Афины АКРОПОЛЬ цайз

 

Эртний ертөнцөд хотоо өндөр хадан хясаан дээр байгуулж элдэв дайсан халдан довтлоход хоргодон нуугдах цайз байгуулдаг байжээ. Тийм цайзыг акрополь гэж нэрлэнэ. Афин хотоос 150 метр өндөрт орших хадан хясаан дээр цайз маягийн бас нэг хот баригджээ.

Манай эриний өмнөх ХҮ зууны орчим Акрополь баригдсан тухай домог бий. Түүний баруун-хойд хэрэмнээс холгүйхэн хааны өргөө, түүнийг нураасны дараа буурин дээр нь Афин хотыг ивээн тэтгэгч эм бурханд зориулсан Гекатомпедон сүм босгохоор болжээ. Грекчүүд тэр эм бурхныг дээдлэн бишрэн шүтдэг байсан тул уг сүмийг барихад оролцсон бүх боолыг чөлөөт иргэн болгож байжээ.

 

Манай эриний өмнөх 480-479 онуудад болсон грек-персийн дайны үед Персийн Ксеркс хааны зарлигаар Гекатомпедон сүмийг нураажээ. Өнөө үед дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчид уг сүмийн сэртийсэн хана, багануудыг харж баясдаг. Сүмийн балгасын дэргэд, хааны өргөө байсан тэр газар Аттикийн анхдугаар хаан нэгдүгээр Кекропийн бунхан бий. Тийм ч учраас Акрополийг Кекропийн хад гэж удтал нэрлэдэг байжээ.

 

Акрополь цайзын нутаг дэвсгэр нь янз бүрийн бурхдад зориулсан сүмүүд, тахилууд байрладаг ариун хэсгүүдэд хуваагддаг ажээ. Кекроп хааны бунхны хажуу дахь ариун хэсэгт

 

Афин хотын бүтээгч Эргана эм бурхны баримал сүндэрлэж байв. Түүхч Павсаний нотолж байгаагаар уг модон баримал тэнгэрээс бууж иржээ.

 

Довын бэлээс өргөн, муруй замаар өгсөж явсаар цайз руу орох цорын ганц хаалга руу хүрнэ. Дорнын дэгээр урласан баганууд, өргөн шаттай хийсэн том гулдан хаалга Пропилөй гэж нэрлэгдэнэ. Уран барилгач Мнесиклийн манай эриний өмнөх 437-432 онуудад урласан гантиган сүрлэг хаалгаар орохдоо хүн бүр өөрийн эрхгүй баруун тийш эргэн харна. Тэнд өндөр тавцан дээр грек-персийн дайны сэдвээр сийлсэн 50 сантиметр орчим товгор дүрсээр чимэглэсэн ялалтын эм бурхан Ника Аптеросын жижигхэн гоё сүм байна. Бяцхан гантигантоглоом шигтахилын сүмийгуран барилгач Калликрат манай эриний өмнөх Ү зууны хоёрдугаарт хагаст бүтээжээ. Сүмийн дотор Ника эм бурхны алдтадмал модон баримал байх бөгөөд сайхан Афинаг орхин одохгүйг билэгдэн хотын оршин суугчдын хүсэлтээр түүнийг далавчгүй урлажээ.

 

 

Афинчууд Пропилей гулдан хаалгаар орж төв талбай руу очиход дайны эм бурхан Промахосын 9 метр өндөр хүрэл баримал угтана. Уг баримлыг Марафоны дэргэд болсон тулалдаанд персүүдээс булаан авсан олзны буугаар цутгажээ. Нэрт уран барилгач Фидий уг баримлыг урлаж эм бурхны шар ногоон баримал байсан тэр газар босгожээ.

 

Чулуун тавцаны нүүрэн талд нь “Персийг дийлсэн ялалтдаа афинчууд бид зориулав.” гэсэн бичээс сийлжээ. Өндөр тавцан, эм бурхны гартаа барьсан жадны алтадмал зэв алсаас тэнгисийн зүгээс харагдаж далайчдад өвөрмөц гэрэлт цамхаг болжээ.

