Америк цэргүүдийн харгислал

 

Дэлхийн өнцөг булан бүрт бидний мэдэхээс авахуулаад мэдэхгүй хүртэлх өчнөөн дайн тулаан болж байсан билээ. Улс орны эрх ашиг, их гүрний түрэмгийлэл, дарангуйллын үр дүнд энгийн иргэд хамгийн их хохирч үлддэг нь хамгийн эмгэнэлтэй юм. Харин 1990 оны ардчиллын ачаар бидний нүд нээгдэж, холливуудын кино ертөнцөд хошуурч эхэлснээсээ хойш америкчуудыг өөрийн эрхгүй "сайн талын баатар"-ын дүрээр төсөөлдөг болсон нь нууц биш ч гэлээ, бидний бэлтгэсэн энэхүү нийтлэлийг уншаад энэ бодол тань орвонгоороо өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй юм. 

 

"My Lai"-ийн устгал

1968 оны эхээр Вьетнамын Куан Най муж дахь Америк цэргүүд "Vietcong" буюу Вьетнамын цэргийн тэсрэх бөмбөгөнд өртжээ. Үүнээс болоод АНУ-ын 23-р явган цэргийн ангийн 100 орчим байлдагч "My Lai" тосгонд нуугдаж байгаа "Vietcong"-уудыг устгах тушаал авсан байна. Тосгоны иргэд цэрэг ч байна уу, "Vietcong"-ийн дэмжигчид ч байна уу ялгаагүй бүгдийг нь хөнөөж, байшин барилга, мал сүргийг нь устгах ёстой байжээ. 3-р сарын 16-ны өглөө АНУ-ын цэргүүд "My Lai"-д нисдэг тэргээр газардаж, ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй эр, эм, хүүхэд, хөгшдийг автомат буугаар шүршин, гар бөмбөг тэслэн хядаж гарсан аж. Байшингуудыг нь шатааж, галаас амь зулбан гарч ирсэн иргэдийг өршөөлгүй буудан хөнөөж байв. Гэхдээ тэд зүгээр ч нэг алчихсангүй. Үүний нэг нотолгоо нь АНУ-ын цэргийн сэтгүүлч Роналд Хэберли (Ronald Haeberle)-ийн авсан доорх зураг юм. Зурагны баруун талд зогсож байгаа залуу эмэгтэй цамцаа тайлж байгааг та харж байгаа биз ээ.

Хэберлигийн мэдэгдсэнээр цэргүүд эмэгтэйг хувцсаа тайл гэж тушаасан бөгөөд бүсгүйн ээж нь бололтой зурган дээрх настай эмэгтэй энэ увайгүй үйлдлийг зогсоохын тулд тэднийг маажиж, самардаж, өшиглөж, цохиж, чадлаа шавхан тэмцэж байжээ. Харин Хэберли болон өөр нэгэн сэтгүүлчийн ирэх бараанаар цэргүүд эл бэлгийн хүчирхийллээ зогсоосон байна. Гэвч сэтгүүлчийг холдон явмагц цэргүүд "M-60" автомат буугаар шүршин, зурган дээрх иргэдийн бүгдийнх нь амийг хөнөөсөн аж. Хядлагын үеэр бэлгийн хүчирхийлэл маш ихээр гарснаар зогсохгүй, тэр дунд нь 10 настай охин хүртэл байсан аж.

Гэвч эл явдлыг тулалдаан болж, 128 "Vietcong", 22 жирийн иргэн галд өртөж амь насаа алдсан гэж АНУ-ын цэргийн тайланд бүртгэсэн юм. АНУ-ын засгийн газар хэргийг огт мөрдөөгүй боловч конгрессийн 30 гишүүнд аймшигт хядлагыг мэдэгдсэн захиа нэг дор ирснээр 26 цэрэгт хэрэг үүсгэсэн билээ. Гэвч тэднээс ердөө нэгт нь буюу дэслэгч Уиллиам Калли (William Calley)-д 3,5 жил гэрт нь хорих ял ноогдуулснаар дуусгавар болсон юм. Дараа нь Ерөнхийлөгч Ричард Никсон (Richard Nixon) түүнд өршөөл үзүүлж, ялыг хүчингүй болгожээ. 

