Эртний Скандинавийн домгууд

 

Англиараа бол "Old Norse Legends". Гэхдээ Монгол руу буулгахаар "Эртний Норвегийн домог" болчихоод байгаа юм. Англиар Old Norse - гэдэг үг нь одоогийн Швед, Норвег, Дани улсуудыг хамтад нь хэлээд байдаг, орчуулахаар ганцхан Норвег гэдэг улсын л домгуудын тухай юм шиг болчихоор нь "Эртний Скандинавын домгууд" гэж нэрлэлээ. Скандинав гэхээр яг тэр хэсгийн орнууд толгойд бууж байгаа болохоор. Дээр үед энэ улсууд нэг шашинтай, бас л нэгдэж нийлж салж бутарж, хоорондоо дайтаж явжээ. Бид тэднийг Викингүүд гэдгээр нь бас сайн мэднэ. Тэгэхээр энэ удаа Викингүүдийн шашин шүтлэгийн талаар уншсанаа бичнэ. Викинг гэхээр л сүх барьсан, эвэртэй дуулга өмссөн дайчин эрс санаанд буугаад байдаг. Тэдний ийм дайчин, дээрэмчин байдаг нь шүтдэг шашнаас болжээ. Тухайн үед Викингчүүд шүтдэг байсан шашин нь бидний үед үлгэр домог болон үлджээ.

 

 

Скандинавын домгуудыг сонирхох болсон шалтгаан нь Марвелийн комиксийн баатар аянга цахилгааны бурхан "Тор" (Thor) юм. Лантуу барьсан, далавчтай дуулга өмссөн баатар. Марвелийн комикс дээр гардаг үйл явдал болон Скандинавын домгууд хоорондоо бараг зөрдөггүй гэдгийг мэдээд Скандинавын домгуудыг сонирхож уншиж эхэллээ. Яг уншаад үзэхээр ойлгомжгүй зүйл их юм. Эртний Грекийн бурхадууд нь нэг нэг зүйлээр мэргэшиж тэр мэргэшилдээ л үнэнч байдаг тал ажиглагддаг бол Скандинав бурхдын хувьд бол тийм биш юм. Бүх зүйлээр мэргэшчихсэн, хөрвөх чадвартай бурхадуудтай бололтой. Скандинавын үлгэр домог ертөнц анх хэрхэн үүссэнээс эхлээд бүх байгалийн элдэв үзэгдлүүдийг бүгдийг нь тайлбарлах ажээ. Ингээд Скандинавын домгийн талаар сонирхъё.

 

Хамгийн эхэнд Гинунгагап (Ginnungagap) байжээ. Энэ бол эцэс төгсгөлгүй, мөнхөд үргэлжлэх оргүй хоосон юм. Мянга мянган хорвоо ертөнц багтах энэ оргүй хоосон орон зайд хамгийн анхлан хоёр эрс ондоо гариг үүсжээ. Галаар шатах халуун гариг Маспелхэйм, харин мөнхөд мөсөөр шуурах хүйтэн гариг Нифлхэйм үүсжээ. Маспелхеймээс дүрэлзсэн гал Нифлхэймээс шуурсан мөс хоёр хоорондоо шүргэлцэх тэр мөчид анхны бурхан, аварга биетэн Юмир үүсжээ. Харин хожим төрсөн ах дүү бурхан Один, Вили, Ве гурав Юмирийг хороож гариг ертөнцийг түүний үхсэн биеэр бүтээжээ. Бурхадын хоёр гол овог байх бөгөөд Аесир ба Ванир гэнэ. Аесирийн хаан нь Один бөгөөд Асгардад хаанчлан суух бөлгөө. Один бол бурхадын дотроос хамгийн ухаантай мэргэн нь бөгөөд, хорвоо ертөнцийн нууцад нэвтрэх, мэргэн ухааны төлөө өөрийнхөө бүх үйл хэргийг зориулсан нэгэн байлаа. Түүний гаргасан шийдвэр нь эцсийнх бөгөөд хамгийн мэргэн байдаг аж. Тэр эртний бичээсийг тайлж уншихын тулд өөрийнхөө нэг нүдийг золиосолсон гэдэг бөгөөд түүнээс хойш тэрээр долир болжээ. Хорвоо ертөнцийн нууцыг мэдсэнээр Один эртнээс зөгнөсөн Рагнарокийн тухай олж мэджээ. Рагнарок гэдэг нь мөсөн аварга биет, тролл, хорон санаат шулмууд нэгдэн Асгардын эсрэг тулалдах өдөр бөгөөд энэ өдөр бурхадууд эгэл хүмүүсийн адил үхэж үрэгдэх ажээ. Рагнарок болох эхний шинж тэмдэг нь Одины хайртай хүү Балдр үхсэнээр эхлэх бөгөөд бурхад зөвлөлдөөд Балдрыг ертөнцийн нэг ч зүйл гэмтээж чадахгүйгээр шившлэг хийж өгдөг ажээ.

