираны томоохон сүм хийдүүдээс ялгардаг. Сүмийг анхнаасаа олон нийтэд зориулаагүй, шахын өргөөн дэх охид, эмэгтэйчүүдэд зориулсан тул зориуд ингэж барьсан гэж таамагладаг. Мөргөлийн төв танхим нь газар доорх олон арван хонгилтой холбогдох бөгөөд бөмбөгөр орой нь өнгө өнгийн уран нарийн, гоёмсог хээ угалзтай. Чухамдаа энэхүү өвөрмөц, тансаг адар нь уг сүмийг Ираны хамгийн үзэсгэлэнтэй сайхан, үзүүштэй газрын нэг болгосон байна.


 


Энэтхэгийн их хэрэм
 

Зөвхөн Хятадад л хүний гараар бүтсэн эртний том хэрэм байдаг гэвэл эндүүрэл. Кумбалгар буюу Энэтхэгийн их хэрэм нь уртаараа Цагаан хэрэмний дараа орох, дэлхийн хоёр дахь том хэрэм юм. 36 км урт, бэхлэлтийн долоон хаалгатай, 4.5 метр зузаан ханатай, Ражастаны нутагт орших уг хэрмийг нутгийн бага хаан Рана Кумба зэргэлдээх дайнч аймгуудаас ордноо хамгаалах гэж 1443 онд бариулжээ.

Нутгийн ардын санаачилгаар их хэрмийг XIX зууны эхээр сэргээн засварлаж, дутуу орхисон хэсгийг нь гүйцээж барьсан байна. Өдгөө Кумбалгар бүрэн бүтэн сүндэрлэж буй бөгөөд энгэртээ 360 гаруй сүм хийдийг хамгаалан байдаг, ариун номын газар гэгдэх болжээ. Хүрэхэд хэцүү тэдгээр сүм уул толгодын дунд, өтгөн ой хөвч дотор халхлагдан байдаг шиг Энэтхэгийн их хэрэм дэлхий нийтийн хувьд нуугдмал газар хэвээр байна.

 

 aniryortonts.blogspot.com