 

 

"Wounded Knee"-ийн устгал

"Little Big Horn" дахь тулалдаанд ялагдсанаасаа хойш Америкийн уугуул иргэд болох индианчуудын Лакота овог АНУ-ын засгийн газрын хараан дор 14 жилийн турш амьдарчээ. Хатуу чанд хяналтанд байхыг хүсээгүй "Сууж буй бух" нэртэй овгийн ахлагч Лакотачуудыг дагуулан зугтахыг оролдох үеэр Индианчуудыг хариуцсан Цагдаагийн хэсэг баривчилгаа явуулсан ч, буудалцаан гарч "Сууж буй бух" нас барсан юм. Үүний дараа толгойлогч болсон "Толбот Хандгай" хүүхэд, эмэгтэйчүүд бүхий 300 орчим овгийнхноо дагуулан тайван замаар бууж өгөх найдлага тээн, "Wounded Knee" голын цутгалан руу явсан аж.

Гэтэл 1890.12.29-ний өглөө АНУ-ын цэргүүд индианчуудын буудлыг бүслэн, "Hotchkiss" маркийн автомат буу зоогоод зэвсгээ хураалгахыг шаарджээ. Нэг индиан буугаа өгөхгүй гэснээс болж гал нээснээр зэвсэгтэйгээ байсан цөөн тооны индиан эрс болон морьт цэргийн салаа хооронд буудалцаан эхэлсэн байна. Бүрэн зэвсэглэсэн АНУ-ын цэргийн салаатай гар мухар индианчууд хүч тэнцэхгүй тул хүүхэд, эмэгтэйчүүд нь амь зулбан зугтахыг оролдсон ч, Америк цэргүүд тэдний араас элдэж, хайр найргүй хядсан билээ. Буудалцааны үеэр 150 орчим Лакота овгийн хүүхэд эмэгтэйчүүд хөнөөгдсөн бол өөрсдийнхөө "Hotchkiss" бууны галд өртөж, 25 Америк цэрэг нас барсны хорьд нь байлдааны гавъяаны одон нөхөн шагнасан түүхтэй. 

 

Дрезден (Dresden)-ий сүйрэл

1945.02.13-нд Англи-Америкийн хамтарсан нисэх хүчин Германы Дрезден хотыг бөмбөгдөх "Thunderclap" нэртэй ажиллагааг эхлүүлжээ. Германы бусад хотуудтай адилгүй Дрезден хот нь цэрэг, аж үйлдвэрлэлтийн хувьд ашиг тус багатай, эртний үзэсгэлэнгээ хадгалсан, соёлын үнэт өв байсан тул бөмбөгдөлтийн гадна үлдэж чаддаг байсан юм. Гэвч олон тооны хүн хоргодож байсан тус газрыг устгаснаар сэтгэл зүйн томоохон дайралт болно гэж тооцсон тул холбооныхон гурван өдрийн турш хотын дээрээс 2400 тонн тэсрэх бодис, 1500 тонн тэсрэх бөмбөг хаяжээ. Эл явдлыг "Галт шуурга" гэж нэрлэдэг бөгөөд бүх агаараа соруулчихсан халуун там аятай хот тэр аяараа дүрэлзэн шатсан юм. Дрезден үнсэн товрог болсноос болоод хохирогчдын тоог баттай гаргахад хүндрэлтэй байдаг тул 25000-35000-ийн хооронд гэж тун ерөнхий байдлаар багцаалдаг ажээ. 

 

Пат Тиллман (Pat Tillman)-ы хэрэг

2004.04.22-нд Пат Тилман гэгч АНУ-ын байлдагч Афганистанд даалгавар биелүүлж явахдаа амиа алдсан юм. Тэрбээр мэргэжлийн хөл бөмбөгийн тамирчин байсан ч, 9-р сарын 11-ний аймшигт халдлагаас болоод цэрэгт элссэн байжээ. Гэвч түүний үхэл Иракийн дайн, "Abu Ghraib" шорон зэрэг томоохон дуулиантай зэрэгцэж орхисон тул АНУ-ын цэргийн хүчин, Бушийн (Bush) засгийн газар түүний үхлийн шалтгааныг зориудаар нууж, баатарлаг нэгэн гэсэн талаас нь олонд харуулсан байна. Тиллман 9 метрийн зайнаас духандаа гурван сум зоолгож нас барсан нь олон жилийн хойно ил болсны зэрэгцээ хантааз, дүрэмт хувцсыг нь шатааж, устгасан байв. 