 

Акрополь цайз дотор Эрехтейон нэртэй сүмүудийн цогцолбор бий. Уг цогцолборын хойд багануудын хажуугаар гарч Кекроп хааны охины нэрээр нэрлэсэн Аглаврос агуй руу очно. Агуйн хаалгаар гарахад Афина эм бурхан хаданд илдээрээ хүрэхэд ургасан гэдэг домогтой Акрополь цайз доторхи цорын ганц чидун жимсний мод байдаг жижиг хашаа руу орно.

 

 

Эрехтейоны өмнө талд алдарт гулдан хаалганы захад гантигаар сэтлэн урласан зургаан змэгтэйн баримлаар дээврийг дороос нь тулжээ. Гулдан хаалганы дүрсүүд нь үнэндээ бол тулгуурыг орлосон багана юм. Цагтаа Афин хотыг эзлэсэн түргүүд лалын шашны ёсоор хүн дүрслэхийг хориглодог журмаа умартан зургаан эмэгтэйн баримлыг нурааж зүрхэлсэнгүй ч тэдний нүүр царайг л хага цавчиж хаяжээ.

 

Хоёрдугаар мянганы эхээр Ромын эзэнт гүрэн бутарч Грек улс Византийн бүрэлдэхүүнд орох үед Эрехтейоныг христос шашны сүм болгон хувиргажээ. Хожим загалмайтнууд Афин хотыг эзлэхдээ уг сүмийг вангийн өргөө, 1458 онд түргүүд эзлээд цайзын комендантын олон эхнэрийн байр болгожээ. 1821-1827 онуудын чөлөөлөх хааны үед грекчүүд, түргүүд Акрополь цайзыг ээлжлэн эзлэн түйвээж байв.

 

Акрополь цайзын хамгийн том барилга байгууламж нь Афина эм бурхны Парфенон сүм юм. Уг сүмийгталбайны голд биш, хажуулдуулан барьсан болохоор түүний өмнөд болон хажуу нүүрэн талууд нь нэгэн зэрэг харагдана.

 

 

Пафенон сүмийг манай эриний өмнөх 447-423 онуудад уран барималч Иктин, Калликрат нар пентелийн гантигаар урлажээ. Сүмийн доторх дөрвөн талын гоолиг, дээшлэх тусмаа нарийсах цав цагаан багануудын завсраар гэрэл тусаж сүмийг илүү өндөр, илүү хөнгөхөн юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Парфенон сүмийн уран барилгын чимэглэлийн ажилд грекийн хамгийн шилдэг уран гартнууд оролцсон бөгөөд сүм барих ажлын уран сайхны зоригжуулагч, зохион байгуулагч нь бүх цаг үеийн суут уран барималч Фидий байв. Бүх зохиомж, чимэглэлийг Афина эм бурхан, Афин хотыг магтан дуулахад чиглүүлжээ. Зүүн нүүрэн талд Зевс бурхны хайртай охин мэндэлж байгааг, баруун нүүрэн талд Аттикийг ноёрхохын төлөө Афина эм бурхны Посейдонтой хийсэн тэмцэлдээний сэдвийг гаргажээ. Домогт дурдсанаар тэрхүү тэмцэлдээнд Афина дийлж тус улсын иргэдэд чидун жимсний мод бэлэглэжээ.

Парфенон сүмийн нүүрэн талд аянга баригч Зевс, тэнгисийн хүчирхэг эзэн Посейдон, ухаантай дайчин эм Афина, далавчит Ника эм бурхан гээд грекийн бүх бурхад бий. Уран сайхны чимэглэлийг Их Панафинейн баярын үеийн жагсаалаар дуусгажээ. Сонгодог урлагийн өндөрлөгүүдийн нэг гэж зүй ёсоор тооцогддог энэхүү чимэглэлд охид залуучууд, явган, морь унасан хүмүүс, амьтад гээд таван зуу орчим дүрсийг гайхам сайхан гаргажээ.

