Шекспирын “Хүүхнүүд”

 

Шекспирын хүүхнүүд эр хүнтэй учирч болох хамгийн гайхалтай төгс нэгнээс эхлээд амьдралыг нь үгүй хийж чадах ад чөтгөрийн нэгэн хүртэлх бүх төрлийн эмэгтэйчүүдийн дүр билээ.

Энэ бол Шекспиртэй учирсан, түүний дурласан эмэгтэйчүүд бус түүний сэтгэл, сэтгэлгээнээс гарсан, бий болгосон эмэгтэйчүүдийн тухай юм. Цусаар ангасан, галзуурсан хатан, гэмгүй охины амиа хорлолт, хайрандаа сохорсон бяцхан охины үхэл, гэрлэлтийн хязгаартаа дураар дургигч эхнэр гээд хорвоо дэлхий дээр байж болох бүх төрлийн бүсгүйг Шекспир бүтээжээ. Шекспирын хүүхнүүд эр хүнтэй учирч болох хамгийн гайхалтай төгс нэгнээс эхлээд амьдралыг нь үгүй хийж чадах ад чөтгөрийн нэгэн хүртэлх бүх төрлийн эмэгтэйчүүдийн дүр билээ. Түүний бүтээл туурвилыг судлаачид өөрийн амьдрал, гэрлэлтээс өмнөх болон хойно учирч байсан эмэгтэйчүүдээрээ өөрийн зохиолын эмэгтэйчүүдийн эх болгосон гэж хэлэх арга байхгүй гэцгээх нь бий.

Шекспир судлаач Тина Пакерийн “Уиллиамын Хүүхнүүд” номонд Шекспирын сонетууд, жүжгийн зохиолууд дахь эмэгтэйчүүдийн хувьсалыг гүнзгий судлажээ. Түүний эрт үеийн жүжгийн эмэгтэй дүр зөөлөн араншинтай байснаа дунд үе гэхэд илүү гол дүрийн, эрчтэй болж ирсэн гэдгийг Тина зүгээр нэг онцлоогүй биз. Уилиамын Шекспирыг эмэгтэй дүрүүдээрээ хүйсийн тэгш эрхийг тунхаглагч гэх нэгэн ч бий.

 

Хамгийн энхрий атлаа алдартай нь

Жульетта гэсэн нэрийг сонссон Шекспирын бүтээлийг мэдэх хэн ч бай ариун хайрандаа үнэнч, үзэсгэлэнтэй охин юун түрүүнд санаанд нь буудаг. Ромео, Жульеттагийн хайрын түүх хамгийн гайхалтай хайрын түүх гэгддэг ч яагаад ч юм бэ Ромеогийн дүр Жульеттагын хажууд арай бүдэгрэх шиг санагддаг. Хоёул хамтдаа биш бол өөр хэнтэй ч хамт байхыг зөвшөөрөмгүй хайр. Яаж ч оролдсон эвлэрэхээсээ нэгэнт өнгөрсөн гэр бүлийнхний мөчөөрхөлтэй тэмцэхээс өөр аргагүй болсон залуусын хайрын төгсгөл өдгөө ч дурсагддаг. Амьдралын зовлон бэрхшээлийг огтхон ч үзээгүй хэрнээ зоригтой алхам хийсэн бяцхан Жульетта. Жульттагийн дүр бүрд гэнэн цайлган атлаа гоо үзэсгэлэнтэй, эрмэг охидыг сонгодог жишиг бий гэж хэлэхэд хилсдэхгүй. Шекспирын энэ жүжиг урлагийн бүх төрөлд өнөөг хүртэл туурвигдсаар ирэхэд үзэгчдийн анхаарал Ромеогоос илүү Жульеттад төвлөрдөг билээ.

 

Олон үгтэй Розалинд

Шекспирын жүжгүүдээс хамгийн олон мөрт үгтэйгээрээ ялгардаг гол дүр бол Розалинд юм. Шекспирын хамгийн хүчтэй, гүнзгий санааг илэрхийлдэг Розалинд тухайн үеийнхээ эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч гэдгээрээ илт ялгардаг. Олон үгтэй гэдэг нь үглээ яншаа занг бус өөрийг нь бүтээсэн нэгний эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийг бусдад хүргэхийн тулд тэр олон мөртийг өгүүлэхээс өөр аргагүй юм. Хүчирхэг, эрдэм боловсролтой, өндөр шаардлагатай Розалинд өнөөгийн эмэгтэйчүүдэд ч үлгэр дуурайл үзүүлсэн хэвээр байна.