Генерал Стэнли МакКристал  (Stanley McChrystal) 24 цагийн дараа Тиллманыг өөрийн талынхандаа алуулсныг мэдсэнээр барахгүй удирдах дөрвөн албан тушаалтанд нь сануулга өгсөн хэрнээ "Тиллман дайсны нуувчийн ойролцоо отоонд орсон ч, салааныхныгаа аюулгүй байрлалд очиж, дайсны байрлалыг мэдэх хүртэл нөхдөө галаар хамгаалж, амиа зольсон баатар байлаа" хэмээн тайланд бичиж, "Мөнгөн од" одонгоор нөхөн шагнажээ. Тиллман өөрийнхнийхөө гарт амиа алдсан уу, эсвэл бүр аймшигтай учир шалтгааны улмаас хөнөөгдсөн үү гэдгийг хэзээ ч тогтоож чадахгүй биз ээ. 

 

Андерсонвил (Andersonville)-ийн там

1864 онд Хойд Америкийн засгийн газар Өмнөдийн хоригдлуудыг Ричмонд (Richmond)-оос Жоржиа мужийн Андерсонвил рүү нүүлгэхээр болжээ. Яаруу сандруу барьсан, 4,5 метр өндөр хашаатай, задгай хорих газар 45000 хоригдлыг шилжүүлсэн бөгөөд хэрэмнээс 5,7 метрийн зайд буюу "Үхлийн бүс"-д нэвтэрсэн хоригдлыг харуулууд үг сөггүй буудан хороодог байв. Хорих газрын төв хэсэг дэх ганцхан газар ойролцоох голын нэг салаа орж ирдэг байсан нь хорих газрын цорын ганц усны эх үүсвэр байсан тул төд удалгүй бохирджээ.

1864 оны 8-р сар гэхэд 10000 хүний багтаамжтай шоронд 33000 хоригдол хоригдож байв. Хоригдлуудын эрүүл мэндийн байдал тааруу, хоол хүнсний хомсдолтой байсны зэрэгцээ хатуу чанга дэглэм, эмчилгээ тордолгоо муутай байснаас мянга мянгаараа үхэж байжээ. Нэг жил 2 сарын хугацаанд 13000 хүн нөгөө ертөнцөд одсон бөгөөд дайны дараа лагерийн дарга Хенри Вирц (Henry Wirz) ял хүлээсэн ажээ. 

 

 

“San Patricios”-ийн цааз

1846 онд АНУ Мексикт дайн зарлажээ. Энэ үеэр Католик шашинтайгаасаа болоод Протестант шашинт офицеруудынхаа гарын шүүс болдог байсан Ирландын цагаачид зугтаж, Мексикийн цэрэгт элссан юм. Мексикийн засгийн газар ижил шашинтай хоригдлуудыг цуглуулж, Ирландуудад нэмж өгөөд нийт 100 орчим хүнтэй нэгтгэл байгуулж, "San Patricios" гэж нэрлэн, Жон Райли (John Riley)-аар удирдуулжээ.

1847 оны 8-р сард болсон тулааны үеэр тэд илт давуу дайснууддаа бут цохиулсан ч, Америкчуудад бууж өгөөд юу хүртэхээ мэдэж байсан тул оргодлууд удтал тэссэний эцэст сум нь дууссан тул яах ч аргагүй бууж өгчээ. Нийт 85 "San Patricios" баригдсанаас тавийг нь оргодол гэсэн ял оноон, дүүжилсэн нь АНУ-ын түүхэн дэхь хамгийн олон цаазын ял болсон юм. Мексикийн засгийн газар Жон Райлигийн төрсөн нутаг болох Ирландын Клифденд дурсгалыг нь хүндэтгэн хөшөө босгожээ. 

 

Иракийн цагаан фосфор

2004 оны 12-р сард Америк Английн цэргийн анги Иракын босогчид орогнож байсан Фалуяад "Thunder Fury" нэртэй ажиллагаа явуулжээ. Фаллуяад битүү бэхлэлт босгосон байсан тул Иракийн 40000 энгийн иргэд дүрвэж чадалгүй үлдсэн байснаас 12-р сарын 23-нд 2000 "босогчид" алагдаж, 1500 нь баригдсан бол 800 энгийн иргэд үхсэн гэсэн тооцоо гарчээ. Удалгүй Европын хэвлэл мэдээллийнхэн АНУ-ын цэргүүд тулаанд цагаан фосфор ашигласан гэж шуугиж эхэлсэн юм.