 

 

Один Мидгардад анхны хүмүүсийг бүтээжээ. Тэдний дундаас хамгийн шилдэг зоригтой дайчдийг нь Один сонгон авч Рагнарок болох өдөр бусад бурхадтай цуг аймшигт амьтадтай тулалдах зорилготой. Берсерк - викингчүүд дотроос дайн тулаанд байлдахад л амь бие зориулсан дайчдыг хэлдэг аж. Тэдний туйлын зорилго нь дайн байлдаанд амь хайргүй тулалдаж хэзээ нэгэн цагт өөрөө бас тийм ширүүн тулалдаанд амь үрэгдэх бөгөөд үхсэнийхээ дараа Валкири ирж өөрийг нь Валлхаллад хүргэж өгнө гэдэгт итгэнэ. Валлхалла гэдэг нь викингчүүдийн диваажин бөгөөд зоригтой, чадварлаг дайчид үхсэнийхээ дараа очдог газар юм. Валлхаллад цугласан дайчид өдөржин тулалдаж, шөнөжин найрлах бөгөөд өдрийн тулааны ор мөрийг шидэт идээ умдаагаар эдгээдэг гэнэм. Энэхүү эргэх холбоо мөнхөд үргэлжлэх бөгөөд хэзээ нэгэн цагт болох Рагнарок болох үед энэхүү шилдэг дайчид нь Одинтой цуг аварга биет мангас, шулмуудын эсрэг тулалдахаар ийнхүү биеэ бэлдэх ажээ.

 

Одины олон хүүхдийн дундаас эр чадлаараа тэргүүлэгч нь Тор юм. Улаан сахалтай Тор бурханд гайхамшигт алх Миолнир байх бөгөөд энэ алхаа шидэхэд үргэлж байндаа ононо. Байгаа оночихоод буцаад Торын гарт ирэх ид шидтэй. Энэхүү шидэт алхаараа Тор бурхан аянга цахилгааныг дуудаж хүссэн газартаа аянга буулгаж чадах ажээ. Тор бол Асгард, Мидгардыг хамгаалагч бурхан юм. Один Рагнарок болоход хэрэг болж магадгүй гэж Локийг хуурай дүүгээ болгож, түүний суу залийг үнэлж Асгардад авчиржээ. Гэвч түүний энэ шийдвэр нь мэргэн байсангүй ээ. Локи Ангрбода гэдэг аварга биеттэй нөхцөж гурван хүүхэдтэй болсон нь Асгардыг сүйрүүлэх шахжээ. Эхний хүүхэд нь Фенриер хэмээх аварга чоно байлаа. Фенриер Рагнарок болох өдөр нарыг залгих тавилантай билээ. Фенриер өсөж том болох тусам улам аймшигтай болсоор байсан тул бурхадууд арга сэдэж түүнийг гинжлэхээр шийджээ. Харин ямар ч гинжээр гинжилсэн ганцхан сэгсрээд л гинжийг эвдэлсээр байлаа. Один хорвоогийн хамгийн мундаг дархчуул болох одойчуудаас тусламж хүсжээ. Одойчууд ч Одины итгэлийг алдсангүй торго шиг нимгэн мяндсан утас сүлжиж өгжээ. Зальт Локигийн цус судсаар нь гүйж байгаа учраас Фенриер энэ удаа гинжлүүлэхээс татгалзжээ. Бурхадууд түүнд энэ уяаны бат бэхийг үзчихээд буцаагаад тавина гэж амлаж байлаа. Фенриер тэгэхээр "Хэрвээ тэгмээр байвал би хэн нэгнийх нь гарыг барьцаа болгож зууна. Амласандаа хүрэхгүй бол нэг чинь гаргүй хоцорно биз" гэж хэлжээ. Бүгд дуугүй болоход дайны бурхан Тир л өөрийнхөө баруун гарыг аймшигт чоны аманд хийхийг зөвшөөржээ. Шидэт олсоор Фенриерийг уясаны дараа чоно уяагаа тайлахыг шаарджээ. Хүсэлтийг нь биелүүлэхгүй мэдээд Фенриер дайны бурхны гарыг тасчин хаялаа.