 

Хошин атлаа хорон үгтэй Беатрис

Бүсгүйчүүдийг шүтэн бишрэгч Шекспир ухаалаг, хүчирхэг эмэгтэйчүүдийг магтан дуулдгаараа нэг цаг үед зэрэгцэн амьдардаг зохиолчдоосоо илт ялгардаг. Үнэн үг үргэлж гашуун байх албагүй, заримдаа ийм үгс хоржоонтой үгсийн ард нуугдаж байдаг. Цаанаа гүнзгий утга агуулсан хурц, цэцэн үгсийг зөвхөн Беатрис л хэлж чаддаг. Улс орныг нь эмэгтэй хүн удирдаж байдаг ч англичууд эмэгтэйчүүдийг хоёрдугаар зэрэгт тавьж, боловсрох эрхийг нь хааж байсан түүхтэй. Гэхдээ алсын хараатай хатны ачаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг эдэлж чадсан эмэгтэйчүүдийн төлөөллийг Шекспир Беатрисаар илэрхийлжээ.

 

Яггүй эмэгтэй Портиа

Өнөөгийн эмэгтэйчүүдийн ч олж авч чадаагүй байгаа зүйлсийн олон зуун жилийн тэртээх Портиан дүрээс харж болно. Ухаалаг, үзэсгэлэнтэй төдийгүй чинээлэг бүсгүй Портиа амжилтаа ахиулахын тулд эсрэг хүйстнийхээ дүрд хувирахаас аргагүй болдог. Тухайн үеийн жүжигчин эрчүүд эмэгтэй хүний дүрд тоглож буй эрийг эрэгтэй болж жүжиглэхийн онцлогийг бид харж чадахгүй нь харамсалтай.

 

Аймшигт Макбет

Түүнийг хайрлах нэгэн гарч ирнэ гэдэг жинхэнэ гайхамшиг болох биз. Учир нь бүгд түүнийг шүүмжилдэг, үзэгчид түүнийг үзэн яддаг. Үнэхээр ч харгис зан, хэрээс хэтэрсэн амбиц нөхрөө цусанд улайрсан алчуурчин болгодог. Хорвоо дээрх 2 хүйсийн хамгийн энэрэнгүй, зөөлөн нь гэгддэг эмэгтэй хүнээс гарамгүй байдлынх нь тайлал болгож түүний эрэгцүүллийг Шекспир туурвисан биз. Хэрэв эрэгтэй байсан бол Хаан Данканыг өөрийн гараар хороох байсан талаарх эрэгцүүллийг өөлөхийн аргагүй. Гэвч нүглийн төлөөсөө Макбет өөрийн биеэр хангалттай эдлэдэг нь Шекспирын үзэгчдийг тайтгаруулах гэсэн оролдлого ч байж мэднэ.

 

Зөрүүд Катерина

Ааш муутай, бүдүүлэг Катериныг уяраах нь бүү хэл зөөлрүүлж чадах эр хүн олдох болов уу. Гэвч ямар ч хүнд, засаж боломгүй гэсэн хүнд ч таарах түлхүүр бий. Ааш муут Катериныг үл тоомсорлох, няцаах, хошигносноороо Петрүчио өөрийн болгож чадна. Зөвхөн өөрийн болгоод зогсохгүй түүнийг дотоод дуу хоолойгоо сонсож, төлөв даруу, ёс суртахуунтай бүсгүй болоход нөлөөлдөг. Ямар ч самар дотроо үртэй байдаг гэдгийн жишээг Шекспирын Катерина илэрхийлжээ.

Зүсэн зүйл, түмэн янзын бүсгүйчүүдийг өөрийнхөөрөө илэрхийлэн гаргахыг оролдсон Шекспирын оролдлогоос бүтэлгүйтсэн, бүдүүн бараг болсон гэх бүсгүй нэгээхэн ч үгүй. Үзэгч, уншигч бүрт өөрөөр бууж, төсөөлөгдөж болох ч Шекспирийн Хүүхнүүд бүхний төлөөлөл болж чаддаг. Цаг хугацаа улиран одовч эмэгтэйчүүдийн мөн чанар хувцас шигээ олон хувирсан нь үгүй.

 

Л.Сонсгоод