Цагаан фосфор нь өтгөрүүлсэн бензинтэй төстэй, тэсрэх бөмбөг болгон ашиглаж болдог хор хөнөөлтэй эд болохын зэрэгцээ олон улсын хуулиар цэрэг дайны үеэр хэрэглэхийг хориглосон байдаг аж. Мэдээж АНУ-ын цэргийн хүч үүнийг эсэргүүцсэн боловч цэргийн сэтгүүл дээр цагаан фосфор ашигласан тухай мэдээ нийтлэгдэж орхижээ. Гэсэн ч АНУ-ын иргэд хүртэл эл явдлыг нь буруушааж байхад АНУ-ын зэвсэгт хүчин цагаан фосфор химийн зэвсэг биш учраас ямар ч хууль зөрчөөгүй гэж мэдэгдсэн билээ. 2010 онд химийн зэвсгийн  нөлөөгөөр Фалуяад ургийн гажилт ихэссэнээр Англи улсын эсрэг хэрэг үүсгэсэн бол АНУ халдашгүй хуулиар хамгаалагдсан байжээ.

 

Филиппин АНУ-ын дайн

Филиппин улс 1899.06.02-нд АНУ-ын эсрэг дайн зарласан бөгөөд Америкчууд дэндүү харгис хэрцгий байжээ. Нэг цэрээг АНУ-ыг сенаторт бичсэн захиандаа: "Би хэзээ ч хамаагүй офицеруудын гарыг үнсэн, өвдөг дээрээ сөхрөн өршөөл эрж байгаа хоригдлуудыг зодох ёстой болдог. Дараа нь хөөрхий хохирогчдын толгойноос нь хөл хүртэл нь хүлээд толгойг нь онгоцтой усанд дахин дахин дүрдэг. Үүний эцэст тэд хурдан алаад өгөөч гэж гуйдаг байсан" гэж бичжээ. Мөн АНУ-ын генерал Жэйкоб Смит (Jacob Smith) "Надад хоригдол хэрэггүй. Би та нарыг бүгдийг нь алж, шатаамаар байна. Хичнээн олныг ална, төчнөөн их надад сайхан байх болно" гэснээс гадна АНУ-ын эсрэг сэтгэл өвөрлөсөн гартай хөлтэй арваас дээш насны хүн бүгдийг алах ёстой гэсэн тушаал гаргаж байв. 

 

Галзуу толгойлогчийн аллага

Лакотагийн ахлагч дундаас "Галзуу Морь" хамгийн аюултайд тооцогддог байжээ. 1877 оны 9-р сард АНУ-ын генерал Жорж Крук (George Crook) "Fort Robinson" нэртэй газар түүнтэй уулзах санал тавьсан байна. 9-р сарын 5-ны үд дунд "Галзуу Морь" хэдэн нөхдийн хамт зөвлөгөөн болно гэж товлосон газар ирсэн ч, генерал харагдахгүй байжээ. Чингээд тэрбээр байшин руу явж орсон бөгөөд шоронгийн торыг шуудхан олж харсан байна. Тэр дорхноо хутгаа сугалан, зугтахыг оролдсон ч, араасаа хутгалуулан нас баржээ. 

 

"Abu Ghraib" -ийн тамлагаа

Иракийн хоригдлуудыг тамлан зовоодог байсан гэж сэжиглэдэг байсан ч, 2004 оны 4-р сард 60 минутын нэвтрүүлэг олонд цацагдсанаар ил болсон юм. Иракийн хоригдлуудыг тарчлааж, нүцгэлж, сэтгэл зүйн хувьд тамлан зовоодог байжээ. Зурган дээрх Али Шалал аль-Каси (Ali Shallal al-Quasi) "Намайг  хайрцганд хийгээд гарах юм бол тогоор цохиулна гэдэг байсан" гэж мэдэгджээ. "Abu Ghraib" шоронд түүнийг нүцгэлж, шагайгаар нь хүлээд олсон шатаар авирахыг тушаадаг байсан гэнэ. Унах юм бол бууны бөгсөөр зоддог байсан бөгөөд суллагдсаныхаа дараа тэр бие болон сэтгэлийн шархаа эмчлүүлэхийн тулд 6 хагалгаанд орж байжээ. Шоронгийн ажилтнуудад хөнгөн ял оноосон бөгөөд хамгийн ихдээ 6,5 жил хоригдох ял авсан боловч нэг жилээс илүүгээр хоригдоогүй байна. 

 

Солонгосын дайн

1950 онд Хойд Солонгосчууд Өмнөд Солонгос руу дайрч АНУ-ын цэргүүд энэ дайнд оролцжээ. Харин 7-р сарын 26-нд "No Gun Ri" гүүрийн ойролцоо хамгаалж байсан АНУ-ын цэргүүд дээр эмэгтэйчүүд хүүхдүүд бүхий дүрвэгчид ирсэн ч, бүгдийг нь хөнөөж орхисон бөгөөд нийт үрэгдэгсдийн тоо 300 орчим байжээ. 