 

 

Хоёр дахь хүүхэд нь аймшигт аварга могой Жормунганда байлаа. Торын өстөн дайсан энэ могой нэг хэсэг Асгардыг бүхэлд нь ороосон урттай болжээ. Цаашид ч илүү уртсаж хорвоог бүрхэхээс нь сэргийлж Один сүүлийг нь ам руу чихээд далай руу шиджээ. Тэнд Жормунганда эвхрэн хуйларж, далай тэнгисд аймшигт эрчилсэн давалгаа үүсгэх болжээ. Локи Ангрбода хоёроос төрсөн гурав дах хүүхдийг ямар аймшигтай амьтан болохыг нь таах аргагүй байсан тул Один төрөнгүүт нь там руу чулууджээ. Зальт аав, аймшигт аварга биетний охин тамд өсөн торнихдоо тэндхийн хатан хаан нь болсон бөгөөд тамын нэрээр Хэлла гэдэг нэртэй болжээ.

 

 

Аянгын бурхан Тор амар амгалан Асгардад суухаас залхаад есөн ертөнцөөр аялан тэнүүчилж адал явдал хайх ажээ. Харин Локи үргэлж Торд атаархах бөгөөд өшөөгөө авч чадахгүйдээ улам ч жихүүцнэ. Тийм учраас Торын дүү Балдерд хорсолоо тайлахаар шийджээ. Балдерийн үхэл Рагнарокийн эхлэл болох учир бурхадууд түүнийг юу ч хорлож чадахгүйгээр шившлэг хийж өгжээ. Түүн лүү шидсэн юм бүхэн бүүр Торын алх хүртэл эргээд ойх учир Балдерд ямар ч аюул заналхийлдэггүй байлаа. Бурхадууд сүүлдээ Балдер луу янз бүрийн зүйл шиддэг тэмцээн уралдаан маягийн зугаа дэлгэржээ. Харин Локи энэ бүхнийг буруугаар эргүүлэхээ арга зам хайж байлаа. Тэгээд нэг өдөр омела цэцэг хор хүргэж чадахийг мэдээд тэр ургамлыг ашиглаж сум бэлджээ. Тэгээд Балдерийн ах сохор Ходорд очиж "Бүгд Балдер луу ямар нэг зүйл шидэж юунд ч үхэшгүйг нь шалгаж байхад чи яагаад ямар нэг зүйл шидэхгүй байгаа юм бэ? Чи дүүгээ тийм биш гэж бодоод байгаа юм уу?" гэж асуужээ. Тэгээд Ходорын нуманд бэлдсэн сумаа хийгээд Балдер луу чиглүүлж өгжээ. Тэгээд сумыг тавьжээ. Балдер үхэтхийн унахад бүгд тэрнийг тоглож байна гэж боджээ. Гэтэл Балдер мөнхөд Хеллагийн эзэмшил там руу явсан байлаа. Один үхсэн хүүгийнхээ араас гашуудаж Хелла руу элч явуулж, хүүгийнх нь сүнсийг буцааж өгөхийг шаарджээ. Харин Хелла "Энэ ертөнцийн амьтай бүхэн Балдерийн төлөө ташуурдуулвал би сүнсийг нь суллана" гэжээ. Бүгд ташуурдуулсан боловч Локи л ганцаараа эсэргүүцжээ. Локигийн аймшигт хорон санааг жигшсэн Один түүнийг үхлээр бус мөнхөд тарчлан зовоохоор яллажээ.

