ХҮҮХЭД НАС урт байх тусам ОЮУН УХААН илүү хөгждөг

 

 

Хүмүүс бид аргалийг хонь, чоныг нохой, бодонг гахай болтол нь гаршуулсан.
Зэрлэг амьтад тийнхүү "хүнд дасах" өөрчлөлтийн цаана

– Хүн яагаад үсрэнгүй хөгжиж чадсан бэ?
гэсэн  асуултын хариултад түлхүүр болохуйц,   өнөөгийн генетикийн суурь ойлголтыг дахин шинэчлэх хэмжээний том нууц агуулагдаж байдаг аж.

Амьтдын хувьсал "генийн гэнэтийн өөрчлөлт" буюу мутацийн замаар явагддаг гэдэг нь өнөөгийн генетикийн суурь ойлголт юм.

Гэтэл мутаци үүсэх магадлал "100 саяд 1 удаа" буюу туйлын ховор тохиолддог. Дээр нь мутац болгон амжилтанд хүрдэг үү гэвэл үгүй. Тэгэхээр ийм өөрчлөлтийг хүлээвэл амьтдын хувьсалд тоймгүй их цаг хугацаа шаардагдах болно.

Одоогийн байдлаар хүний хөгжил байтугай нохойны хөгжлийг ч бүрэн тайлж чадаагүй байна. Гэтэл нохой бол ердөө 15,000 жилийн өмнө чононоос салаалсан өөрчлөлт шүү дээ.

 

 


Оросын Шинжлэх ухааны академи хувьсал ба мутацийн асуудлыг нухацтай судалж иржээ. Тэд зэрлэг үнэгийг тэжээвэр амьтан болгох туршилт хийж.
Ердийн зэрлэг үнэг бол туйлын сонор сэрэмжтэй амьтан бөгөөд, хүнийг бол нэг нүдээрээ ч үзэхгүй. Барааг нь харах төдийд л чавхдаад өгнө, буланд шахаад барих гэвэл бүр буцаж ноцно.

Гэхдээ төрөлхийн ийм хажиг үнэгнүүд дунд тун ховор тохиолдлоор "хүнээс айдаггүй" үнэг бас байна. Оросын академи тийм үнэгнүүдийг түүж цуглуулаад, хооронд нь үржүүлсээр "нохой шиг" үнэг гаргаж авсан аж.

Энэ судалгааг бүр анх социализмын үед Дмитрий Константинович Беляев гэгч эрдэмтэн эхлүүлсэн түүхтэй.

 



Хуучин Зөвлөлтөд үнэгний арьсан пальто хийхийн тулд үйлдвэрт зэрлэг үнэг тэжээдэг байв. Тэдний дунд ганц нэг хүнээс айдаггүй үнэг байхыг Беляев ажиглаад
– Мутаци биш байгаа?
гэсэн эргэлзээ төрж, юутай ч тэдний генийг судалъя гэж бодсон юм байх.

Гэтэл тухайн үеийн Сталины Орос ген гэдгийг огтоос хүлээн зөвшөөрсөнгүй. "Төрөлхийн үл хувирах ген" гээчийг хүлээн зөвшөөрчих юм бол хүмүүс юунд ч чармайх зүтгэлгүй болно гэж болгоомжилсон хэрэг. Ингээд үнэгний генийг судлах гэсэн Беляевийн судалгааг хүчээр зогсоов.

Тэгж байтал Сталины хамгийн их ач холбогдол өгч байсан газар тариалангийн салбарын мэргэжилтэн Трохим Денисович Лисенко гэгч гарч ирэн, генийг бүх талаар үгүйсгэж "хичээл зүтгэл байвал юунд ч хүрч болно" гэсэн үзэл дор өвөл суулгадаг учиртай буудайн үрийг хавар суулгах гэж оролдож гэнэ. Мэдээж оролдлого бүтэлгүйтэж, Зөвлөлтийн газар тариалан Лисенкогийн удирдлага дор навс унав.