 

 

Сүмийн байшингийн дөрвөн нүүрэн талыг тойруулан гантиган тууз татжээ. Уг туузанд баярын жагсаал сийлсэн ба гантиган тууз дээр сийлсэн хүмүүс хоёр эгнээгээрээ хөвөрсөөр байшингийн зүүн нүүрэн талд ирж нийлжээ.

 

 

Афина эм бурхан мэндэлсэн өдөрт зориулсан бүх нийтийн баярыг Афин хотод таван жилд нэг удаа зуны дунд сард хийнэ. Уг баяр ёслолд Афин хот-улсын иргэд төдийгүй олон тооны зочид оролцдог байв. Баярын хөтөлбөрт ёслол төгөлдөр нээлт, 100 толгой малаар тахил өргөх, нийтийн цайллага, спортын тэмцээн, хурдан морины уралдаан, дуу хөгжмийн наадам гэсэн олон арга хэмжээ багтана. Ялагчийг тос дүүргэсэн панафинейн цом, Акропольд ургадаг чидун жимсний модны навчисны хэлхээгээр шагнана.

 

 

Баярын хамгийн гол арга хэмжээ нь Акрополь руу хийдэг жагсаал байжээ. Морьтонгууд, түшмэд, хуягдуулгатай цэргүүд, залуу тамирчид, урт цагаан хувцастай лам нар, язгууртнууд мурилзан тахиралдсан явган замаар өндөр давааг өгсөн алхана. Хөгжимчид баярын ая тоглож эм бурхан Афинаг магтан дуулна. Тэрчилэн тахил өргөх сүрэг малыг тууна. Эрэгтэй, эмэгтэй залуучууд цагаан дарвуулт ариун усан хөлөгний загварыг чирэн явна. Хотын язгууртан эмэгтэйчүүд эм бурхан Афинад зориулан бүтэн жилийн турш оёж шагласан шар-ягаан өнгийн хувцсыг хүндэтгэлтэй барьж явна. Гучаад бүсгүйчүүд тахилын ёслолд хэрэглэх ариун сав суулгыг толгой дээрээ барин урагшилна.

 

 

Жагсагчид Парфенон сүмд дөхөн ирмэгц түүнийг нэг удаа тойрч түүний гоо сайхныг бахадна. Сүмийн гүнд алдарт Фидийн урласан Афина эм бурхны баримал ихэмсэг сүндэрлэнэ. Түүний хувцас, дуулга бамбайг шижир алтаар нүүр, гарыг зааны цагаан ясаар урлажээ.

 

 

Түүхэнд гунигтай үйл явдал зөндөө болдог нь маш хачирхалтай. Нэр алдрыг нь мөнхөд дуурсгасан хамгийн гайхамшигт бүтээл нь Фидийн хувь заяанд гай тарьсан нь үнэхээр харамсмаар. Түүнд атаархагчид баримал барихад зориулан гаргасан үнэт зүйлсийн зарим хэсгийг хувьдаа завшсан гэж матаж шүүх Афина эм бурхны алтан хувцасны жинг шалгаж хулгай хийгээгүй болохыг тогтоосон ч мөрдөн мөшгөсөөр байжээ.

 

Гэвч Афина эм бурхны баримал мянга гаруй жил хүн төрөлхтөнийг баясгасаар байна. Фидийн бүтээл үнэхээр төгс төгөлдөр байсан болохоор хотын захирагчид, гадаадын түрэмгийлэгчдээс хэн нь ч түүнийг нурааж зүрхлээгүй өнөөг хүрчээ.

 

Парфеноны сүмийн тухай хэдэн зуун боть ном байдаг. ХҮ зуунд түргүүд түүнийг лалын шашны сүм, ХҮН зуунд дарины агуулах болгожээ. Гэвч 1687 онд болсон түрэгк-венецийн дайны үед венецийн их бууны сум Парфеоны сүмд тусаж хоёр мянган жилийн хугацаанд яг хэвээр байсан бүхнийг ганцхан агшны дотор агаарт хийсгэжээ.