 

 

Рагнарок болж аймшигт дайн эхэллээ. Фенриер уяанаасаа суллагдаж нарыг залгиж, Жормунганд сүүлээ амнаасаа авч аймшигт хороо тэнгэрээр нэг цацна. Мөсөн аварга биетэн, чөтгөр шулмын армийг аймшигт ялаас мултарж чадсан Локи толгойлж Асгард луу довтолж байлаа. Тулааны төвд өөрийн үнэнч Берсерк, Валкири, Эйнхэйяг удирдсан Один аймшигт аварга чоно Фенриерийн эсрэг тулалдана. Энэ дайнд Фенриер нарыг залгиж Одиныг ална. Эцгийгээ алдсан Тор өөрийн гайхамшигт Миолнир алхаараа аварга биетнүүдийг ээлж дараалан хядна. Миолнир цахилахад бамбай хагарж, сэлэмнүүд хэдэн хэсэг болж аварга яснууд хугарна. Эцсийн эцэст тэрээр өөрийн гол өстөн дайсан Жормунгандтай тулалдана. Энэ тулаанд Тор ялах боловч аймшиг могойн цацсан үхлийн хоронд өртөнө. Зальт Локи хувь тавилангаа хуурж чадалгүй гярхай Хэймдалын гарт үрэгдэнэ. Аймшигт дайн дуусахад галаар бүтсэн аварга биетэн Суртур л үлдэх бөгөөд хорвоо ертөнцийг тэр чигт нь галдан шатаана. Хорвоо ертөнцөөс зөвхөн үнс нурам л үлдэж хоцорно. Энэ бол ертөнцийн төгсгөл болой.

 

 

Өнөө үед Скандинавын үлгэр домгоос үлдсэн зүйл их. Миний унших дуртай "Бөгжний эзэн" зохиол бол тэр чигтээ Скандинавын домгийн ертөнц дээр үндэслэсэн. "Бөгжний эзэн" бол орчин цагийн уран зөгнөлийн нэг гайхамшигт оргил билээ. Скандинавын үлгэр домгууд гайхалтай сонирхолтой болохоор түүн дээр соёолсон ном зохиол гайхамшигтай байх нь аргагүй ээ. Есөн ертөнцөд адал явдал хайх Торын аялал бол тэр чигээрээ Марвелийн комикийн зохиол. Одоо үед ч хүүхдүүдийн сонирхолыг татсаар. Зохиолоор нь хийсэн кино нь ашиг орлогоороо тэргүүлсээр.

 

 

Эртний Ромчуудаас санаа авсан Германы овог аймгууд долоо хоногийн гаригуудыг бурхдынхаа нэрээр нэрлэсэн өдгөө хүртэл хэрэглэгдсээр л байна. Жишээ нь Англичууд, Хоёр дах (Tyr-s day), Гурав дах (Woden-s day), Дөрөв дэх (Thor-s day), Тав дах (Friia-s day) өдрүүдийг Скандинав бурхдын нэрээр нэрлэдэг. Скандинав гэдэг үг ч цасны бурхан Скадигийн нэрээр нэрлэгдсэн байдаг юм байна.

Ертөнцийн үүслийн тухай, ертөнцийн сүйрэл болоод буцаад шинэ ертөнц үүсэж байгаа тухай домгийн хэсэг нь анхаарал татлаа. Шинжлэх ухааны онолоор бол ертөнц үүссэн их тэсрэлтээс өмнө хичнээн удаа их тэсрэлт болж буцаад агшиж байсныг тогтоох аргагүй гэж бичсэн байсан. Оргүй хоосноос ертөнц үүсэж байгаа, Рагнарок болж ертөнц сүйрж байгаа магадгүй, Рагнарокийн дараа цоо шинэ ертөнц цогцлон бүтэх үйл явц нь шинжлэх ухааны тайлбартай давхцаж байгаа нь гайхалтай.

Викингчүүдийн тухай орчин үеийн төсөөлөл ямар байдаг билээ. Гарамгай дайчид. Үхлээс ч айхгүй тулалдах цэрэг эрс. Юуны төлөө, яах гэж? Хариулт нь одоо тодорхой болох шив. Тулаанд гарамгай, эр зоригтой байлдах юм бол үхсэнийхээ дараа Валлхаллад очно. Ийм шашнаар хүмүүжиж байсан хүмүүс байлдаад байхгүй яахав дээ.

 

http://chinbaatar.blogspot.com/