Ингэж явсаар Сталин ч үхэж, Лисенко ч үхэж, Зөвлөлт засаг бага багаар генийг хүлээн зөвшөөрдөг болж, Беляевт судалгаагаа дахиж эхлүүлэх боломж олдсон гэдэг.

 



Тэгтэл уг судалгааны сүүлийн үеийн үр дүн тун сонирхолтой болж иржээ. Хүнд элэгтэй үнэгнүүдийн үр төл үржих тусам түүн доторхи хүнд элэгтэй үнэгний хувь хэмжээ ихсээд ирж. 6 дахь үеийн үр төл дотор 1.8% байсан нь 50 дахь үе дээрээ ирэхэд 85% хувьд хүрэв. Энэ бол "100 саяны 1"–д болдог генийн мутациар тайлбарлахын аргагүй өндөр хурд юм.

Тэжээвэр болсон үнэгэнд сүүл нь цагираглах, чих нь соотойх, толгой нь булцайх гэх мэтийн нийтлэг шинжүүд ажиглагдав. Тэжээвэр болсон нохойнуудад ч бас ийм шинж байдаг. Үнэндээ эд бол үнэгний гаварт  байдаг шинж тэмдэг юм. Өөрөөр хэлбэл хүнээс айдаггүй үнэг гэдэг нь том болсон ч хүүхдээрээ байгаа үнэгнүүд ажээ.  Амьтад нас бие гүйцэхийн хэрээр стрессний гормон ихээр ялгаруулах болдог. Тэгээд түүнийхээ ачаар сонор сэрэмж нь өндөрсөж, гаднаас биеэ хамгаалдаг аж. Жишээ нь чоно гэхэд төрөөд 5 дахь 7 хоногоосоо сонор сэрэмжтэй болж эхэлдэг.

Тэгтэл тэжээвэр амьтдын сонор сэрэмж нь олигтой  хөгждөггүй бөгөөд тэр чигтээ "хүүхдээрээ" л яваад байдаг гэнэ. Тийм амьтад юунаас ч айдаггүй. Арслангийн зулзага ч гэсэн муур шиг л хүнд дасдаг.

 



Хүүхэд гэдэг туйлын сониуч зантай тул анх удаагаа харсан юуг ч бай тойроод өнгөрч тэсдэггүй. Тийм шинж чанар нь оюун ухааны хөгжилд маш чухал  нөлөө үзүүлж , шинэ болгоныг дор нь өөриймшүүлдэг. Үүнийг та бусдаар хэлүүлэлтгүй өөрийн хүүхэд дээрээ ч хангалттай ажигласан биз. Хүний хүүхдийн тархины хөгжил гайхалтай хурдан бөгөөд гадаад хэлийг ямар ч том хүнээс хурдан сурах чадвартай байдаг.

Гэвч нөгөө талаар хэт сонор сэрэмжгүй байдал нь аминд халтай тул ямар ч амьтдын хувьд хүүхдийн сониуч хандлагаар оюунаа хөгжүүлэх хугацаа дуусах өдөр ирж, , түүнээс цааш биеэ хамгаалах талдаа түлхүү хөгжөөд явдаг.

 

 


Харин тэжээвэр болсон амьтдын хувьд хэзээд аюулгүй орчинд байх тул хөгширтлөө хүүхэд хэвээрээ байж чаддаг байна. Түүнийгээ дагаад оюуны хөгжил ч эрс хурдасдаг бөгөөд үнэг хүртэл нохойноос дутахааргүй сургуультай болж чаддаг гэнэ.


Эдгээр өөрчлөлтүүдийг "генийн өөрчлөлт" бус, "Epigenetics өөрчлөлт" гэж үзэж байгаа юм. Epigenetics гэдэг нь "генийн (genetic) гадна тал, цаад тал (epi)" гэсэн утгатай буюу, генийг өөрийг нь биш "генийн үйл ажиллагаа"–г заасан нэршил юм.