 

 

Франц дахь Америк цэргүүд

1944.06.06-нд Нормандын далайн эрэг дээр газардахад Францад энх тайван тогтоохоор ирсэн баатар адил угтан авчээ. Харамсалтай нь Америк цэргүүд Европт хөл тавьсан цагаасаа эхлэн ёс бус загнаж эхэлсэн юм. Америк цэргүүд хоригдол авахгүй гэсэн тушаал асан байсан тул шархадсан, олзлогдсон Герман цэргүүдийг шууд хороодог байв. Хамгийн аймшигтай нь тэд нутгийн бүсгүйчүүдийг хүчирхийлж, доромжилдог байсан ба 153 цэрэг хүчингийн хэргээр ял сонсож, 29 нь дүүжлүүлсэн байна. Францууд Герман цэргүүдээс эрчүүдээ нуух хэрэгтэй болдог байсан бол Америкчуудаас хүүхнүүдээ нуух шаардлагатай гэж ярьдаг байжээ. 

 

Шерман (Sherman)-ы марш

Шерманы алдарт "Далайн марш" нь Жоржиагаас Өмнөд Каролина хүртэл замдаа аль болох олон хүн алах зорилготой байжээ. Генералын цэргүүд тушаал хүлээлгүй айлд орж, галдан шатаадаг байв. Шерманы талаар нэг эмэгтэй" "Тэд манай гал тогоо, пийшин, байшин гээд л замдаа тааралдсан бүгдийг утсгасан. Нүд ирмэхийн зуурт зооринд минь байсан гурил, мах, өндөг, өргөст хэмх, цагаан цуу, дарс, дарсан ногоо гээд бүгд л алга болсон. 18 цацагт хяруул, тахиа, гахайнуудыг маань тэд буудсан" гэжээ. Шерман өөрөө эл үйлдэлдээ огтхон ч гэмшиж харамсаагүй бөгөөд "Бид зөвхөн цэргүүдтэй тулалдаагүй. Хөгшин залуу, баян ядуу гээд л бүгдтэй нь зохион байгуулалттай цэргүүд байгаа юм шиг тэмцэнэ" гэж бичиж байжээ. 

 

Окинавагийн цэргүүд

2016.05.19-нд Окинава арал дээр АНУ-ын усан цэрэг асан Кеннет Шинзато (Kenneth Shinzato) 20 настай Япон эмэгтэйг зэрлэгээр хүчирхийлж, хөнөөсөн хэрэгт ял сонсчээ. Үүнээс хэдхэн долоо хоногийн өмнө хүчин үйлдсэн үй  олон хүнийг баривчилж байсан бөгөөд Окинавагийн иргэд АНУ-ын цэргийн баазыг хаахыг шаардаж байжээ. Окинава арал дээр АНУ-ын цэргүүдийн үйлдсэн нийт 500 орчим хүнд ноцтой гэмт хэрэг бүртгэгдсэнээс 120 нь хүчин байсан юм. 

 

2007 оны нисдэг тэрэгтэй дайралт

Багдад хотын гудамжинд АНУ-ын хоёр нисдэг тэрэгнээс энгийн иргэд рүү галлаж байгаа бичлэг 2010 онд ил болсон юм. Бичлэгэн дээр нисдэг тэргэн доторх хүмүүс энгийн хувцастай босогчид гудамжинд зогсож байгаа талаар ярьж байсан боловч тэдгээр хүмүүс босогчид биш гэдэг нь ойлгомжтой байжээ. Эхний дайралтаар 22 настай ройтерс агентлагийн сэтгүүлч Намир Ноор-Элдийн (namir Noor-Eldeen)-ийг оролцуулаад 7 хүн хөнөөсөн байна.

Үүнийхээ дараа буудсан хүн: "Хаха, би оночихлоо" гэсэн бол нөгөөх нь: "Тэглээ, энэ үхдэл болсон новшнуудыг харааач" гэж хэлдэг аж. Ройтерсийн шархадсан нөгөө сурвалжлагч машины араар орох гэж мөлхөж байгааг хараад хоёр дахь дайралт эхэлжээ. Сэтгүүлч болон машины жолооч хоёул үхсэний зэрэгцээ машины урд сууж байсан 2 хүүхэд хүнд шархадсан байна. Ойролцоох байшингийн дээвэр дээрээс пуужин харвасан гурав дахь дайралтаар дахин 7 энгийн иргэн үхжээ. Гэсэн ч АНУ-ын цэргийн хүч хөнөөгдсөн хүмүүсийг босогчид байсан гэж мэлзсээр байсан юм.