Компьютерээр зүйрлэвэл генийг компьютрийн эд анги (hardware) гэвэл эпигенетик нь түүнд суулгасан програм хангамж (software) гэсэн үг. Тэгэхээр генийн өөрчлөлт буюу мутаци нь компьютрийг өөрийг нь өөрчлөх, эпиөөрчлөлт нь програм хангамжийн шинэчлэлт (update) гэсэн үг болно. Мэдээж  ийм төрлийн өөрчлөлт мутациас хамаагүй богино хугацаанд өрнөх боломжтой тул, мөнөөх үнэгнүүд дээр явагдсан өөрчлөлтийг эпигенетиктэй холбоотой гэж үзэж байгаа юм.

 



Энэхүү эпигенетик гэх ойлголтыг хүн болон шимпанзе хоёрыг харьцуулахад ч ашиглаж болно.

Хүн, шимпанзе хоёрын ген нь 98% хүртэл ижилхэн гэдэг. Ердөө хоёрхон хувиар зөрдөг хэрнээ яагаад хоорондоо ийм өөр байна вэ?


Судлаачид үүнийг мөн л эпигенетиктэй холбож үзэж байна.

Хүний "хүүхэд нас"  шимпанзегийнхээс хамаагүй урт. Хүний хүүхдийн дэргэд шимпанзегийн хүүхэд дороо нас бие гүйцэж, оюуны өсөлт нь ч тэгэсгээд зогсдог. Энэ хоёрын оюуны чадавхийн зөрөөг үүсгэж байгаа нь "хүүхэд насных нь хугацааны урт" аж. . Тэгэхээр  хүүхэд нас урт байх тусмаа, оюун ухаан илүү өндөр хөгждөг байх нь.




Тэжээвэр амьтдаас иргэншил хэрхэн үүссэн тухайд ч сонирхолтой хариултууд олж харж болдог.

Магадгүй анхдагч хүмүүс  өнөөгийн биднээс илүү сонор сэрэмж өндөртэй байсан биз  (аягүй бол эртний хүмүүс амьтдаас дутахгүй газар хөдлөлтийг мэдрэх зөнтэй ч байсан байж мэднэ). Тийм сонор сэрэмжтэй хүмүүс харилцан нэг нэгнээсээ хүртэл болгоомжлоод байвал харилцаа болон иргэншил үүсэхэд хэцүү. Харин тийм өндөр сонор сэрэмжтэй хүмүүс дунд ганц нэг хүүхдээрээ нөхөд байсныг  үгүйсгэх газаргүй. Тэдгээр маанагдуу нөхдөөр дамжуулж хүний нийгмийн харилцаа холбоо өргөжсөн байж болох юм гэсэн санаа.

Чонын зарим үр удам  нохой болсон нь ч гэсэн тохиолдлоор хүн дээр ирсэн цөөн тооны хүүхдээрээ чононуудаас эхтэй байж ч мэднэ. Дашрамд хэлэхэд чоно нохой хоёрын ген нь 100% ижилхэн гэдэг.

 



"Хүүхдээрээ" гэх үгэнд юм мэдэхгүй, нялхаараа маягийн нэг талаар басамжилсан өнгө аяс агуулагддаг үнэндээ "хүүхдээрээ" хүмүүсийн ачаар бид өдийг хүртэл хөгжиж ирсэн байж ч мэдэх нь ээ.

Монголчуудыг элэгсэг дотно, орчиндоо дасамтгай, гэнэн итгэмтгий гэх зэргээр ярьдгаас үзвэл бид харьцангуй "хүүхэд зантай" ард түмэн байж магадгүй юм. Хэрэв тийм бол энэ нь бидний харин ч сайн зүлгэж тордвол зохих хамгийн том давуу тал ч юм билүү.

100-хан жилийн дотор европ алхаа сурч, 20 жилийн дотор америк сэтгэлгээ суусан бидний нүүдэлчид, бусдыг хардаж хавчих зандаа дийлдээд сониуч зангаа гээчих вий дээ.

 



Сонор сэрэмж гэдэг амьд явахад тустай ч хөгжин дэвшихэд чөдөр болно.
– Хэрхэн болгоомжтойгоор сониучирхах  вэ?
гэдэг л
"Хөгжих үү, хоцрох уу"- г шийдэх торгон зааг бололтой.